Ардын баатар уу, агуу худалч уу?

2016 оны 2 сарын 25

 

Польшийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн толгойлогч,  тус улсад коммунист дэглэмийг унагасны төлөө Нобелийн энх тайвны шагнал авч байсан ардын баатар Лех Валенса үнэн хэрэгтээ коммунистуудын нууц мэдээлэгч байсныг нотлох хэдэн зуун баримтыг улсын архив нь олон нийтэд дэлгэлээ.

 

Варшав дахь улсын архивын дэлгэсэн дээрх материалууд Лех Валеса Гданьск хотын хөлөг онгоцны үйлдвэрийн жирийн ажилчин байхдаа “Болек” хэмээх нууц нэрээр тагнуулын албанд нууц мэдээлэгчээр ажиллаж, ажилчдын улс төрийн үзэл баримтлал болон бусад зүйлсийн талаар мэдээлж байжээ. Сэтгүүлчид одоо зөгий шиг шавж буй тэдгээр нууц материалуудад Болекийн дамжуулсан мэдээллүүд, түүний гарын үсэгтэй мөнгө авсан баримтууд бас нууц мэдээлэгчийн албанаас гарсан тухай баримт хүртэл бий гэнэ.

 

Лех Валенсатай холбоотой нууц материалыг Польшийн коммунист дэглэмийн үеийн сүүлчийн Дотоод хэргийн сайд генерал Чеслав Кищакийн гэрээс прокурорууд хурааж авсан аж. Генерал Чеслав Кищакийн бэлэвсэн эхнэр Болек хэмээх нууц нэртэй нууц мэдээлэгчийн талаарх мэдээллийг худалдах санал тавьсны дараа энэ хэрэг олны анхаарлыг татсан юм. Бэлэвсэн эхнэр нууц мэдээллийн шанд 90,000 злоты (20,000 евро) нэхсэн байна.

 

Прокурорууд генерал Чеслав Кещакийн гэрээс гараар бичсэн, шивсэн зургаан хавтас баримт материал, гэрэл зурагнуудыг хураан авчээ. Баримт, материалын үнэн худлыг нягтлахыг прокурор, шинжээчдийн хамтарсан баг ажилласан бөгөөд энэ талаар олон нийтэд дэлгэх эсэх нь тодорхойгүй байна. Харин Польшийн Гданьск хотын хөлөг онгоцны үйлдвэрээс  “Эв санааны нэгдэл” хөдөлгөөн өрнүүлж, тэр нь коммунист дэглэмийг унагах түлхэц болсон, Нобелийн энх тайвны шагналт, анхны ерөнхийлөгч Лех Валенса тэдгээр баримт материалуудыг хуурамч гэсэн бөгөөд өөрийгөө хэзээ ч нууц мэдээлэгч байгаагүй, хэзээ ч коммунистуудаас мөнгө авч байгаагүй гэсэн байна.

 

 

Харин Польшийн улсын архивт дэлгэсэн баримтууд өөр түүхийг өгүүлж байгаа юм.

 

Тэдгээр баримтуудын дунд Лех Валесагийн гарын үсэгтэй “Би Бүгд Найрамдах Польш Улсын дайснуудыг илчилж, тэдэнтэй тэмцэхийн тулд нууц албатай хамтарч ажиллан иргэний үүргээ биелүүлнэ” гэсэн бичигтэй баримт байгаа аж. Баримт дээр 1970 оны арванхоёрдугаар 21 гэсэн он сар бичигджээ. Тэр үе бол Лех Валенса Гданьск хотын хөлөг онгоцны үйлдвэрт цахилгаанчин байсан үе. Лех Валенса хөлөг онгоцны үйлдвэрт ажилчдын ажил хаялтыг толгойлж, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн. Ажилчдын эсэргүүцлийн хөдөлгөөнийг коммунистууд нухчин дарсан байдаг.  

 

Бас нэгэн чухал баримтын бичгийн хэв өөр боловч бичсэн хүн дараагийн уулзалт урхи байх вий гэж болгоомжилсон тухай байв.

 

Лех Валенса коммунистуудын нууц мэдээлэгч байсан гэдгийг польшчууд анх удаа мэдэж байгаа хэрэг биш юм. 2000 онд шүүх түүнийг нууц мэдээлэгч байсныг нотлох баримт байхгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.

 

Лех Валенса 1980 онд Гданьск хотын хөлөг онгоцны үйлдвэрийн ажилчдын “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнийг тэргүүлж, бослого дэгдээсэн. Тус хөдөлгөөн Польшид Сталины  коммунист дэглэмийг унагах түлхэц болсон бөгөөд үүнийх нь төлөө түүнийг 1983 онд Нобелийн энх тайвны шагналаар шагнаж байв. Тэрбээр 1990 онд Польшийн анхны ардчилсан сонгуулиар тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

 

1976 оны нэгэн баримт дээр нууц албаны ажилтан Болекийг коммунист намыг шүүмжилсний төлөө хатуу донгодож, үйлдвэрээс хөөнө гэж заналхийлсэн байв. Тэр жил Лех Валенса ажилгүй болсон билээ. 1973 оны нэгэн баримт Болек ямар ч хөлс аваагүй учраас цаашид хамтарч ажиллахаас татгалзсан тухай аж. Нууц баримтуудыг Лех Валенсаг нас барснаас хойш таван жилийн хугацаанд задлахгүй байхыг Кищак хүсч байжээ. Баримтуудаас харахад Болек 1970 оны үйлдвэрийн ажилчдын бослогын дараа цаазаар авхуулаас айхдаа нууц албаны мэдээлэгч болохыг зөвшөөрсөн байж болзошгүй юм.

 

 

Лех Валесатай холбоотой нууц баримт бичиг маш хурдан олон нийтэд задарсан бөгөөд сэтгүүлчдэд дэлгэн үзүүлсний дараа түүхчид дүн шинжилгээ хийх ажээ.

 

Харин Лех Валенсагийн дэмжигчид одоогийн хууль тогтоогчдыг буруутган, үндэсний баатрын нэр төрийг гутаах гэж байна гэж буруутгаж байгаа юм.

 

Гэвч Польшийн ард түмэн үнэнийг мэдэхийг юу юунаас илүү хүсэж байгаа билээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна