Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо

2016 оны 2 сарын 25

Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо.

Нээлттэй засгийн түншлэл гэдэг нь гишүүн орнууддаа нээлттэй, иргэдийн оролцоог дэмждэг, тэднийг сонсдог, авлигын эсрэг тэмцдэг, хариуцлагатай Засгийн газар болж дэвжихэд нь олон улсын тавцанд гаргах зорилго бүхий олон талт хамтын ажиллагаа юм. Дэлхийн  69 орон энэ түншлэлд нэгддэг. Манай орон 2014 онд нэгдэн орсон гэж Нээлттэй засаг түншлэлийн үндэсний зөвлөлийн дэд дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд хэллээ.

Нээлттэй засаглалийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаанаар “Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г баталж, төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаа болон төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах, шударга ёсыг бэхжүүлж, авлигыг бууруулах хүрээнд хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэлээ.

Монгол Улсын Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө төр засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээ авах, нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх,  авлига,  хүнд сурталтай хийх тэмцэлд эрс шинэчлэл гаргах,  төрийн үйл ажиллагаанд иргэд бүхий л хэлбэрээр оролцдог байх бололцоог эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийх  зэрэг зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд“11 11” төв, Төрийн үйлчилгээний цахим машин зэрэг үйлчилгээг нэвтрүүлсэн нь иргэдийн санал, гомдлыг хүлээн авах, Засгийн газрын бодлого, шийдвэрт тусган ажиллахад ихээхэн хувь нэмэр оруулж байна гэж өргөтгөсөн хуралдааныг нээхдээ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хэллээ.

Нээлттэй засаглалын түншлэлийн зарчмуудын хүрээнд тодорхой үүрэг амлалтуудыг олон улсын нээлттэй засгийн түншлэлд өгч, хэрэгжүүлж, тайлагнадаг, түүнд нь хөндлөнгөөс үнэлгээ өгч олон талаас нь ярилцаж, дараа дараагийн удаадаа сайжруулдаг. Энэ тухай дэлгэрэнгүй хэлэлцүүлэг өрнүүлэх нь өнөөдрийн хуралдааны гол зорилго юм. Хуралдаанд нээлттэй засаг түншлэлийн Дэмжлэг үзүүлэх нэгжийн хөтөлбөрийн ажилтан Жак Махони, Ази, номхон далайн бүсийн иргэний нийгмийн зохицуулагч Шреяа Басу нар оролцож олон улсын нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагаа, туршлагын талаар тайлагналаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна