О.Баасанхүү: Хөөгөөд ч явдаггүй улстөрч баймааргүй байна

2016 оны 2 сарын 26

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс дараах тодруулгыг хийлээ.


-Ямар асуудал үүссэн болоод та Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд дуудаж байгаа юм бэ ?

-УИХ-ын гишүүн болсноосоо хойш би 32 хуулийн төсөл санаачилсан ч энэ Засгийн газрын үед ихэнх нь дэмжигдээгүй. Хуулийн төсөл санаачилна гэдэг компьютерын ард суугаад санаанд орсноо бичээд, өргөн барьдаг юм биш. Тодорхой судалгаа хийж, тэрнийхээ дагуу төрийн бус байгууллагаас саналыг нь асууж, тусган төсөл болгодог.  Тийм байтал төслийг маань Засгийн газар дэмждэггүй учраас Ерөнхий сайдыг үүнийгээ нотол, би төслөө хамгаалж мэтгэлцээнд оролцъё л гэж байгаа юм.

-Жишээ татвал ямар төслүүд тань Засгийн газрын дэмжлэг хүлээж чадаагүй юм бэ?

-Маш олон төсөл бий. Хамгийн сүүлд Хаалт хөгжлийн сангийн тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар санал авахад хоёуланг нь дэмжих боломжгүй гэдэг хариуг өгсөн. Уг нь энэ хуулийг дэмжээд УИХ-аар батлуулчихвал Монгол Улсад л хэрэгтэй.

“Эрдэнэт” үйлдвэр нөөцийн хэмжээгээрээ Оюутолгойгоос гурав дахин бага. Тэгсэн хэрнээ рояльтын 17 хувийн татвар төлдөг. Гэхдээ жил ирэх тусам тус ордын нөөц нь багасч, шавхагдана. Энэ үеэс ашиг өгөхөө больж, зардал ч өснө. Налайх шиг болбол яах юм бэ. Үүнд бэлтгэлтэй байхын тулд 17 хувийн татварынхаа таван хувийн татварыг төсөвт, 12 хувийг нь Хаалт хөгжлийн санд хадгалъя. Түүгээрээ хот байгуулъя, үйлдвэр байгуулъя гэсэн санаа энэ төсөлд туссан юм. Оюутолгой таван хувийн рояльти төлж байгаа шүү дээ, угаасаа.  

-Дэмжих боломжгүй шалтгаанаа Засгийн газар юу гэж тайлбарласан байдаг юм?

-Үгүй л гэж хариулдаг. Би өмнө нь энэ асуудлаар сайд С.Баярцогт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга нартай уулзаж, мөн утсаар ярьж байсан. Сайд С.Баярцогт “Яамдуудаас ирсэн санал нь л энэ. Би ганцаараа шийдэх биш, харин ч Засгийн газрын хуралдаанаар шуурхай оруулаад хариуг нь гаргаж өглөө” гэсэн. Би түүнд баярладаг. Зөв өө, зөв. Сайн ажилласан.

-Мэтгэлцээнд ялагдвал УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэсэн үү?

-УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гээгүй, УИХ-ын гишүүнээсээ татгалзана гэсэн. Одоо бодоход сонгуульд нэр дэвшээд ч хэрэггүй юм билээ. Яагаад гэвэл УИХ-ын гишүүнээсээ татгалзчихаад дараа нь дахиад нэр дэвшин УИХ-ын гишүүн болно гэдэг ичмээр үйлдэл байхгүй юу. Болох нь үндэслэлтэй байх ёстой. Энэ утгаараа УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэсэн үү гэдэг таны асуултыг дэмжиж байна.

-Мэтгэлцээнд ялагдвал та хэлсэн амандаа хүрч УИХ-ын гишүүнээсээ татгалзаж чадах юм уу? 

-Чадах юм уу гэж үү, энэ дэндүү жижиг асуудал. Утасгүй бол үхлээ юу гэдэг хошин шог гарсан. Тэрэн шиг УИХ-ын гишүүнээсээ татгалзчихвал үхчих гээд байгаа юм байхгүй.  Хуульч байсан хүн ажлаа хийгээд л явна. Би эцсийн эцэст гишүүнээр төрөөгүй.

-Хэрвээ мэтгэлцээн болоод та ялагдвал улс төрөөс бүрмөсөн явах юм байна гэж ойлгож болох уу?

-Улстөр хийх чадвартай нь улстөрөө л хийх ёстой. Гуйгаагүй байхад улстөрд ороод ирдэг, хөөгөөд байхад явдаггүй олон л хүн байна. Би тэдэн шиг баймааргүй байна. 2012 оны наймдугаар сарын 1-нд УИХ-ын гишүүний тангараг өргөхдөө би хоёр үг хэлсэн. Нийгэмд шударга ёс, хуулинд шударга ёсыг хамгаалж явна гэж... Хуулин дахь шударга ёсыг бий болгоно гэдэг хуулийн зөрчил арилгана л гэсэн үг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шүүхийн шинэчлэлийн хүрээнд санаачилсан хэд хэдэн хуулиуд батлагдсан. Түүнд 25 жил шүүгч хийсэн бол дуртай үедээ тэтгэврээ тогтоолгох эрхтэй гэж заасан байгаа. Гэтэл Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд дуртай үедээ тэтгэвэртээ гарч болохгүй гэдэг заалт байна. Энийг өөрчлөх үүрэг нь УИХ-ын гишүүн надад байгаа. Гэтэл Засгийн газар дэмжихгүй байна шүү дээ.

-Сүүлийн үед таныг Эрүүл мэнд, спортын сайд болох яриа гараад эхэллээ?

-Тийм ээ, ийм мэдээлэл гараад эхэлсэн. МАН Засгийн газраас гарах үед би хариултаа өгчихсөн. Засгийн газрын гишүүн болохгүй гэж...

Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлэх үеэр ч Засгийн газрын кабинетад орж ажиллахгүй гэдгээ мэдэгдчихсэн. Би залуу хүн, би өөрийн гэсэн нүүртэй хүн. Тийм жижиг юмаар тоглодог юм биш.

-Намаас тань Эрүүл мэнд, спортын сайдаар томилуулъя гэдэг санал гаргавал та өөрөө татгалзана гэсэн үг үү?

-Тийм ээ, би зөвшөөрөхгүй. Би Эрүүл мэнд, спортын сайдын суудлыг голсондоо биш Ч.Сайханбилэг гэдэг хүний удирдаж байгаа Засгийн газарт орох ёсгүй гэж үзэж байгаа учраас. Харин намынхаа гишүүдийг тэр хэмжээнд хүртэл үнэлж байгаад би талархана. Дахиад хэлье, би хэзээ ч энэ кабинетад орохгүй.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна