76 ухна бол бид ямаа

2016 оны 2 сарын 25

Парламентаас парламентын хооронд,

-Үүн шиг парламент харсангүй. Өмнө нь арай ч ийм байгаагүй юм... гэх голонгуй үгс байнга сонсогдох болов. Үнэхээр ч тийм. Сонгуулиас сонгуулийн хооронд УИХ-д сонгогдогсдын чадвар чансаа улам бүр доошилсоор байна.

Боловсон хүчний бодлого, хэт жалга довын үзлийг багасгахаар намын жагсаалтаар заримыг нь сонгох холимог тогтолцоог өнгөрсөн сонгуулиас хэрэгжүүлж ирсэн ч энэ нь эргээд намын даргын өмч аятай зүйл болж хувирав. Хамгийн чадвартай боловсон хүчнээ энэ жагсаалтад оруулахаас илүүтэй намын удирдлагын ойр дотны, илүү их мөнгө намдаа хандивласан этгээдүүд ямар ч шүүлтүүргүйгээр орох боломжийг нь бүрдүүлэх жишээний.

Хэн нь ч байсан яалгаагүй гэсэн өнцгөөр бидний зарим нь сонголтоо хийдэг бол зарим нь аль ахиухан мөнгө тараасан эсвэл өнөөдөр ирэх унацыг нь харж саналын хуудсаа дугуйлах жишээтэй.

Сонгуулийн жил Монголд бүгд энэ уур амьсгалаар амьсгална. Нэг хэсэг нь нэр дэвшинэ. Нөгөө хэсэг нь тэдний кампанит ажилд татан оролцоно. Нэгэнтээ кампанит ажилд нь орсон бол өөр тойргийнх байсан ч хамаагүй шилжүүлэг хийж байгаад штабад нь ажиллаж буй хүндээ саналаа өгөх жишээтэй.

Ингээд мэдлэг, чадвар, улсаа удирдаад, иргэдийнхээ амьжиргааг өөд нь татахаас илүүтэй илүү мөнгө хаясан нь төрийн түшээ болох нь элбэг.

Нэгэнтээ мөнгө цацаад ороод ирчихсэн хүн сонгуульт хугацаандаа шархаа нөхөхөөр ханцуй шамлаад орно. Шамшигдуулна, өөрт ашигтайгаар аливааг шийдэхэд нөлөөлнө. Лоббид автана. Харин энэ бүхэнд нь бид ихэд ундуйцна. Хараана, зүхнэ. 76 ухнаар нь дуудна. Хэрэг дээрээ 76 ухнаар дуудаж буй бол тэднийг өөрсдөө сонгосон болохоор “ямаа” болж таарна аа даа.

Ард түмэн ямар байна, төр нь адилхан байдаг юм чинь тийм л болж таарна. Ямаанд юу хэрэгтэй вэ? Мэдээж бэлэн идэш, тэжээл л хэрэг болно. Оюун сэтгэлгээ, хөгжил дэвшил яриад ч хэрэггүй. Ямаанд тэд бүгд хэрэггүй. Дулаан өвөлжөө, хангалттай тэжээл байхад л болох нь тэр, гүйцээ.

Тиймээс л элдэв халамж, “үржлийг” дэмжсэн хавтгайрсан халамж амласныг нь гаргана. Харин ажлын байр нэмэгдүүлж, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх мөрийн хөтөлбөртэй хүн бол цаашаа.

Бидний өнөөдрийн гол шалгуур бол мөнгө болчихсон. Тиймээс ч Увсын баруун хязгаараас эхлээд Өвөрхангай, Улаанбаатарт хүртэл мөнгө тараасан нөхдүүд УИХ-д сонгогдоод байна. Зарим нь бүр “Чихэр авч ид” гээд заал дүүрэн сонгогчдод мөнгө тарааж буй бичлэг нь ил болсон ч Их хуралд суусаар л байх нь тэр.

Гэхдээ монголчууд яахаа алдаад, нийгмээрээ оюун санааны хоосролд орчхоод байна уу гэвэл бас үгүй.

Өндөр боловсрол эзэмшсэн, ажлын туршлагатай, ажлаа гарын арван хуруу шигээ мэддэг чадалтай, мэдлэгтэй нэгэн бишгүй бий. Харин тэднийг тойргийн гадна үлдээдэг нь сонгогчид.

Сонгогчдын энэ дорой байдлыг нь хамгийн түрүүнд олж харсан сүйхээтэй бизнесийнхэн одоо харин өөрсдийн хүнээ мөнгө хаяад сойдог болов. Тэднийг ч буруутгах аргагүй. Өөрсдийнх нь бизнест ямагт чөдөр тушаа болдог, шударгаар бус эрх мэдлээр бизнест нь халддаг төр засагтаа хойно түүнд өөрийн хүнээ шургуулж, бодлого шийдвэрт нөлөөлөх замаар бизнесээ хамгаалж, бас өргөжүүлдэг болов.

Ард түмний баатар мэт болоод буй хүмүүсийг харвал голдуу популистууд. Бидний ядуу сэтгэлгээнд дөрөөлж тэдний хийсэн болгон таалагдаад байгаа хэрэг. Хэн илүү популизм хийнэ, тэр хамгийн сайн улстөрч харагдана. Сонгуулийн жил эхлэхээс өмнө хийсэн судалгаанууд үүнийг л гэрчлээд буй. Хамгийн их санал авсан хүнийг маниар хэлүүлэлтгүй мэдэж байгаа хойно, нэрийг нь зарлаад ч юу гэх вэ?

Гэхдээ сошиал ертөнц, телевизээр байр сууриа илэрхийлж буй иргэдийн үгийг ажаад байвал ердөө таалагдсан хүн үгүй. Бүгд л нулимна. Цөмөөрөө л “амьдрал хэцүү л байна шүү дээ” гэж ирээд л гасална. Өнөөдөр Монголд халамжаа хүлээж амьдрагсад дэндүү олширсон. Хүүхдийн мөнгө хэзээ буух гэнэ. Оюутны 70 мянга орсон болов уу? Тэтгэврийн зээл авах юмсан гэсэн яриаг хотын аль ч гудамжаас сонсож болно. Энэ байдалд нь тааруулаад МАН бас л шоудаж эхэллээ. Тэр нь өрх толгойлсон эмэгтэйчүүд, эрчүүдэд халамж олгох тухай. Нэг ёсондоо гэр бүл салалтыг дэмжээд ч байгаа юм шиг. Харин энэ нь цаг үеэ олсон хуулийн төсөл гэж нийтээрээ алга ташиж байна. Ийм болохоор парламентын үнэлэмж сонгуулиас сонгуулийн хооронд унахгүй яах юм бэ?!   

Ямар ард түмэн байна, тийм төр байна гээд буй үгний утга учир үүндээ л байна. Бид өөрсдөө сонгочхоод тэднийг ухна, хуцаар нь дуудаж муулаад ч яах вэ дээ. Уг нь биднээс шигшигдээд гараад гарсан “гарууд” шүү дээ.

Хэрэвзээ хөгийн юмнуудыг төрд гаргаж, амьдрал юугаараа тоглуулмааргүй байгаа л бол энэ удаад зөв сонголтоо хийж, мөнгө өгсөнд нь бус өөрсдийнхөө төлөө ажиллаж чадахад нь саналаа өгч идэвхтэй оролц. Бид өнөөдөр саналаа шил архинаас өгөхөөс буцахгүй байгаа бол тэр мөнгийг чинь өгсөн хүн увайгүй, өнөөдөр сонгогдоод маргааш мартах нь дамжиггүй.

Тиймээс хүн сонгох гэж байгаа бол хүн шиг, ухна сонгох гэж буй бол ямаа шиг бай гэе дээ.

Л.НАРАНТӨГС 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна