Сурагчид сургуультай, багачууд цэцэрлэгтэй боллоо

2016 оны 2 сарын 25

Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэг, сургууль тус бүр нэг баригдаж байсан нь ашиглалтад орж, өчигдөр хүлээлгэн өглөө. Тодруулбал, тус дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Баянхошуунд 5 бүлгийн 120 хүүхдийн хүчин чадалтай 117-р цэцэрлэг улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бол 24-р хорооны нутаг дэвсгэр буюу Толгойтын  Баруунсалаанд 640 хүүхэд суралцах боломжтой 124-р сургууль нээлтээ хийсэн юм.

Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Л.Гантөмөр, НИТХ-ын төлөөлөгч Л.Сайнтөгс, дүүргийн Засаг даргын орлогч Н.Ганаа, Боловсролын хэлтсийн дарга М.Баяраа  болон бусад холбогдох  албаны хүмүүс оролцлоо.

Сонгинохайрхан дүүрэг нь хүн амын нягтаршил ихтэй, орон нутгаас шилжин ирэгсэд  тасардаггүй учир сургууль цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд хотын хүн ам өсч, хаяа тэлснээс тус дүүргийн захын хороодын иргэдэд сургууль цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага эрс ихсээд байсан. Тэгвэл эдгээр сургууль цэцэрлэг ашиглалтад орсноор Баянхошуу, Баруунсалаа орчмын айл өрхүүдийн сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүд тохилог, цэвэр орчинд сурч, хөгжих боломжтой болж байна. Тус дүүрэг дүүргийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн тоог цаашид нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа ажээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна