Монголчууд ийм л хуншгүй

2016 оны 2 сарын 25

Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Х.Пүрэвсүрэнгийн казино тоглож байгаа бичлэгийг МАН-ын Цогоо дэлгэв. Төсвөөс цалинждаг төрийн албан хаагч казино тоглож буй нь л багагүй хардлага дагуулах үндэслэл болж байгаа болохоос  Монгол Улсын аль нэг хууль тогтоомжид “Төрийн албан хаагч казино тоглож болохгүй” гэсэн заалт хаана ч байхгүй. Гол нь МАН-ынхан шиг улсын банкны мөнгийг “хулгайлж” аваачаад казино тоглочхоогүй л бол шүү дээ.  Нэгэн цагт төрийн банк болох Хадгаламж банкны 14.4 тэрбум төгрөгөөр МАН-ынхан Өмнөд Солонгост очоод казино тоглочихсон, үүнээс болоод Ц.Чимэдцэрэн гэгч гурван жил хоригдоод суллагдчихсан юм даг. Энэ хэрэгт МАН-ын томчууд холбогдож, тухайн үедээ ганцхан Ц.Чимэдцэрэн ял авч, улсыг хохироосон мөнгөө одоо болтол  бүрэн төлөөгүй гэдэг юм билээ.

“Баян хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү” өөрийнх нь дур хүслээр шийдэгдэх тийм л  эрх чөлөөт, ардчилсан нийгэмд  бид амьдарч байгаа шүү дээ. Мөрийтэй тоглох дээрээ тулбал АН-ынхан ч, МАН-ынхан ч, МАХН-ынхан ч тоглож байгаа. Өөрийнхөө мөнгөөр, чөлөөт цагаараа Өмнөд Солонгост очоод казино тоглох нь буруу зүйл биш. Х.Пүрэвсүрэн өөрийнхөө мөнгөөр биш төсвийн мөнгөөр тоглосон бол харин хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Түүнээс хүн хувийнхаа мөнгөөр казино тоглож байгааг буруутгах нь учир дутагдалтай. Тэгээд ч түүний тоглож байгаа бичлэгийг  хэн ч мэдэхгүй хүн эсвэл тоглосон казиногоос нь гаргаж тавиагүй нь ойлгомжтой. Түүнтэй хамт казино тоглосон найз нь юм уу, ойр дотны нь нөхөд нь л ямар нэгэн зорилгоор энэ бичлэгийг дэлгэсэн байж таарна.

Өөрөөр хэлбэл, Х.Пүрэвсүрэнтэй хамт казинод орж, хамтдаа тоглосон ойрынх нь хүнээс “шидсэн чулуу”. Монголчууд ийм л хуншгүй. Хамтдаа ууж, хамтдаа согтож, хамдаа тоглочихоод нэгнийгээ араас нь хутга шаадаг ийм увайгүй. Энэ бол нэг талаар ёс суртахууны асуудал юм даа. Найзыгаа “худалдаж” идэхэд бэлэн ийм л нийгэмд амьдарч байгаа монголчууд араа байнга харж явахгүй бол болохоо байж дээ.

Мэдээж, хууль хяналтынхан Х.Пүрэвсүрэнг хэний мөнгөөр тоглосныг нь шалгах ч биз.  Тэгэх ч хэрэгтэй. Хэрэв улсын мөнгөөр тоглосон байвал Х.Пүрэвсүрэнд хуулийн дагуу хариуцлага тооц. Харин хүн чөлөөт цагаараа өөрийнхөө мөнгөөр казино тоглосон байвал түүний нэр хүндэд бүдүүлгээр халдсан буруутан нь МАН-ын Цогоо болно. Твиттер гэдэг хэн хүний нэрд ил шулуухан халдаад гэм зэмгүй үлддэг орчин бас биш ч байлтай. Эндээ сануулахад монголчуудад “Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө” гэдэг нэг зүйр үг байдаг шүү дээ.

Та цалингаараа мөрийтэй тоглож үзсэн үү? Төрийн албан хаагч энэ нөхөр цалингаараа мөрийтэй тоглож байна гэдэгт та итгэх үү?

Posted by Tsogtgerel Bat on Wednesday, February 24, 2016

А.ШАРХҮҮ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна