Гачууртад усан цогцолбор барина

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Гачууртад усан цогцолбор барина

“Туул” усан цогцолборыг барих техник эдийн засгийн үндэслэлийг /ТЭЗҮ/ гурван хувилбараар боловсруулж өнөөдөр хэлэлцэж байна. Урьдчилсан байдлаар усан цогцолборыг барихад 370-400 орчим сая ам.доллар шаардлагатай гэх тооцоог гаргажээ. Одоогоор санхүүжилтийг хаанаас хэрхэн гаргах нь тодорхойгүй байгаа юм. Учир нь эхний ээлжид гурван хувилбараас боломжит ТЭЗҮ-ийг сонгох шаардлагатай. ТЭЗҮ-г баталсны дараа санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэхийг Засгийн газраас тодорхой болгоно гэлээ.

Нийслэлчүүдийн хувьд дан ганц газрын доорх усыг хэрэглэдэг. Гэвч газрын доорх усны эх үүсвэр нь хэмжээ хязгаартай. Тиймээс “Туул” усан цогцолборыг барих ажлыг 1980 оноос хойш ярьсаар ирсэн билээ. Гэвч ТЭЗҮ –г нарийвчлан гаргаагүй байсан юм.  Тэгвэл энэ удаад ТЭЗҮ-г таван тэрбум орчим төгрөгөөр нарийвчлан боловсруулахаар ажил эхэлжээ. БНСУ-ын “Юшин инженеринг”компани, Монголын “Престиж” компани хариуцан гурван хувилбартайгаар ТЭЗҮ-г боловсруулж, өнөөдөр боломжит хувилбарыг сонгохоор хэлэлцэж байгаа юм.

Нэгдүгээр хувилбараар бол цогцолборыг Туул голын эх, Босгын гүүрийн орчимд барихаар тусгажээ. Хоёрдугаар хувилбарт, Туул, Тэрэлжийн голын бэлчирт барихаар тооцоолсон байна. Харин гуравдугаар хувилбарт, Гачуурт, Налайхын дунд барихаар тусгасан байна. Албаныхны зүгээс хэлэлцээд нөөц боломж, байгууламжийн хүчин чадал, байгаль орчны нөлөөлөл зэргийг харгалзаад гуравдугаар хувилбарыг сонгохоор санал нэгджээ. Хэрвээ гуравдугаар хувилбарыг сонгосон тохиолдолд Гачуурт, Налайхын дунд байрлах талбайн амралтын газар, суурьшлын бүсийг нүүлгэх шаардлага тулгарах юм.

Ийнхүү талууд “Туул” усан цогцолборыг Гачуурт, Налайхын дунд байгуулах хувилбарыг сонгохоор болжээ. Энэ шийдвэрийг дараагийн ээлжид БОНХАЖЯ-ны усны нөөцийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлж батлах юм. Ингээд батлагдсанаас хойш гурван жилийн дотор “Туул” усан цогцолборын бүтээн байгуулалтын ажил босно гэдгийг албаныхан дуулгалаа.

“Туул” усан цогцолбор байгуулагдсанаар хүн амын өсөлт, хотжилтоос үүдсэн усны хомсдолыг арилгаж баталгаатай болгоно. Мөн дагуул хотуудын ус хангамжийн асуудлыг шийдвэрлэнэ. Туул голын урсцыг бүрдүүлж, тасрахаас сэргийлнэ зэрэг олон давуу талтай гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж