Ирээдүйд нь итгэх мөрөөдөл

Хуучирсан мэдээ: 2016.02.24-нд нийтлэгдсэн

Ирээдүйд нь итгэх мөрөөдөл

/эсээ/
Шарын Мөнгөнбаатар Сүхбаатар аймгийн Онгон сумынх. Төлөв түвшин байдал, төрөлх зан араншин эцэг эхээс заяасан эрдэнэт биеийг чимэх, алтаар солихгүй үнэт чанар. Аав Шарыг аймаг, суманд төдийгүй эх орон даяар цөөнгүй хүн мэднэ. Баруун аймгийнхан тэднийхийг зорих олонтаа. Алс зүгийн урилгагүй зочид хөөрөг зөрүүлэн хөөрөлдөнө. Тэд нүдэнд өртөх “олз”-оо олж танивал нүүрэндээ үстэй адуугаа үнэрхэж тунирхахгүй наймаалцах нүнжиг буянтан болохыг мөдхөн таньж ойлгоно. Аргагүй ээ. Аав хоёр хүүгийн хамт хурдаар их жанжны нутагт төдийгүй улсдаа гайхуулах Сүхбаатар аймгийн алдарт уяачид. Бас нэг хүү Мөнгөнбаатар аймгийн хурц арслан. Даруу зантай, дайчин барилдаанч түүнийг монгол даяар андахгүй.

Ам даваанд шорооддог нь ч аймаг, сумын цолонд хүрээд аахилж яваа нь ч бай хурц арслангаас сурах зүйл их ээ. Ахмад настантай мэндэлж хүндлэхийг аав ээжээс өвлөж, бас заан Санжаадамба засуул очирбаяр нараас баяжуулсан санагдах. Балчрын зөв хүмүүжил насан туршийн бахархал гэсэн мэргэдийн сургаал юутай үнэн. Сүүлийн хоёр барилдаан.

Монгол улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд улсын залуу арслан Батсуурь, аймгийн хурц арслан хоёрын барьц барьсан, бариагүй гэлцэн үзэгчид талцахад хэн хэн нь эргэлзсэн дүр илт. Шинэ эрдэмтэн, багш, у.н Б.Адъяахүү шавьдаа “Тахимаа өг” гэхэд Мөнгөнбаатар толгой дохин, элэг бүсээ тайлан ахлах цолтны зүг  гүйхийг бид бүгд харсан бус уу. Сайнд ч, саарт ч авмаар гээмээр юм багаддаггүйн жишээ энэ. У.н ОУХМ Д.Жанчивдоржийн нэрэмжит АЦЦБЗБ-ийн барилдаанд үе тэнгийнхэнтэйгээ уран мэх, ухаалаг тооцоотой тэмцэлдсээр түрүүллээ.

МБӨ-нд таван цаг шахам тухалсан үзэгчид нэн таашаалтай хоргодонгуй гэр гэрийн зүг одохдоо “Олон олон жил сэтгэлд хоногших барилдаан боллоо, үзлээ. Түрүү үзүүр их шөвгийн дөрөв бол улсын цолны төлөөх үе тэнгийнхнээ тэргүүлж яваа залуус” гэлцэн жаварт хайруулан нийтийн унаа харуулдан зогсохдоо омог бардам. Гарцаагүй ээ, хурц арслан Ш.Мөнгөнбаатар Н.Жаргалбаяр, а.а О.Хангай, М.Бадарч. Олны үнэлгээ ортой… Яахын аргагүй эд мөөн. Бас цаана нь Б.Эрдэнэхүү, Ч.Хөхчирэнгэр, Д.Анар, Ц.Мөнхбаяр, Ө.Сүхбат, Б.Бат-Өлзий, Н.Золбоо бас Б.Тайван, Д.Тамир гээд бий, бий. Бөх сонирхогчийн тархинд: За хөө. Анд нөхөр а.х.а Болдын хүү. Үгүй тэр яах. Эрдэнэхүү нас  дүү. Начин байтугай цаад цолонд хүрэх итгэлтэй, ирээдүйтэй. Мөнгөө нь харьцангуй ахмад. Давчихаасай. Хорхойтны нэгэн тархинд хоёр тэс өөр бодол эргэлдсээр Эрдэнэхүү давсан 2014 оны наадам.
…2016 онд 1024 бөх зодоглоно.
…Мөнгөнбаатарт!
Солгой омголон ташаа
Сод болоод дархан
Өрсөлдөгчөө давж тахим авах
Өнөр олон үзэгчийн бахархал
Өргөө доргилох нүргээнт чимээ
Өөрт тань очих талархал
… Цомирлог нээсэн цэцэгс гэмээр өнгө өнгийн гоёлын хувцастай цэнгэлдэх дүүрэн наадамчдын хөөрсөн сэтгэлийн үгс хөх тэнгэрт цуурайлах мөч.
…Сүүлийн жилүүдэд цолтон тодроогүй Сүхбаатар аймгийн уугуул а.х.а Шарын Мөнгөнбаатар төрийнхөө их баярт 5 давж начны болзол хангаад есөн хөлт тугаа тойрч явна гэж тайлбарлагчдын цээл хоолой цангинах цаг тохионо гэдэгт эргэлздэггүй ээ. Онгон онцлогтой сум. Оюуны чадавхтан эндээс тодорсон түүх сөхье. Бага ангийн сурагчдаа дундгүй 100 хувь сургаж, хожим МАХН-ын ТХ-ны УТТ-ны гишүүн, н.б.дарга С.Жаланаажавын референтээр хөдөөнөөс суга дэвшин ажилласан Шарын Хавтгай гэж Орос улсад төгссөн олон нөхдийг “ичээсэн” нэгэн байсаан. Овоглож дуудуулах эцгийн нэр ижил ийм нэг авьяастан, дунд мэргэжлийн багшийг аав ээж тань мэдэх байх аа. Тэгвэл Хавтгайн адил хүчтэний талбарт үндэсний бөхөөр Мөнгөнбаатар гэж мөрөөдсөн хүсэл минь биелнэ ээ гэдэгт итгэл төгс, цээж түхгэр алхдаг аа, би. Наадам дөхсөн үед бол зарим нэгэн цагаан хэл тусах магад гэж зинзийлдэг. Миний хувьд үүнийг мухар сүжиг гэж огтхон тоодоггүй. Ер нь мөрөөдөл биелдэг гэж Монголчууд бидний дунд дэлгэрсэн билэгт хэлц бий.

                                                                                                Зохиолч, сэтгүүлч Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж