ЕНБД-ыг намын дарга чөлөөлөх эрхтэй

2016 оны 2 сарын 25

Өвөрхангай аймгийн ХҮН намын дарга Д.Миеэгомбоос дараах зүйлийг тодрууллаа.


-Сайн байна уу та ХҮН намын хариуцлагын ерөнхий хорооны дэд дарга байсан. Энэ ажлаа хүлээлгэж өгсөн гэсэн. Яагаад ингэсэн бэ?

-Энэ асуудлыг ярихын өмнө тодорхой нөхцөл байдлуудыг ярих хэрэгтэй болно.

-ХҮН намд үүсээд байгаа асуудлыг талаар ярихгүй юу. Хэдэн тал болж талцсан гэх юм, үнэн үү?

-Ерөнхий нарийн бичгийн даргыг намын даргын тушаалаар чөлөөлсөн. Ганцхан ийм асуудал байгаа. Үүнээс бүх асуудал хөвөрч байгаа. Хонин холбоо шиг л хөвөрч байгаа. Үзүүрээс нь татах л юм бол асуудал хөвөрнө. Зарим хэсэг нөхөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлж ярьсан байна. Та бүхэнд баярлаж байна. Мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс урьж оролцуулж байгаад. Намын дарга хууль зүйн хүрээндээ ерөнхий нарийн бичгийг ажлаас нь чөлөөлөх эрхтэй.  Өөрөөр хэлбэл ерөнхий нарийн бичгийн дарга үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж үзэх юм бол намын төв хороо буюу төлөөллийн байгууллагыг хуралдах хүртэл чөлөөлсөн тушаал гаргах эрхтэй. Энэ бол удирдах зөвлөлийн ажиллах журам дээр ч байгаа зүйл. Бид нарын мөрддөг баримт бичиг.  Тушаалыг гаргасан тал дээр манай нөхөд гомдолтой байгаа. Хуйвалдсан гэж үзэж байгаа хүмүүс байгаа энэ бол жичдээ яригдах асуудал. Хамгийн гол хууль зүйн хүчин төгөлдөр тушаал бол намын даргын тушаал байгаа. Намын дарга тушаал гаргасныг хянадаг субъект нь бол Хариуцлагын ерөнхий хороо.

Хариуцлагын ерөнхий хороо буюу хяналтын байгууллага нь намын даргын тушаалыг ямар нөхцөлд хянах вэ гэхээр Удирдах зөвлөлийн хүсэлтээр хянана. Намын дарга С.Ганбаатарын ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх тушаал гаргасны дараа удирдах зөвлөл хуралдаад хариуцлагын ерөнхий хороогоор биш намын төв хорооны хурлаар шийдвэрлүүлнэ гэсэн албан ёсны шийдвэр гаргасан. Энэ тохиолдолд хариуцлагын ерөнхий хороо хянах боломжгүй болно. Харамсалтай нь хариуцлагын ерөнхий хороо удирдах зөвлөлийн бүрэн эрхийг үгүйсгээд намын даргын шийдвэрийг хянасан. Хянаж үзээд буруу шийдвэр гээд дүгнэлт гаргасан. Би өөрөө хуульч мэргэжилтэй. Энэ утгаараа бүх зүйл хууль зүйн дагуу байх хэрэгтэй гэдэг байр суурьтай. Би анхнаасаа ийм байр суурьтай байсан намын нөхөд маань ч үүнийг мэдэж байгаа.

Нэгдүгээр асуудал ийм. Хоёрдугаарт би өөрөө Өвөрхангай аймгийн ХҮН намын дарга. Хариуцлагын ерөнхий хорооны гишүүн бол намын дарга, намын удирдах албан тушаалтан байж болохгүй гэсэн дүрмийн заалт байж байгаа. Ингээд хариуцлагын ерөнхий хороо дөнгөж байгуулагдаад үйл ажиллагаа нь ч тогтворжоогүй байж байтал ийм маргаан ороод ирж байгаа юм. Тухайлбал бид албан тушаалаа өгч амжаагүй байсан. Энэ тухайгаа намын их хурал дээр ч хэлсэн. Протокол дээр ч байгаа. Би давхар албан тушаалтай байна яах вэ гэсэн. Тэгэхэд нэг сарын дотор шийдвэрлэнэ гэсэн. Тэгээд намын хороо хуралдаж амжаагүй байтал ийм асуудал үүссэн. Би өөрийн хүсэлтээ гаргасан. Намын дүрмийн хувьд ч ёс суртахууны хувьд ч гэсэн энд байх ёсгүй. Би Өвөрхангайн намын дарга, хариуцлагын ерөнхий хорооны дэд дарга гээд гарын үсэг зураад сууж байж болохгүй. Тэгээд хүсэлтээ гаргасан юм. Тухайлбал хариуцлагын ерөнхий хорооны дарга маань Хөвсгөл аймгийн намын хорооны дарга байж байх жишээтэй. Бодвол тэр дарга маань хүсэлтээ гаргах байх.

-Үндсэндээ бол хариуцлагын ерөнхий хороо буюу намын хяналтын төв байгууллага удирдах зөвлөлийнхөө гаргаагүй шийдвэрийн хүрээнд л ажилласан гэж ойлгох юм байна. Үүнтэй та бас зөрчилдсөн үү?

-Хариуцлагын ерөнхий хороо намын даргын шийдвэрийг хянах ганцхан л нөхцөл байгаа. Удирдах зөвлөлийн хүсэлтээр. Тэгэхдээ хүсээгүй байхад татаад авсан. Би тэр хуралд оролцоогүй. Ер нь бол дүрэм нь тийм. Тэнд гаргасан шийдвэрийн тухай би өөрөө оролцоогүй учир ийм тийм гэж ярих шаардлага алга байна.

-Та хуульч хүн. Хуулийн хүрээнд ажиллана гэдгээ хэллээ. Тэгвэл одоо яг танай намд ямар нөхцөл байдал үүсээд байна. Зарим хүмүүсийн харж байгаагаар бол гуравдагч хүчин гарч ирж байна гэсэн хүлээлт байсан байх. Гэтэл дөнгөж эхлээд ийм асуудал үүсгэж байгаа нь эргэзээг төрүүлж байгаа хандлага ч байж болох юм?

-Гуравдагч хүчин гарж ирж байгаа гэсэн хүлээлт одоо ч байгаа. Манайхан нэг юманд их дассан байна. Нам гэхээр цул тогтвортой, ямар нэгэн хүнийг дагасан, хөдөлгүй, хувирдаггүй ийм бүтэц гэж. Манай намын хувьд байдал эсэргээрээ байгаа би үүнийг эрүүл зүйл гэж харж байгаа. Энэ бол эрүүл зүйл. Намын дарга ерөнхий нарийн бичгээ халах бүрэн эрхтэй. Яагаад энэ эрхийг өгдөг вэ? гэхээр ерөнхий бичгийн дарга бол гүйцэтгэх талын буюу намын даргын гал тогооны ажлыг хийдэг. Намын дотоод асуудал болон намын даргын функц энд туслах чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Энийг халж солих нь бүрэн эрхийн асуудал.

-Эзэнгүй байхад нь халсан. Зүгээр уулзаад нүүр нүүрээ харж байгаад шийдэж болохгүй байсан уу. Хүмүүс энэ талаар их ярьж байна?

-Энэ талаар их ярьж байгаа. Тэр бол дүрэм журам байхгүй л асуудал. Хувь хүн юу гэж бодох нь тухайн хүний хэрэг гэж би ойлгож байгаа. Дүрэм журамд бол нүүрийг нь харж байгаад хална гэдэг ч юм уу, заавал өөрийг нь байлгаж байгаад хүндэтгэлтэйгээр хална гэсэн тийм юм байхгүй. Асуудлыг яаж харахаас л шалтгаалж байна. Би бол тэгж л харж байна. Эхнэр нөхөр хоёр салж байгаа биш нээх учиргүй гомдоод байх шаардлага байхгүй.Төв хороогоороо хянуулаад л явах хэрэгтэй. Харин үүнийг дэвэргэчихье гэсэн хоёр намын явуулга, оролдлого байхыг үгүйсгэхгүй. Би харж байхад энэ асуудал дээр нээх ингэж их сүржигнэх хэрэг байхгүй гэж харж байгаа. Тэр асуудлаа төв хороогоороо шийдүүлнэ л биз. Жишээ нь: намын дарга тамгаа барьж байх ёстой. Тэгтэл одоо тамгаа ч өгөхгүй байх шиг. Ийм асуудлууд байгаад байгаа юм. Үүнд харамсаж байна.

-Ардчилсан намд ч гэдэг юм уу, тамгаа аваад зугтлаа гэсэн асуудал. Дархан-Уул аймаг дээр ч ийм асуудал гарч байсан. Энэ тэндгүй гараад байдаг асуудал. Яг энэ жишгээр яваад байгаа нь сонгогчдод хэрхэн харагдаж байгаа бол гэж бодож байна?

- Энэ бол намын гэхээсээ илүү хувь хүмүүсийн асуудал. Тухайн хувь хүнийг л харуулж байгаа гэж би харж байгаа. Тэрнээс тамгаа авч зугтдаг болохоор энэ нам бүхлээрээ муу гэж ойлгож болохгүй байх.

-ХҮН намд үүсээд байгаа энэ асуудал бол тийм их сүржигнэхээр биш. Олон уургалч үзлийн хүрээнд явж байгаа асуудал гэж ойлгох уу?

-Явж байгаа асуудал бол хоёр хүний хоорондын асуудал. С.Ганбаатар гэдэг хүн Т.Доржханд гэдэг хүнийг халсан асуудал. Бусад оролцогчдын хувьд үүнд гомдоод яваад байгаа хүмүүсийг яг энэ асуудалд шууд хамааралтай гэж харахгүй байгаа юм. Тийм л байна.

ЭХ СУРВАЛЖ: EAGLE NEWS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна