Залуучуудын футзалын УАШТ өнөөдрөөс эхэллээ

2016 оны 2 сарын 24

Сонирхогчдын футзалын УАШТ хөшгөө нээлээ. 19 хүртэлх насны шилдэг 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Өнөөдөр хуваарийн дагуу тэмцээний “А”, “В” хэсгийн багууд эхний тоглолтоо хийлээ. Эхний тоглолтыг Мөнхбат дасгалжуулагчтай “Инх” болон “Шинэ Яармаг” багууд хийж үндсэн цагт 7-4 харьцаатай “Инх” баг хожил байгууллаа.  Хэсгийн тоглолт бүхэн чухал учир залуучууд ширүүн тоглолтыг гаргаж байлаа. Хожил байгуулсан “Инх” дараагийн тоглолтоо Баасан гарагийн 14:00 цагаас Эрчим клүбтэй хийх болно.

Тэгвэл энэ хэсгийн нөгөө нэг тоглолтонд “Эрчим” болон “Улаанбаатарын Унаганууд” багуудын хооронд боллоо. Идэрчүүдийн тэмцээнд тус хоёр баг мөн л нэг хэсэгт орж тун чиг өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүлж байсан билээ. Тоглолтын 5 дахь минутанд гурван ч гоол бүртгэгдлээ. Эхний хагасын үр дүн 3-3-аар тэнцүүхэн өндөрлөсөн.  Шийдвэрлэх үе эхлээд ердөө эхний минутанд “Эрчим” клүбийн Б.Мөнхтүвшин багтаа дахин тэргүүллийг авчирсан юм.  Дөрвөн минутын дараа харин Б.Хатанбаатар тоглолтыг тэнцүүлсэн. Өгөө аваатай уг тоглолтын эцсийн үр дүн 5-5 гэсэн тэнцээгээр дууссан байна. Ийнхүү “Инх” клүб 3 оноотой харин Унаганууд болон Эрчим клүбүүд 1 оноотой энэ хэсэгт бичигдэж байна.

Тэмцээний “В” хэсэгт хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох “Дэрэн” клүб багтсан байгаа. Тэд өнөөдөр “Континентал” багтай тоглож 12-2 харьцаатай ялжээ. Г.Нямбаяр энэ тоглолтонд гурван гоол оруулсан бол А.Нармандах мөн гурван гоол, Дэрэн клүбийн ирээдүй болсон тоглогч А.Тэмүүжин хоёр гоолыг уг тоглолтонд орууллаа.

Өнөөдрийн сүүлийн тоглолт “ДМЮ” болон “Соёмбын Барсууд” багуудын хооронд явагдлаа. Үндсэн цагт “Соёмбын Барсууд” өрсөлдөгч багаа 6-4 харьцаатай хожиж тун хэрэгтэй хожлын оноог авлаа. 

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна