Аниргүй дэх өнгө

2016 оны 2 сарын 26

Хэрвээ энэ орчлонгоос чимээ шуугианыг нь хасчихвал хорвоо ямархан харагдах бол? Эчнээ танил өнгөөрөө л дүнсийх болов уу, эсвэл тэс өөрөөр үзэгдэх болов уу. Магадгүй энэ асуултын хариуг бид сонсголын бэрхшээлтэй иргэдийн уран бүтээлээс олох байх...

Сонсголын бэрхшээлтэй зураачдын анхдагч гэгддэг Ц.Шаалайхүү агсаныг 16 настайд буюу 1965 онд Ховд аймагт нам төрийн удирдагч Ю.Цэдэнбал айлчилж, түүнд их удирдагчтай уулзаж, зурсан хөргөө дурсгах хүндтэй завшаан тохиожээ. Ю.Цэдэнбал хүүд болон түүний ар гэрийнхэнд нь хотод сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай сургууль бий, тэнд очиж сурах хэрэгтэй тухай зөвлөөд буцсан аж.

Ингээд Ц.Шаалайхүү хотод ирж, дохионы хэл сурч, Ардын зураач Л.Гаваагийн дугуйланд хамрагдсанаар уран бүтээлийн замнал эхэлжээ. Түүний татсан зам зөвхөн хувь уран бүтээлчийнх байсангүй бүтээхүйн хүсэлд шатаж явсан олон арван сонсголын бэрхшээлтэй охид хөвгүүд түүний замналаас урам зориг авч, түүн шиг зураач болно хэмээн мөрөөдсөөр урлагтай хувь заяагаа холбожээ.

Нийслэлийн 29-р тусгай дунд сургуулийн зургийн кабинетээс Ц.Шаалайхүү агсны хөрөг голдуу уран бүтээлүүдтэй танилцаж болно. Оны өмнө Ц.Шаалайхүү гуайн охид эл кабинетийг засаж тохижуулж өгөх үеэр гэрт нь хадгалагдаж байсан бүтээлүүдийг энд байрлуулсан тухай тус сургуулийн зургийн багш Л.Дэшдэндэв гуай хүүрнэв.

Ц.Шаалайхүүгийн бүтээл

Дашдэндэв багадаа тарианд хордож, муу сонсдог болсон бөгөөд 1979 онд хуучнаар Дүрслэх урлагийн дунд сургуулийг дүүргээд арваад жил уран бүтээлийн зам мөр хөөж яваад, 1994 онд 29-р дунд сургуульд уран зургийн багшаар ажилд оржээ. Энэ нь тохиолдлын сонголт байсангүй. Аав Лхагважав нь ч энэ сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан гэнэ. Үүнээс хойш тэрээр хорь гаруй жил 29-р сургуулийн уран зургийн хичээлийг ганцаараа зааж байна. Багш болсноос хойш уран бүтээл маань орхигдсон, хүүхдүүдтэй ажиллах, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллахад цаг их шаарддаг хэмээн Дашдэндэв гуай өгүүлэв.

Тэрбээр энгийн нэг сурган хүмүүжүүлэгч байсангүй. Шавь нарынхаа үзэсгэлэнг дотоодод төдийгүй гадаадад зохион байгуулж, дунд сургуулиудын дундах гар зургийн уралдаанд тогтмол амжилт үзүүлсээр иржээ. Сүүлийн дөрвөн жил Ц.Шаалайхүү агсны нэрэмжит зургийн уралдааныг зохион байгуулж байгаа гэнэ. Түүний энэ хичээл зүтгэлийг Боловсрол, Нийгмийн хамгаалал, Соёл гэсэн гурван салбарын тэргүүний ажилтны тэмдэг нь батална. Захирал намайг өөрийнхөө нэрэмжит уралдааныг зохион байгуулаач гэдэг л юм. Надаас өмнө ийм хүн байхад яаж болох вэ. Гэхдээ тэтгэвэрт гарахаасаа өмнө өөрийнхөө нэрэмжит уралдааныг зохион байгуулна. Би өөрөө хийхгүй бол өөр хийх хүн гарахгүй биз хэмээн тэрээр хуучлав.

Дашдэндэв гуай тэтгэвэрт гарах дөхөхийн хэрээр дохионы хэлтэй, уран зургийн боловсролтой хүн хайж байгаагаа ч дурдав. Мөн орчин үеийн хүүхдүүд залхуу болж байна, зурахгүй байна хэмээн харамсангуй өгүүлсэн.

Хүмүүний бүтээхүйн хүсэл гээч ямар ч бэрхшээлийг даван гарахуйц хүчтэй байдаг ажээ. Л.Бетховен амьдралынхаа сүүлийн жилүүдэд сонсголоо алдсан ч уран бүтээлээ үргэлжлүүлсээр байсан бол Клод Монье ч сохрохын ирмэгт ирсэн ч зурсаар л байсан гэдэг. Түүний сүүл үеийн бүтээлүүд дэх цэнхэр өнгө хараагаа хэсэгчлэн алдсантай нь холбоотой байв. Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш байдалд дэлхийн нийтээр анхаарах болсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо урлагийн бүхий л талбарт эрчимтэй нэмэгдэж, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн театр, бүжгийн компаниуд олноороо уран бүтээлээ туурьвиж байна. Жишээлбэл, оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бүрдсэн Английн Six Apple Theater 2012 онд дауны синдромтой жүжигчдийн хамтаар У.Шекспирын Гамлетийг тавьсан бол, тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамардаг Physical Integrated Dance гэх бүжгийн бүхэл бүтэн чиглэл ч  эрчимтэй хөгжиж байна.

Энэ өөрчлөлтийн давалгаа манай улсыг ч хамарч байна. “Анх Ц.Шаалайхүү гэж хүний зургийг хараад л түүн шиг зурахсан гэж бодсон” хэмээн зураач Б.Ганзориг нүд нь гялалзан өгүүлэв. Тэр нөхдийнхөө хамтаар хоёр жилийн өмнө Монголын дүлий иргэдийн урчуудын хороог (МДИУХ) байгуулж, 2014 оны 10-р сард анхны бие даасан үзэсгэлэнгээ уран зураг, сийлбэр, арьсан урлал гэсэн төрлөөр есөн уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй гаргасан гэнэ. Одоогоор тус холбоо 25 гишүүн уран бүтээлчтэй бөгөөд сүүлийн үед хүрээгээ эрчимтэй тэлж байгаа аж.

Б.Баярмагнай “Хатан” график

Ганзоригийг 29-р сургуульд суралцаж байх үед зургийн хичээл ордог байсан Чулуунпүрэв багш нь зурагт хорхойссон шавь нарынхаа ирээдүйд санаа зовдог, зургаараа үргэлжлүүлэн суралцаасай хэмээн хүсдэг нэгэн байжээ. Ингээд тэрээр тухайн үеийн Дүрслэх урлагийн коллежтой ярилцаж үзсэн ч сонсголын бэрхшээлтэй иргэдэд хичээл заах чадвартай, дохионы хэл мэддэг багш нар байгаагүйгээс амжилт олоогүй аж. Гэсэн ч шавиа гэсэн багшийн тэмүүлэл дундарсангүй. Дүрслэх урлагийн сургуульд багшилж байгаад тэтгэвэрт гарсан Ц.Бүдбазар зураачыг ятгаж дөнгөснөөр Монголын анхны сонсголгүй иргэдэд зориулсан дүрслэх урлагийн коллежийн шав тавигджээ. Шинэ коллеж эхлээд Дүрслэх урлагийн коллежийн байранд байрлах санаатай байсан ч анги танхимын хүрэлцээ муу байснаас төрхөмдөө буюу 29-р сургууль руугаа буцсан гэнэ.

Ингээд Сонсголгүй иргэдийн дүрслэхийн коллежид анхны анги зургаан оюутантайгаар 1991 онд анхны улирлаа эхэлжээ. Уран зургийн хичээлээс гадна дүрслэх урлагийн онолын хичээлүүдийг хэлмэрч багшийн тусламжтайгаар ордог байсан нь ихээхэн үр дүнтэй байсан тухай төгсөгчдийн нэг, сюрреалист зураач М.Төвшинжаргал өгүүлэв. Тэрбээр сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчдээс бие даасан үзэсгэлэнгээ нээсэн анхны уран бүтээлч юм. Харамсалтай нь Соёлын яамны санхүүгийн дэмжлэг зогссоноор хоёр анги, арваадхан оюутан төгсгөөд энэ бяцхан коллеж хаагджээ. Энэ хоёр ангид Бүдбазар багшийн буянаар сонсголгүй уран бүтээлчдийн тоо нэмэгдэж эхэлсэн гэдгийг Б.Ганзориг онцолсон.

Одоо уран бүтээлч болох хүсэлтэй сонсголын бэрхшээлтэй залуус ДУДС болон бусад мэргэжлийн сургуулиудад элсэж, энгийн оюутнуудтай нэг ангид суралцдаг бөгөөд сүүлийн жилүүдэд төрөөс сонсголын бэрхшээлтэй оюутнуудын төлбөрт хөнгөлөлт олгох болсон гэнэ. Тэдний нэг СУИС-ын харьяа ДУДС-ын 4-р курсын оюутан Б.Энхтүвшин Ангийнхан маань дохионы хэл мэдэхгүй ч чадах ядахаараа тайлбарлаад тусалдаг. Энгийн хүүхдүүдтэй нэг ангид суралцахад тийм ч бэрхшээлтэй биш гэлээ.

Гэвч ийм сургуулиудад дохионы хэлний хэлмэрч байдаггүйгээс сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд урлагийн түүх зэрэг академик хичээлүүд дээр хоцордог тухай М.Төвшинжаргал дурдав. Тэр Бүдбазар багшийн эхлүүлсэн шиг тусгай ангийг ДУДС-ын дэргэд гаргаж хичээллээсэй гэж хүсдэг аж. 

МДИУХ гишүүдийнхээ уран бүтээлийг арилжаанд оруулж, гишүүдээ орлоготой болгох, авьяас чадварыг нь хөгжүүлэх зорилготой сургалтууд зохион байгуулах, гадаадын ижил төрлийн байгууллагуудтай холбоо тогтоох гэсэн гурван гол зорилгын доор үйл ажиллагаагаа явуулдаг аж. Сонсголын бэрхшээлээс шалтгаалан бага наснаасаа эхлээд л мэдээллээс таслагддаг, музей, уран зургийн галерейгаар байнга ордог ч дохионы хэлмэрч байдаггүйгээс тэр бүр хангалттай мэдээлэл олж авч чаддаггүй нь цаашид хөгжих замд нь саад болдог тухай хөрөг чиглэлээр дагнан уран бүтээлээ туурвидаг Ж.Нармандах ярилаа. Бид нар харснаа л зурдаг. Мэргэжлийн зураачид шиг абстракт бүтээл туурвиж чаддаггүй. Энэ нь мэдээлэл хангалттай хүртэж чаддаггүй, урлагийн түүхийн талаарх мэдлэг дулимгаас болдог байх. Гэхдээ бид нар энгийн зураачидтай л адилхан сэтгэл гаргаж зурдаг. Сонсохоос бусдыг нь чадна шүү дээ хэмээн тэрээр өгүүлэв. Энэ хоцрогдол цаашлаад тэднийг уран бүтээлээ борлуулах, орлогын эх үүсвэртэй болоход нь саад болдог аж. Иймд мэргэжлийн зураачдаас сургалт зөвлөгөө авах нь чухал тухай Б.Ганзориг онцлов. Мөн тэрээр сонсголын бэрхшээлтэй зурах хүсэлтэй, зурахыг заагаад өгөөч гэсэн хүүхдүүд олон байдаг болохоор Хүүхдийн урлан бүтээх төв дээр сонсголгүй хүүхдүүдэд зориулсан зургийн дугуйлан нээх хүсэлтэйгээ дурдсан. Гэхдээ мэдээлэл хангалттай хүртэж чадахгүй байна гээд суулгүй мэдээллийн технологийн энэ эрин үеийн олгож буй боломжийг алдалгүй ашиглаж, цаашид өсөж хөгжих хэрэгтэй гэж санагдсаныг нуух юун.

Ж.Нармандах “Гөлөгтэй хүү”

Хэдийгээр Монголын урчуудын эвлэл болон бусад байгууллагаас зохион байгуулдаг үзэсгэлэнгүүдэд хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийг урьж оролцуулдаг ч дохионы хэлний хэлмэрчгүйгээс уран бүтээлээ бусадтай хуваалцаж, тайлбарлан ярилцаж чаддаггүй аж. М.Төвшинжаргал Үзэсгэлэн нээгдэхэд бид нар зургаа аваачаад тавина. Үзэсгэлэн дуусахад аваад явна. Сонсохгүй гэдгээс маань ч болдог уу хэн ч бидэнтэй уулзаж, уран бүтээлийн талаар маань асууж сонирхдоггүй нь бага зэрэг урамгүй гэлээ. Тэрээр МУЭ гишүүн зураач бөгөөд олон жил үйл ажиллагаанд нь тасралтгүй оролцжээ. Гэвч мөн л хэлмэрч байдаггүйгээс чухам юу болоод байгааг нь мэдэж чадалгүй өнгөрдөг байсан тухайгаа ярив. Бид ихэнх тохиолдолд тэднийг биднээс өөр хүмүүс байгааг мартчихдгаас тэдэнд мэдээ мэдээллийг тэгш түгээж чаддаггүйг түүний яриаг сонсож байхдаа би ойлгосон. Цаашид зөвхөн урлаг соёл төдийгүй бүхий л салбарын хувьд мэдээллийг тэгш хүртээх тал дээр анхаарууштай санагдсан.

М.Төвшинжаргал Гэхдээ хэлмэрчийн асуудал бол хамгийн чухал нь биш хоёр дахь асуудал. Ямартай ч бид нар нэгдсэн маань нэг алхам. Цаашид ингээд халуун ам бүлээрээ байхад асуудлууд шийдэгдэх байх гэлээ. Тэгхээр цаашид МДИУХ оролцоотойгоор сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчид маань хөгжиж боловсрох, дуу хоолойгоо нийгэмд хүргэж, олон нийтийн хандлагыг өөрчлөх боломжууд улам бүр нээлттэй болох бизээ.

М.Төвшинжаргал “Бүсгүй”

Энэ бүх ажлын түүчээ болж МУЗ уран бүтээлчдэд тэнцвэртэй, тэгш боломжийг олгох, тэдний бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Аниргүй дэх өнгө” сонсголын бэрхшээлтэй зураачдын хамтарсан үзэсгэлэнг 2016 оны 2-р сарын 25-аас 3-р сарын 3-ыг дуустал зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд оролцож буй сонсголын бэрхшээлтэй уран бүтээлчид Тантай, бидэнтэй бүтээлээрээ дамжуулан үзэл бодлоо солилцон, харилцан ярилцахыг хүсч байна.

 

 


ДЭЛГЭРЭНГҮЙ МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЦАХИМ ХАЯГААС УНШИНА УУ!

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна