Хүний эрхийн хэлэлцүүлэг халуухан боллоо

2016 оны 2 сарын 25

 

Төр, иргэний нийгмийн байгууллагын дууг хоолойг сонсож бодлого шийдвэртээ тэдний саналыг тусгах нь иргэнлэг нийгмийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл хууль тогтоогчид, иргэний нийгмийн байгууллагууд харилцан уялдаатай хамтран ажиллах нь Монгол улс дахь хүний эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил авчрах гарц ч гэж үздэг. Тэгвэл тэд нэг ширээний ард шийдвэрлэх ажлаа ярилцсан ээлжит уулзалтаа 2016 оны 02-р сарын 18-ны өдөр Төрийн ордны Г танхимд хийлээ. Урьд нь “Хэн байхаас нь үл хамааран хүний эрхэм чанарыг хүндлэе”, “Хүний хөгжих эрх”, “Шударгаар шүүлгэх эрх-Эрүүгийн процесс” зэрэг асуудлаар иргэний нийгмийнхэнтэй зөвлөлдөж, хүний эрхийн стандартыг хуульд тусгуулах талаар саналуудаа нэгтгэж байсан эрхэм бол УИХ-ын гишүүн Л.Болд.

 

Тэрбээр тун саяхан УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгогдож  анхны хэлэлцүүлгээ “Хүний эрхийн үндэсний төлөвшил-15 жил” сэдвийн хүрээнд өрнүүлэв. Уулзалт, хэлэлцүүлэгт Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ц.Оюунгэрэл, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг болон холбогдох яам газар, хүний эрхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 18 иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

 

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд нийгэмд гараад байгаа хүний эрхтэй холбоотой хурц, хөндүүр асуудлуудыг хөндөн ярьсан байна. Тухайлбал, Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн хувьд МУИС-ийг төгссөн Англи улс руу суралцахаар төлөвлөж байсан залууг сэтгэцийн өвчтэй өөрөө өөрийгөө хорлосон гэсэн ойлголтыг нийгэмд түгээсэн. Байгаль ан амьтны төлөө тууштай тэмцэгч гэдэг үүднээс нь мөрдлөгөө сайн явуулж энэ хэргийн үнэн мөнийг олох ажлыг шуурхайлж өгөөч гэдэг хүсэлтийг уулзалтын үеэр тавьсан юм. Түүний хувьд идэвхтэн байгаль хамгаалагч байсан. Цаашид байгаль хамгаалагчдынхаа статусыг нэмэгдүүлэх, нэр томьёон дээр нь ч анхаарч олон улсын стандартад нийцсэн багаж хэрэгсэл, техник, хувцсаар хангах асуудлыг Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиндаа тусгаж ажиллахгүй бол зэвсэглэсэн хулгайчдын араас гар нүцгэн байгаль хамгаалагчид явж хүний наад захын эрхээ хамгаалуулж чадахгүй байгааг Ирвэс хамгаалах сангийн ажилтан Г.Энхтүвшин онцоллоо.

 

Ажлын байрны бэлгийн дарамтын том жишээ болсон Баянчандмань суманд гарсан хэргийн талаар хэлэлцүүлгийн үеэр олон хүн хөндлөө. Хохирогч бүсгүйг ажлын нөхцлөөр хуурч авчирсан албан тушаалтан ажилдаа эргэн орсон асуудал ноцтойгоор яригдав. Уг асуудалд ул суурьтай хандаж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Мартын 8-ны өдрөөс өмнө тодорхой албан тушаалтнуудад хандаж тодруулга авч өгөхийг Хүний эрхийн дэд хорооноос хүслээ. Баянчандмань суманд гарсан хэрэг дээр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Хөдөлмөрийн хуулинд ажлын байрны бэлгийн дарамтыг тусгайлан зааж, суулгаж өгөхгүй бол энэ байдал газар авах шинжтэй байгаа тул УИХ-ын Хүний эрхийн дэд хороо үүн дээр анхаарал хандуулж ажиллахыг хүсэж байна” гэлээ.

 

Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2-р сарын 8-ны өдрийн тушаалаар хүүхдийн эрхэлж болохгүй ажил хөдөлмөрийн жагсаалт гарчээ. Түүнд 5-р сарын 1-н хүртэл явагдах хурдан морины уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх тухай зааж өгсөн юм. Гэтэл уг тушаал гараад удаагүй байхад хаврын морин уралдаан “Дүнжингарав-2016”-г энэ сарын 28-ны өдөр, Өвөрхангайд хангай бүсийн морин уралдааныг 3-н сард зохион байгуулагдах тов гараад байна. Монголчууд моринд дуртай. Уламжлалаа бид үгүйсгээгүй. Гэхдээ хавар өвөл хүйтний улиралд морин уралдаанд хүүхдүүдийг оролцуулахгүй байх талаарх Хөдөлмөрийн сайдын тушаал гарчихаад байхад түүнийгээ хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжилж байлаа. Хууль зөвхөн цаасан дээр бичигдэж амьдралд буудаггүйн энэ мэт жишээг эргэн харж ажиллахыг хүний эрхийн дэд хорооноос  Хүүхдийн эрх хамгаалал төвийн тэргүүн Л.Бадамцэцэг  хүслээ. Уулзалт хэлэлцүүлэг Туул голын ай сав дагуух тусгай зөвшөөрөл, олон нийтийн цахим сүлжээ, уул уурхай, ашигт малтмалтай холбогдсон асуудал, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар олон чухал асуудлуудыг хөндсөн нээлттэй хэлэлцүүлэг болж өндөрлөсөн юм.      

 

Төр, нийгмийн уялдаа холбоог сайжруулсан дээрх хэлэлцүүлэг цаашид үргэлжлэн явагдана гэдгийг Хүний эрхийн дэд хороо уулзалтын үеэр тодотголоо.