Нисч байгаа онгоцонд “шалгалт” хийжээ

2016 оны 2 сарын 24

Сар шинийн баярын өдөр буюу хоёрдугаар сарын 13-нд МИАТ компанийн Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн онгоцоор нисч явсан Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар суудлын зэрэглэлээ голж, нисэх цагийг 30 минутаар саатуулсан тухай дуулиан дэгдээд байсан. Энэ асуудалд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр тайлбар хийж, онгоц саатуулаагүй болохоо мэдэгдэв. Онгоцны тийзийн зэрэглэлээ ч голоогүй юм байна, зөвхөн ажлыг нь шалгахаар шийдэж гэнэтийн шалгалт хийсэн ажээ.

Шалгахын тулд онгоцны экипажийн даргыг ирж уулз хэмээн дуудсан аж. Нислэг үйлдэхийн өмнө экипажийнхан аюулгүй байдал хангагдсан эсэхийг дахин нягтлах ёстой.  Нислэг үйлдэнэ гэдэг морь унаад хээр талд давхихтай адилгүй. Хэдэн зуун зорчигчийн амь нас аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой. Энэ бол тэдний үүрэг нь.

Харин төрийн түшээд аюулгүй байдлыг шалгах гэж байгаа юм бол яагаад заавал ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүнийг дуудах ёстой гэж. Тэгээд бүр дуудахад нь ирсэнгүй гэж МИАТ компанийн захирал, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, Зам тээврийн сайд нар луу утас цохисон болж таараад байгаа. “Танай нисэх экипажийн даргыг дуудуултал ирэхгүй байна” гэдэг “хов зөөх” гэж байгаа хэрэг үү.

Нөгөө талаас тэдний утсаа аваагүй нь ажил үүргээ гүйцэтгэж байсан экипажийн даргыг буруутгах үндэслэл бас биш л болов уу.

Ер нь тэгээд иймэрхүү дуулианд түшээд нэр холбогдоход эцсийн дүндээ ямар ч буруу үйлдэл хийгээгүй болж үлддэг нь жам болсон доо.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна