Б.Болор: Гадаадын хөрөнгө оруулалт бага байна

2016 оны 2 сарын 25

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжсэнээр 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж, 8.3 их наяд төгрөгийн татвар болон 2.5 их наяд төгрөгийн торгууль алдангиас тус, тус чөлөөлжээ. Энэ тухай мэдээллийг Сангийн сайд Б.Болор, Татвар, гаалийн ерөнхий газрын дарга С.Пүрэв нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Ил болсон хөрөнгө, орлогын хэмжээ цаашид ч өснө. Учир нь урьдчилсан мэдээгээр ийм дүн гарч байгаа юм.

УИХ-аас 2007 онд Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийг батлахад 4.5 их наяд төгрөгийн хөрөнгө, орлого ил болж байжээ. Үүнийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуультай харьцуулахад хэд дахин өсчээ. Гэхдээ энэ нь эдийн засаг 2007 онтой харьцуулшгүй томорч тэлснийг харуулж буйн зэрэгцээ улс татвараа бүрэн гүйцэд авч чаддаггүйн том жишээ болж байгааг Татвар, гаалийн ерөнхий газрын дарга хэллээ. Мөн татварын нээлттэй шинэ орчин бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо.

УИХ-аас баталсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжих хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүд 21275 санхүүгийн тайлан, 89394 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 15.6 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрчээ.


Ийм мэдээллийг өгсний дараа Сангийн сайд Б.Болор сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-Хууль хэрэгжиж дууссан хоёрдугаар сарын 20-ны өдрийн 17.00-00.00 цагийн хооронд программ гацсанаас болж, иргэн, аж ахуйн нэгжүүд тайлангаа гүйцээн өгч чадаагүй талаар зарим байгууллагуудаас гомдол ирүүлээд байна. Энэ асуудлыг яах вэ?

-Засгийн газрын өнгөрсөн даваа гаригийн хуралдааны үеэр нэлээд ярьсан. Энэ байгууллагуудыг бүртгэх тал дээр хуулийн хүрээнд ямар боломж байна гэдгийг бид судалж үзэж байна. Ямар нэгэн байдлаар энэ асуудлыг шийднэ.

-Нуусан их хэмжээний хөрөнгө, орлогыг ил болголоо. Яг ямар аргаар болон ямар шалтгаанаар хөрөнгөө нуусан байдаг юм бол. Энэ асуудлыг судалж үзсэн үү?

-Олон улсын байгууллагууд Монгол оронд далд эдийн засаг цэцэглэж байна гэсэн судалгаа гаргадаг. Энэ судалгаанд үндэслэн уг хуулийг өргөн барьсан. Хэрэгжилтийн үр дүн нь сайн гарлаа. Хаанаас ямар байдлаар хөрөнгө орж ирж байгаа вэ гэдгийг тогтоохоор судлаачид ажиллаж байна. Нарийн судалгаа хийж дуусаагүй байна. Судалгааны хариу гарахаар нь хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийнэ.

-Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотойгоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд ар гэрийнхнийг нь хамруулах боломжгүй байна гэсэн. Энэ асуудал яах вэ?

-Хуулийнхаа хүрээнд явна. Хөрөнгө орлого мэдүүлдэг хүмүүс үүнд огт хамрагдаагүй. Анх Засгийн газар хуулийг өргөн мэдүүлэхдээ хамруулахаар тусгасан байсан. Бүгдэд нь тэгш хандах зарчим барьсан. Гэвч УИХ-ын төвшинд хуулийг хэлэлцэхдээ хөрөнгө орлого мэдүүлдэг иргэн хамрагдах ёсгүй гэж үзсэн учраас хуулийн хүрээнд л явна.

-Сервер ажиллахгүй болсноос тайлангаа өгч чадаагүй байгууллагуудыг яах вэ. Шийднэ гэж та дээр хэлсэн. Хуулийн хугацааг сунгах юм уу, ямар гаргалгаа гаргах юм бэ?

-Сервер “унасан” шалтгаан байгаа. Өнгөрсөн жилээс эхлээд хоёрдугаар сарын 20 хүртэл хугацаа өгсөн. Гэтэл энэ сарын 20-нд бөөнөөрөө орж, серверийн ачааллыг нэмэгдүүлсэн. Одоо хугацааг сунгах боломж байхгүй.

-Сангийн яам, Монголбанкнаас шалтгаалан орон сууцны таван хувийн зээл хүлээлтэд орлоо. Ямар асуудлаас болж гацаад хэрэгжихгүй байгаа юм бэ?

-Орон сууцны зээлийн хүүг таван хувь болгох ажлыг хийнэ. Монголбанктай Сангийн яам хамтран ажиллаж байгаа. Хамгийн ойрын хугацаанд шийдэхээр төлөвлөж байна. Засгийн газраас журам нь батлагдсан.

-ОХУ-д төлөх 3.8 сая ам.долларын өрийг хэдийд шилжүүлэх бэ?

-ОХУ-д төлөх өрийн асуудлаар хэвлэл мэдээллээр нэлээд шуугисан. Энэ асуудал өөрөө нэлээд эртнээс хоёрын улсын хооронд яригдсан асуудал. ОХУ-д төлөх өр нь 3.8 сая ам.доллар байгаа. Засгийн газар төсөв батлуулахдаа энэ мөнгийг суулгаж өгсөн. Тийм учраас 3.8 сая ам.долларыг энэ сардаа багтаад ОХУ-д шилжүүлэх боломжтой.

-Улсын төсөв ямар байгаа вэ?

-Төсвийн орлогын биелэлт 90 гаруй хувьтай байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй эерэг үзүүлэлт. Төсвийн бүрдүүлэлтийг хангах хүрээнд Сангийн яам, Гааль, татварын газар нэлээд хүчин чармайлц гаргаж ажиллаж байгаа. Өмнөх онуудыг харахад нэгдүгээр улирлын эхний саруудад төсвийн орлого тааруухан бүрддэг байсан. Бид ямар ч байсан цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, орон нутаг руу шилжүүлэх мөнгөнүүдээ цаг тухайд нь хийгээд явж байна.

-Улсын төсөвт хэдийгээр тодотгол хийх вэ?

-Тодотголыг тодорхой хуулийн заалтын дагуу хийдэг. Бид тэр хүрээндээ ажиллаад явна. Төсөвт тодотгол хийх тодорхой нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд хаврын чуулганаар тодотгол оруулах боломжтой. Эсвэл намар хийнэ. Сонгууль болохтой холбоотойгоор төсөвт тодотгол зайлшгүй хийж таарна.

-Мазаалай бондыг олон улсын зах зээл дээр босгох яриа гараад намжлаа. Бонд босгох асуудал юу болсон бэ?

-Зах зээлийн эдийн засагтай улс орон жил бүр үнэт цаас гаргадаг. Энэ эрхээ УИХ-аас төсөв батлах үеэрээ авдаг. Өрийн таазандаа багтааж, тодорхой эрхийнхээ хүрээнд олон улсын зах зээл дээр бонд босгох ажлыг бид эхлүүлсэн байсан. Энэ ажил эхэндээ нэлээд амжилттай явж байсан ч улстөрийн нөхцөл байдлаас үүдэн зогсонги байдалд орсон. Биднийг бондын зах зээл рүү гарч байх үед хүү 8-9 хувьтай байсан бол одоо 13 хувь руу орсон. Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн барьсан өдөр хүү огцом өсч, завсарлага авсны дараа мөн огцом өссөн. Нэгэнт хүү огцом өсчихсөн учраас буцаад амархан буурахгүй байна. Тиймээс түр зогсоод байгаа.

-Засгийн газраас бонд босгох талаар дахин ажиллах уу. Ер нь бондоор хэдий хэмжээний хөрөнгө босгох төлөвлөгөө байсан юм бэ?

-Хүү өндөр байгаа учраас бонд авах талаар дахин ямар нэгэн алхам хийх төлөвлөгөө алга. Яг хэдий хэмжээний хөрөнгө босгох талаар ярилцсан зүйл байхгүй байна.

-Бонд авч чадахгүй болсон гол шалтгаан нь зээлийн хүү өндөр байгаатай холбоотой юм байна. Хэрвээ хүү буурвал бонд босгох ажлын эхлүүлэх үү. Хүү хэд байвал Засгийн газарт ашигтай вэ?

-Зээлийн хүү мэдээж нэг оронтоо тоо руу орсон нөхцөлд бондын талаар ярилцах боломжтой.

-Хятадын экспорт, импортын банкнаас 1.3 тэрбум долларын зээл авах гэж байна гэсэн мэдээлэл бий. Хэзээ ажил хэрэг болох вэ?

-БНХАУ-тай өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр тохирсон хөнгөлөлттэй зээл байгаа юм. Энэ асуудлаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн долоо хоногт Бээжинд очиж, албан уулзалтууд хийгээд ирсэн. Төслүүд анхнаасаа тодорч, ирэх дөрвөн сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

-Энэ ондоо багтан эдийн засаг сэргэх үү. Иргэдийн худалдан авах чадварыг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 50 шахам хувиар буурлаа. Мөнгөний нийлүүлэлт мөн буурсан мэдээ бий. Үүнээс болж, иргэд, аж ахуйн нэгжүүд бүсээ чангалах уу, яах вэ гэж байна. Энэ хүрээнд хийсэн судалгаа байна уу, төлөв яаж гарч байна?

-Хойд хөрш ОХУ-ын эдийн засгийн өсөлт хоёр жил дараалан хасахтай гарлаа. Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 20 жилд байгаагүй өсөлттэй гарлаа. Зүүн европ, баруун европын орнууд гээд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Монгол орон өөрөө үйлдвэрлэгч орон биш, түүхий эдээс маш их хамааралтай. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын олон улсын байгууллагаас гаргасан судалгаа, CNN, Bloomberg мэдээллийн хэрэгслээр явж байгаа мэдээллийг харахад Гацууртын ордыг ашиглах, Оюутолгойн далд уурхай хөдөлсөн, Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого нь эергээр нөлөөлж тодорхой хэмжээний эерэг үр дүн харуулах бололцоо харагдаж байна. Гадны экспертүүд хэлж байна, дотоодын эдийн засагчид ч хэлж байгаа. Гол нь улс төрийн нөхцөл байдлаас хамаарна. Эдийн засгаа сайжруулах шаардлагатай байгаа үед улстөрчид нэгдмэл байж, улс төрийн популизмаас татгалзаж, эдийн засгаа “алах”-ааргүй юм руу яваасай л гэж бодож байна.

2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр бууруулах хуулийг УИХ-аас баталснаар хөрөнгө оруулалт буурсан. Хэдий нөхцөл байдал амаргүй байсан ч эдийн засгаа зөв гольдролд нь оруулах төсөв оруулж ирж байсныг та бүхэн санаж байгаа байх.

-УИХ-ын намрын чуулганаар Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хэд хэдэн хууль баталсан. Хэдий хэмжээний татварын чөлөөлөлт хийгдсэн бэ, төсөвт нөлөөлөх үү?

-Хуулийн төслийг өргөн барих үеэрээ төсөвт нөлөөлөх байдлын үнэлгээг байнга хийж байгаа. Хуулийг баталснаараа орлого яаж нэмэгдэх вэ гэдгийг судалж байгаа. Судалгаа дууссаны дараа нэгдсэн мэдээлэл өгнө.

-НӨАТ-ын азтан болсон ч хонжвороо авч чадахгүй байна гэсэн гомдол Засгийн газрыг 11-11 төвд ирсэн. Энэ асуудлыг судалж үзсэн үү?

-Энэ асуудлыг судалж үзсэн. Судалж үзээд саадгүй олгохоор болсон.

-Оюутолгой, Гацууртын орд гацаанаас гарлаа. Ер нь энэ оны төсөвт тусгагдаагүй орлогын томоохон эх үүсвэр гарч ирж байна уу?

-Ер нь бол том бүтээн байгуулалт явж эхлэхээр том зургаа харахаар эдийн засагт өгөх өгөөж нь их л дээ. Ер нь зах зээлийн эдийн засагт хувийн хэвшлээ дэмжих ёстой. Бид сүүлийн 20 гаруй жил төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн сэтгэлгээнээс гарч чадалгүй өдий хүрлээ. Том төслүүд явснаар эдийн засагт өгөх өгөөж нь нэмэгдээд ирэхээр татварын орлого нэмэгдээд ирэхээр орлогын эх үүсвэрүүд нэмэгдэх боломжтой. Үүнийг төсвийн тодотголын үеэр яриад явна.

-Гадаадын хөрөнгө оруулалт өнөөгийн нөхцөлд ямар байдалтай байна вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалт одоогийн нөхцөлд маш бага байна. Ерөнхийдөө өсөлт ажиглагдаж байгаа. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын шинэ хууль батлагдсантай холбоотой. Мөн томоохон төслүүдийг дагаж жижиг хөрөнгө оруулагчид орж ирэх хандлага ажиглагдаж байна. Сая Унгарын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ тал дээр нэлээд асуудлууд яригдсан. Тиймээс хөрөнгө оруулалтууд нэмэгдэх боломжтой.

-Төрийн байгууллагаас тэтгэвэртээ гарч байгаа иргэд тэтгэмжээ авч чадахгүй байна гэж байна. Сангийн яам тэдгээр иргэдэд мөнгө байхгүй хэмээн буцааж байгаа тухай иргэд ярьж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Ер нь цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг ямар ч саадгүй олгож байна. Ганц нэг гомдол ихэнхдээ иргэдтэй өөрсөдтэй нь холбоотой байдаг. Бичиг баримтын бүрдэлгүй дутуу байх жишээтэй. Энэ тал дээр яам иргэдтэй хамтарч ажиллаж байгаа. Энэ санхүүжүүлтийн яам өгч байгаа.

-Ээлжит бус чуулганаар Татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулж байна вэ?

-Татварын хуулийг чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгож байгаа. Үүнийг УИХ-аас ажлын хэсэг гарч ярилцсан. Хаврын чуулганаар баталж гаргана.

-Төсвийн ажлыг өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэсэн компаниуд мөнгөө авч чадахгүй байгаа. Мөнгийг нь хэзээ шилжүүлэх вэ?

-Ажил нь 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг 80 гаруй тэрбум төгрөгөөр барагдуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу санхүүжилтүүд олгогдоод эхэлсэн.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна