Р.Гончигдорж уу, З.Нарантуяа юу

Хуучирсан мэдээ: 2016.02.25-нд нийтлэгдсэн

Р.Гончигдорж уу, З.Нарантуяа юу

Эрх баригчид Үндсэн хуулийн Цэцийн даргыг огцруулж түрхэн зууртаа ялалтын марш эгшиглүүлэв. МАН энэ асуудалд эвлэршгүй байр сууринаас хандсаар чуулганыг өндөрлүүлсэн, даргаа алдахаас өмнөхөн Цэцийн гишүүд гарын үсэг зурсан мэдэгдэл гаргаж УИХ хууль зөрчсөн шийдвэр гаргах гэж байгааг анхааруулж байсан, харин одоо Ж.Амарсанаа шүүхэд хандах боломжтой зэрэг хүчин зүйлүүд Ж.Амарсанаагийн талд байгаа ч түүний хувьд бүх зүйл нэгэнт өнгөрснийг сануулах юун. Шүүхэд хандаад ч цаашдын зам нь нэн бүрхэг. Учир нь Ж.Амарсанааг Дээд шүүхээс санал болгон Цэцийн гишүүнээр томилуулж байсан тул энэ харьяаллаараа эгүүлэн татах саналыг Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүгч н.Батсуурь чуулганд танилцуулсан. Тиймээс Ж.Амарсанаа хуулийн дагуу анхан шатны шүүхэд хандаад заргаа авлаа гэхэд Дээд шүүх дээр очоод бодлогоор унах нь бараг тодорхой.

Олон нийт ч Ж.Амарсанааг мартаж Цэцийн шинэ дарга хэн байхыг таамаглаж эхлэв. Цэцийн даргыг суудлаас нь хусах асуудал босож ирэх үеэс л Р.Гончигдоржийн нэр хэвлэлүүдээр явж эхэлсэн. 2001 оны Үндсэн хуулинд оруулсан “дордохын долоон өөрчлөлт”-ийн гол авторуудын нэг Р.Гончигдорж өдгөө 63 настай. Зи дарга нь түүнийг Цэцэд шургуулж, Цэцийн найман гишүүн гараа өргөн бууж өгөөд даргаараа сонгох хувилбар яригдсаар байгаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хэвлэлд өгсөн урт гэгчийн ярилцлагадаа өөрийг нь Цэцийн даргаар очих гэж байгаа гэх шуугианыг үгүйсгэсэн ч илт эсэргүүцсэнгүй. Тэрээр “Хамгийн түрүүнд Үндсэн хуулийн цэцийн дараагийн дарга нь Р.Гончигдорж байна гэсэн мэдээлэл гарсан байна. Та үүнд хариулт өгөхгүй юү. Та Цэцийн дарга болох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Нэг хүнийг дарга болгох зорилгоор нөгөөг нь огцруулж байгаа мэт мушгисан яриа гарахад эмзэглэж байлаа. Энэ бол тийм зорилготой зүйл огт биш юм” гэжээ. Энэ бол харин үнэн. Р.Гончигдоржийг Цэцийн даргаар томилохын тулд Ж.Амарсанааг огцруулаагүй бөгөөд асуудлын гогцоо АН-ын дарга, парламентын спикерийн сандал суудлыг ороочихоод байсантай холбоотой.

Тэрээр үргэлжлүүлэн “…Харин Цэцийн даргыг томилох асуудал ёс, журмынхаа дагуу л явна шүү дээ. Цэцийн нэг гишүүн нөхөгдөж томилогдох ёстой. Цэц өөрөө хуралдаж байж дотроосоо энэ асуудлаа шийддэг. Тиймээс асуудлыг урьдчилаад, бүр тодорхой хүн дээр хамааруулж болохгүй. УИХ-ын гишүүн болоод хувь хүнийхээ хувьд хэлэхэд сая болж өнгөрсөн зүйл шиг үйлдэл гаргадаггүй, хууль зөрчдөггүй Цэцийн гишүүн, Цэцийн дарга л томилогдох ёстой” хэмээжээ.

Тэр асуултыг тун эвтэйхэн мушгиж өөрийгөө гадна нь үлдээж чадав. Түүний үгнээс Р.Гончигдорж Үндсэн хуулийн Цэцийн дарга хэзээ ч болохгүй гэсэн эрс шулуун хариултыг олж харсангүй. Тэгэхээр Р.Гончигдорж энэ ярилцлагаараа дамжуулаад ҮХЦ-ийн дарга болохгүй ч гэсэнгүй, болно ч гэсэнгүй баахан бөөрөнхий хариулт өгчээ.

Гэхдээ Р.Гончигдоржийг тойрсон таамаглал хөвөрч байх зуур Үндсэн хуулийн Цэцийн даргын бас нэгэн шинэ хувилбар хэвлэлүүдээр түгж эхлэв. Тэр бол СЗХ-ны дарга асан З.Нарантуяа бөгөөд түүнийг Р.Гончигдоржоос илүү өндөр магадлалтай хэмээн бичжээ. З.Нарантуяагийн хувьд УИХ-ын дарга З.Энхболдын “баруун гарын хүн” гэгддэг бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. Тэрбээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхдөө Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг тус, тус үндэслэсэн гэдэг.

Тэгвэл түүний дараагийн зогсоол УИХ-д хүч үзэх бус Үндсэн хуулийн цэцийн дарга болж магадгүй гэх. З.Нарантуяаг Үндсэн хуулийн цэцийн даргаар томилохоор л ажлаас нь чөлөөлсөн байж мэднэ. Хэрэвзээ тэгвэл Р.Гончигдорж ч улс төрийн карьерээ төгсгөхгүй, дараагийн чуулганд санаатай үлдэж, З.Энхболд ч олонд түгсэн тэрхүү таамгийг хугалах юм. Энэ нөхцөлд Цэцийн шинэ гишүүнийг Дээд шүүхээс санал болгох ёстойг мартаж болохгүй. Ж.Амарсанаа Дээд шүүхээс Цэцэд орж, басхүү эгүүлэн татагдсан юм. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 4-т зааснаар “Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа 14 хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” хэмээн заасан байдаг ажээ. Тэгвэл Дээд шүүхээс Ж.Амарсанаагийн орны хүнийг санал болгох бөгөөд мэдээж хэрэг УИХ-ын гишүүн байх нь зохимжгүй тул З.Нарантуяа тохирох мэт. Саналаа 14 хоногийн дотор гаргах учиртай тул бид нэг их удахгүй Цэцийн шинэ гишүүний нэрийг сонсох юм. Харин түүнийг даргаар нь томилох уу үгүй юу гэдгийг Цэцийнхэн өөрсдөө л шийднэ.

С.БАТ

ЭХ СУРВАЛЖ: POLITIK.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж