Герман афганчуудыг нутаг буцаав

2016 оны 2 сарын 25

 

Германы албаныхан тусгай онгоцоор Афганистанаас ирсэн 125 дүрвэгчийг нутаг буцаасан байна. Германы засгийн газраас тус улс дахь дүрвэгсдийн тоог бууруулахаар хичээж байгаа юм. Германд ирсэн дүрвэгсдийн олонхыг сири, түүний дараа афганчууд эзэлж байгаа аж. Герман улс өнгөрсөн онд 154 мянган дүрвэгчийг хүлээж авчээ.

 

Сүүлийн үед афганчуудын хувьд Европт хөл тавихад хэцүү болж иржээ. Учир нь Македон улс Афганистаны дүрвэгсдийг хүлээж авахаа зогсоосон юм. Үүний улмаас Грекийн хил дээр 12 мянган хүн буцах замгүй гацсан байна.

 

НҮБ-ын мэдээгээр Грект энэ 2016 он гарсаар 102 мянга орчим дүрвэгч хөл тавьсан байна. Үүний 44 хувь нь Сири, 29 хувь нь Афганистан, 17 хувь нь Иракаас ирсэн аж.

 

Европын орнууд өнгөрсөн оноос хойш дүрвэгсдийн хэт урсгалд дарагдах болсон юм. Хямралын хэмжээнд хүрсэн дүрвэгсдийн урсгалыг хязгаарлахын тулд Европын орнууд янз бүрийн арга хэмжээ авч байна. Тухайлбал, Австри улсын засгийн газраас өдөрт 80 дүрвэгчийг хүлээж авах хязгаарлалт тогтоожээ. Австри нь хамгийн ихдээ 3200 дүрвэгчийг хүлээж авахаа мэдэгдсэн байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна