Малчдын өвөлжөөг үл хөдлөх хөрөнгөд тооцно

2016 оны 2 сарын 25

Сэтгүүлч:
Улаанбаатар

Улсын хэмжээнд 145.2 мянган малчин мал маллаж амьдардаг гэсэн  судалгаа бий. Нийт малчин өрхийн 118 мянган нь өвөлжөө, хаваржаагаа албан ёсоор бүртгэлжүүлсэн байх юм. Уг нь малчид өөрийн өмч болсон өвөлжөө, хаваржаагаа бүртгэлжүүлж, тухайн газартаа үл хөдлөх хөрөнгөд тооцогдох барилга объектыг баривал малчдын өвөлжөө, хаваржааг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэхийг Барилга хот байгуулалтын яамнаас мэдээллээ. Жишээлбэл, малчин арилжааны банкнаас зээл авахаар болоход тухайн өвөлжөө, хаваржаагаа барьцаа болгон ашиглаж болох юм. Хамгийн гол нь малчдын өвөлжөө гээд нэг саравч байхаас гадна түүнийг тойрсон нутаглаж буй газрынхаа онцлогт тохируулан аргал, чулуу, мод зэргийг ашиглан өндрөөр үнэлэгдэх тодорхой объектыг барих шаардлагатай юм байна.

Нүүдлийн аж ахуй эрхэлж буй малчдын хувьд үл хөдлөх хөрөнгө эзэмших боломж хомс байдаг. Иймээс тэднийг хөрөнгөжүүлэх, эзэмшилд буй малын бэлчээр, газрыг нь эдийн засгийн эргэлтэд оруулахаар малчдын өвөлжөөний газрыг үл хөдлөх хөрөнгөд тооцох бүртгэлийн ажлыг Барилга хот байгуулалтын яамнаас орон даяар эхлүүлжээ. Өвөлжөө, хаваржааг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд оруулахын тулд эхлээд кадастржуулан баталгаажуулж, хаяг дугаар олгохоор болжээ. Мөн малчдын өвөлжөө, хаваржааг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханштай дүйцүүлэн, үнэлэх  хэрэгцээ тулгарчээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна