34.7 их наядын хөрөнгө, орлого ил болжээ

2016 оны 2 сарын 25

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжсэнээр 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль алдангиас тус, тус чөлөөлжээ. Энэ тухай мэдээллийг Сангийн сайд Б.Болор, Татвар, гаалийн ерөнхий газрын дарга С.Пүрэв нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Ил болсон хөрөнгө, орлогын энэхүү мөнгөн дүн цаашид ч өсөх боломжтой аж. Учир нь урьдчилсан мэдээгээр ийм дүн гарчээ.

Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварын тайлан,4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрчээ.

Сангийн яам:

Нийт 27665 аж ахуйн нэгж байгууллага хуульд хамрагдахаар ил тодын тайлан гаргахаар хүсэлт илгээснээс 21275 тайланг баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл, 31.5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлогыг санхүүгийн тайлангаар ил болгосон нь энэ юм байна. Үүнээс 8.7 их наяд төгрөгийн цэвэр ашиг бүртгэгджээ. Энэхүү бүртгэлийн хүрээнд 26.6 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлөөд байгаа аж. Баталгаажуулаагүй тайлангийн хүрээнд гаргасан аливаа татварын тайлан нь хүчин төгөлдөр бус болдог тул баталгаажсан тайлангийн хүрээнд орлогыг бүртгэжээ.

Гааль, татварын ерөнхий газар:

Нийт 5 төрлийн татварын хүрээнд 89394 тайлангаар 34.2 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө, орлого ил болж, 8.2 их наяд төгрөгийн татвараас тус тус чөлөөлсөн байна. Энэхүү тайлангийн хүрээнд 2.46 их наяд төгрөгийн торгуулиас чөлөөлжээ.

Энэ дүнд гаалийн байгууллагад мэдүүлэх онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвар ороогүй юм байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газар:

Нийт 16636 даатгуулагчид хамаарах нийгмийн даатгалын 4165 нөхөн тайлан гаргаснаас 61.9 тэрбум төгрөгийн цалингийн орлогод хамаарах 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлсэн байна. Энэхүү бүртгэлийн дагуу нийт 7.8 тэрбум төгрөгийн алдангиас чөлөөлөөд байгаа аж.

Гааль, татварын ерөнхий газар:

Нийт 1795 иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 8140 гаалийн товч мэдүүлгээр 6500 орчим нэр төрлийн 353.8 сая ам.доллар буюу 516.1 тэрбум төгрөгийн бараа, тээврийн хэрэгслийг ил болгон нөхөн мэдүүлж, нийт 79 тэрбум төгрөгийн татвараас чөлөөлсөн байна.  Энэхүү бүртгэлийн хүрээнд 23.7 тэрбум төгрөгийн торгуулиас чөлөөлж ээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газар:

Нийт 399.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 647 төрлийн эд хөрөнгийн бүртгэл хийгдсэн байна.

744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж 428.5 сая төгрөгийн торгуулиас чөлөөлсөн байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна