Нэгдвэл МАН-аар бүртгүүлэх байх гэв

2016 оны 2 сарын 25

Гуравдугаар сарын 1-ны өдөр болох “Эх орончдын баярын өдөр”-ийг хамт тэмдэглэх хүсэлтийг МАХН-аас МАН-д тавьсан. Тэгвэл тус хоёр нам 95 жилийн ойн баяраа буюу “Эх орончдын баярын өдөр”-ийг хамт тэмдэглэхээр болж, албан ёсоор зарлан, харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурлаа. Албан бичигт МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Булгантуяа, Д.Амарбаясгалан, МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга нар гарын үсэг зурав. Ойн баярыг хамтран тэмдэглэх ажлын хэсгийг хоёр намаас гарган ажиллаж байгаа аж. 

Энэ талаар МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Булгантуяа “МАН-ын удирдах зөвлөл хуралдаж МАХН-аас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсан. Ойн баярыг хамтран тэмдэглэх ажлыг албажуулж санамж бичигт гарын үсэг зурж байна. Хөдөө орон нутагт мөн хамтран тэмдэглэх чиглэл өгсөн” гэлээ. 

Эх орончдын баярын өдөр хоёр намынхан Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөхөөс гадна Соёлын төв өргөөнд баярын хурал зохион байгуулах юм байна. Мөн энэ сарын 29-ны өдөр Эрдэм шинжилгээний бага хурал, телевизийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах аж. Харин бөхийн барилдаан болон бусад арга хэмжээг явуулах нь Сонгуулийн хуулиар хориглосон учир зохион байгуулахгүй гэлээ.


Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.  

-Одоо бол хоёр нам хамтарч Эх орончдын өдрийг тэмдэглэх тухай ярьж байна. Ер нь цаашид хоёр нам нийлэх асуудал яригдах болов уу гэсэн хүлээлт байгаа. Үүнд хариулт өгөхгүй юу? 

Б.Тулга:

-Хоёр намын тухайд угшил нэгтэй, түүх нэгтэй. Өөрөөр хэлбэл, 95 жилийн түүхтэй гэж хэлж болно. 90 жил хүртлээ нэг байж ирсэн. Үүнтэй холбоотойгоор МАН болон МАХН-ын ахмадууд 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ны өдөр хамтрах санаачилгыг гаргасан. Түүнээс өмнө ч гаргаж байсан юм билээ. Ахмадууд маань хоёр намын удирдлагуудтай уулзаж, улс орныг тогтвортой авч явахад хоёр хүчин эвсэж ажиллах нь зүйтэй юм гэсэн санаачилгыг тавьсан. Үүнийг аль аль намын удирдлагууд авч хэлэлцээд судалж үзэх нь зүйтэй гэсэн. Эцсийн шийдвэр аль ч нам дээр гараагүй. Өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа. 

-Нэгдэх асуудлаар удирдлагуудын хооронд яригдаж байгаа зүйл бий юу. Хэрвээ цаашид нэгдвэл нэр нь ямар байх вэ гэх мэтчилэн зүйл яригдаж байгаа юу? 

Д.Амарбаясгалан: 

-Сүүлийн хэдэн өдрүүдэд МАН МАХН-тай хамтран Эх орончдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Нам нэгдэх асуудалд намын анхан шатны байгуулагад байгаа гишүүд, намын удирдлагуудаас санаачилга гараад энэ ажил явж байгаа. Аливаа улс орны хувьд тогтвортой хөгжлийг бий болгох үүднээс томоохон намууд нь тодорхой байр суурийг хадгалж, бусад жижиг намуудаа өөртэйгөө нэгтгэж эвсэж ажилладаг жишиг байдаг. Энэ жишгээр бидний зүгээс санал санаачилга гаргаж ажиллаж байна. МАН бол 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдсан. Монголдоо төдийгүй Азид анхны улс төрийн хүчин. Тэр ч утгаасаа хэрвээ хоёр нам нэгдвэл МАН буюу Улсын дээд шүүхийн бүртгэлээр нэгдүгээрт байдаг энэ нам дээр нэгдэх байх гэдэг байр суурь байх болов уу гэсэн миний хувийн бодол бий. 

-Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа гэсэн үг үү, эсвэл зүгээр яригдаж байгаа юу? 

Б.Тулга:

-Нэгдэх тал дээр ажлын хэсэг ерөөсөө гараагүй. Зөвхөн 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг гэж ойлгож болно. Ялгаж салгах ёстой шүү. Сонгуульд нэгдэж орох асуудал бол нээлттэй. Бид Монголын ногоон намтай хамтарч, эвсэл болж болох гээд ажлын хэсэг байгуулсан байгаа. МАН-тай ирэх сонгуульд эвсэж орох уу гэдэг дээр ажлын хэсэг байгуулаагүй байгаа. Аль аль талдаа ярьж байгаа.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна