Сумын Алдарт уяач Д.Ганболд: Боржигоноор бор соёолонгоо гуравлууллаа

2016 оны 2 сарын 25

Сэтгүүлч:
Завхан

Завхан аймгийн Отгонтэнгэр сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат, сумын Алдарт уяач Дашзэвэгийн Ганболдын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.


-Монголчуудын хувь заяагаа даатгадаг Отгонтэнгэрийн хүн юм байна. Хэдэн онд энд ирсэн юм бэ?
-Тиймээ, төрийн тахилгатай уулын хүн дээ, би. Аав ээж хоёр минь энэ нутгийн улс. Тэгээд Дорноговь аймгийн Даланжаргаланд илгээлтийн малчин болж ирж байсан юм билээ. Тухайн үедээ бага мал маллаж байсан гэсэн. Аав Завхандаа бол адуучин, тракторын жолооч явсан.

-Та хэдий үеэс морь уяж байна вэ?
-Ах бид хоёр багадаа Даланжаргаланд аймгийн Алдарт уяач Доржням гэж хүний уясан морийг унадаг байлаа. Түүний хоёр цагаан морь, цоохор хязааланг олон наадамд унаж уралдсан. Эндээс ах цоохор үрээг нь Бор-Өндөрт болон хэд хэдэн наадамд айрагдуулж байсан. Ингээд би удалгүй мориноос хасагдаж, уях сойх ажилд орсон гэж болно.

-Хаанахын адуугаар уяа эхлүүлж байв?
-Аав ээжийнхээ цуглуулсан адуунаас морь уяж эхэлсэн. Моринд дуртай хүүдээ тэд маань энд тэндээс олон адуу авч өгсөн. Доржням гуайн хүрэн азаргыг бэлгэнд өгч байлаа. Тэрний төлүүд багахан наадмуудад айраг, түрүүгээр хэд хэд давхисан.  Мөн Хэнтийн Баянжаргалан, Завхан, Дундговиос адуу авч цус ч нэлээн сайн сэлбэсэн. 1997 онд анх удаа  шүдлэн үрээгээ аймагт аман хүзүүдүүлээд моринд илүү их дурлах болсон. Аав ээж маань ч их баярласан. Яах аргагүй сэтгэлд үлдсэн сайхан наадмуудын нэг дээ. 200 гаруй үрээнээс аман хүзүүдэж байгаа тэр. Бас л өтгөн наадам байгаа биз. Гэхдээ түүнээс хойш бага адуунууд айхтар том наадамд оруулаагүй. Айлын хүүхдийн үсний найр, уул овооны наадмаар л давхиуллаа. Харин өнгөрдөг хавраас морьд сайхан эвлэж байна. Хэнтийн Дархан суманд болсон Хэнтийн баруун бүсийн уралдаанд соёолон айргийн таваар орлоо. Ноднин өвөл хоёр, гурван ч удаа зургаалаад байсан юм. Энэ зун нэг даага Хэнтийн Хэрлэнбаян-Улаанд очиж түрүүлж, аймгийн Түмэн адууны баяраар аман хүзүүдлээ. Дараа нь Боржигон наадамд бор соёолон айргийн гурваар орлоо.

-Хэзээ сумын Алдарт уяач цолоо авсан бэ?
-Аймгийн бүсийн нэг айраг, сумын наадмын нэг түрүү, 14 айргийн амжилтаараа өнгөрсөн хавар сумын Алдарт уяач болсон. Миний оролцсон чансаа өндөр уралдаан гэвэл Дархан суманд болсон аймгийн бүс, саяны Боржигон наадам байна. Энд миний бор морь, ягаан дааганы гаргасан амжилт илүүтэй. Бор морь манай халхын талд төрсөн Сүмбэрийн адуу. Эцэг тал нь Хялмааны Баяраагийн шаргаас гаралтай. Би нэг ах хүүгээсээ худалдаж авсан юм. Энэ жил хавчиг морь болж байгаа. Боржигоны наадамд айрагдаж, Дундговийн 90 жилд зургаалсан. Жижиг наадмуудад олонтаа орсон. Энэ жил хэд хэдэн айргаар амжилтаа нэмчихээд байгаадаа баяртай сууна.

-Адууныхаа удам угшлыг сайжруулахад хэр анхаарч байна вэ?
-Манайх Дорноговийн Даланжаргалангийн адуутай. Би Сүхбаатар, Завхан, Төв аймгийн Баянжаргалангаас  хэдэн адуу авчирлаа. Манай хадам аав Дундговь аймгийн Хулд сумын Дашзэвэг гэж хүн бий. Надад хадмын адуунаас ч мөн байна.

-Адуунаасаа гаргаж, наймаа хийж байна уу?
-Архангайд нэг хар халзан даага гарсан. Ноднин 13 уралдаж 11 айрагдсан байна лээ. Энэ мэтээр энэ тэнд өгсөн адуу сайхан уралдаж байгааг сонсоод баярладаг.

-Танай Баянтал сумын дээд гурван насанд хэний хурдан хүлгүүд тэргүүлж байна вэ?
-Азарганд МУ-ын Алдарт уяач Цэлхээн Бямбасүрэнгийн хүрэн байна. Нямка гэж хүний хонгор азарга бас их хурдан байна. Энэ хонгор азарга Айрагийн хаврын бүсэд түрүүлж, Хэнтийн Дарханд айргийн таваар хурдлан, Дундговийн Цагаандэлгэрт бас айрагдсан. Их моринд манай найз Доржсүрэнгийн хонгор халзан морь сайн байна. Хонгорын овооны бэлгэдлээр ч тэр юмуу манай үүгээр хонгор зүсмийн адуу илүү давхидаг шиг байгаа юм.

-Бидний яриа энд хүрээд жаргаж байна. Ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

ЭХ СУРВАЛЖ: www.todmagnai.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна