Биржүүдийг нэгтгэх үү?

2016 оны 2 сарын 25

Жижигхэн эдийн засагтай улсын хувьд зардал хэмнэсэн, ойлгомжтой, нэгдсэн бүтэцтэй биржүүдтэй байх нь илүү үр дүнтэй гэж биржийн салбарынхан тооцож, өнөөдөр биржүүдийн нэгдсэн төв байгуулах талаар хэлэлцжээ. Одоогоор Монгол Улс тогтмол арилжаа хийж буй хөдөө аж ахуйн, хөрөнгийн гэсэн хоёр бирж бий. Удахгүй  үнэт цаасны арилжаа явуулах тусгай зөвшөөрлөө авсан бирж, хуулийн төслөө боловсруулж,  Засгийн газраар хэлэлцүүлсэн Эрдэс баялгийн гэсэн биржүүд шинээр нээгдэж чиглэсэн салбартаа арилжаа хийж эхэлнэ. Гэхдээ ирээдүйд  ингэж тус тусдаа хөрөнгө гаргаж, өөр өөрийн техник программ хангамжийг ашиглаж ажиллах биш хөрөнгө оруулагч тал, арилжаа эрхлэгч иргэнд энгийн ойлгомжтой, ашигтай байх нэгдсэн биржийн төвтэй болох нь ашигтай гэж энэ салбарынхан үзэж байна. Хэрэв нэгдсэн биржийн системтэй болохоор тогтвол хамгийн түрүүнд одоогийн биржийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй мэргэжлийн үг хэллэг, систем, зэргийг нэгтгэж, нэг ойлголтод хүрэх  шаардлагатай юм.

Биржүүд нэгдвэл хөрөнгө оруулагчдад хамгийн ашигтай тусч, тэдний данс нэг болж, биржээс үйлчилгээ авахад хялбар болно. Биржийн мэдээллийн бааз нэгтгэгдэж, мэдээллийн сан нь найдвартай болж, ажиллах боловсон хүчин нь илүү боловсорно зэрэг эерэг өөрчлөлтүүд гарах юм байна. Ингэж биржүүд нэгдэхээс өмнө шинээр уул уурхайн бүтээгдэхүүн, үнэт цаасыг арилжаалах хоёр бирж ашиглалтад орох дүр зураг гарчээ. Засгийн газраас баталсан 2030 он хүртэлх үндэсний үзэл баримтлал, санхүүгийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөрт 2025 он гэхэд Монгол Улсдаа зүүн бүс нутгийн санхүүгийн төвийг байгуулах зорилт тусгагдсан байна.

Эрдэс баялгийн биржийн тухай хууль ирэх хаврын УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэн батлагдвал, бирж үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Ингэснээр монголчууд олон улсын жишгээр уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр арилжаалах боломжтой болох юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна