Оскарын тухай баримтууд

2016 оны 2 сарын 26

Америкийн кино академийн шагнал гардуулах 88 дахь Оскарын наадам болоход хоёр хоног үлдлээ. Магадгүй кино сонирхогч та ч бас хэн хэн шагнал авахыг тааварлаж суугаа биз ээ. Нэг ч Оскар аваагүй нөгөө хүний талаар бүгд л ярьцгааж байна. (Гэхдээ энэ жил нөгөө хүн шагнал авах магадлал тун өндөр байгаа гэж гадаадын хэвлэлүүд бичиж байгаа тул шилдэг гол дүрийн шагнал авна гээд мөрийгөө тавьж болно шүү.)

88 дах удаагийн Оскарын наадам энэ хоёрдугаар сарын 28-ны ням гаригт АНУ-ын Лос Анжелес хотын Холливууд дүүрэг дэх Долби театрт болох бөгөөд наадмын ёслолын ажиллагааг хар арьст инээдмийн жүжигчин Крис Рок хөтлөн явуулна.

Оскарт нэр дэвшигчдийг нэгдүгээр сарын 14-нд нэрлэсэн юм. Гэвч Оскарын гол шагналуудад нэг ч хар арьст уран бүтээлчийн нэр ороогүйгээс болж наадмыг бойкотлох хэрэгтэй гэсэн шүүмжлэл гарч, цахим ертөнцөд хэл ам тасрахгүй байгаа юм. Холливуудын жүжигчин Жада Пинкет Смит Оскарт дандаа “цагаан” уран бүтээлчид нэр дэвшиж, шагнал авдагийг эсэргүүцэж, Оскар хэтэрхий цагаан байна хэмээн Твиттерт жиргэснээс хойш энэ хэллэг нэлээн газар авсан. Ингэж эсэргүүцэх болсны шалтгаан нь сүүлийн хоёр жилийн хугацаанд нэг ч хар арьст уран бүтээлч Оскар аваагүй юм.

Оскарын түүх

Хамгийн анх Оскарын наадмыг 1929 оны тавдугаар сард Холливуудын Рузвельт зочид буудалд 270 хүний тусгай хүлээн авалт маягаар зохион явуулж байв. Хүлээн авалтын тасалбар нь тэр үед ердөө таван ам.долларын үнэтэй байжээ. Харин 88 дах удаагийн наадмын тасалбар 69 ам.долларын үнэтэй байна. Тухайн үед 1927-28 оны шилдэг уран бүтээлч, найруулагч, жүжигчид зэрэг 15 хүнд Оскарын шагнал гардуулсан байдаг. Ёслолын ажиллагаа ердөө 15 минут үргэлжилсэн гэдэг.

Учир нь ялагчдын нэрсийг ёслол болохоос гурван сарын өмнө хэвлэлээр зарласан байжээ. Энэ уламжлал 1930 оноос хойш хадгалагдаж нэр дэвшигчдийг урьдчилан зарладаг болсон юм.

24 каратын алтан баримал

Оскарын шагнал нь 34.3 см, 3.856 кг жинтэй, загалмайтны сэлэм тулан зогсч буй рыцарийг дүрсэлсэн арт-деко стилийн, цул металлыг 24 каратын алт (4.8 гр) болон британи металлаар бүрсэн баримал юм. Барималын суурь нь таван хигээс бүхий кино хальсны дамар юм. Тэрхүү таван хигээс нь Академийн шагналын гол таван төрөл болох зохиолч, найруулагч, жүжигчин, продюсер болон техникчдийг илэрхийлдэг байна. Баримлыг Жорж Стэнли Седрик Гиббоны загвараар урласан гэдэг. Барималыг яагаад Оскар гэж нэрлэх болсон нь одоо хүртэл маргаантай байдаг. АНУ-ын Кино Академийн анхны ерөнхийлөгч Бетт Девис шагналыг анхны нөхрийнхөө нэрээр нэрлэсэн гэж намтартаа бичжээ. Мөн Кино Академийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга байсан Маргерет Херрикт баримал авга ах Оскартай нь адилхан санагдсан тул ингэж нэрлэсэн тухай яриа бий. 1983-2015 оны хооронд Оскарын баримлуудыг “R.S. Owens & Company”-д захиалгаар хийлгэж байв. Жил бүр Кино академийн наадамд зориулж 50 баримлыг цутгадаг аж. 2016 оны Оскарын баримлуудыг Rock Tavern урлал, дизайны компани хариуцаж байгаа юм.

Оскар бол Кино Академийн өмч

1950 оноос хойш Оскарын шагналыг эзэн, эзэмшигч, залгамжлагч баримлыг зарж, худалдах эрхгүй болсон юм. Харин буцааж өгвөл Кино Академи нэг ам.доллар төлөх аж.  2011 онд Орсон Уэллсийн “Иргэн Кейн” киногоор авсан Оскарын шагналыг түүний үр хүүхдүүд дуудлага худалдаагаар 861,524 ам.доллараар худалдаалсан байдаг. Орсон Уэллс шагналыг буцааж өгөх тухай ямар ч гэрээ Кино Академитай байгуулаагүй учраас түүний залгамжлагчид шүүх хурал дээр заргаа авсан билээ.

1992 онд жүжигчин Харолд Рассел эхнэрийнхээ эмчилгээний зардлыг төлөхийн тулд 1946 оны Оскарын шагналаа ховор эдлэлийн цуглуулагчид 60,500 ам.доллараар худалдсан юм. Ингэж Харолд Оскарын шагналаа худалдсан ганц хүн болсон билээ. Оскарын шагналын эзэн баримлын албан ёсны эзэмшигч боловч үүнийг зах зээлд зарж, борлуулах боломжгүй аж. 1989 онд Майкл Тоддын ач хүү түүний Оскарын шагналыг киноны цуглуулагчид зарах гэж оролдсон ч Кино Академи шүүхэд зарга өгч ялалт байгуулсан байдаг.

Оскараас татгалзсан хүмүүс

Кино Академийн шагналаас татгалзаж, наадамд оролцохоос татгалзсан цөөнгүй уран бүтээлч бий. 1935 онд “Мэдээлэгч” киноны зохиолоор шагналд нэр дэвшсэн Дадли Николс Кино Академи болон Зохиолчдын эвлэлийн хоорондох зөрчлөөс болж 8 дах удаагийн наадамд оролцоогүйгээр барахгүй шагналаа авахаас татгалзаж байжээ. 1970 онд Жорж Скотт “Паттон” киноны шагналаа авахаас татгалзжээ. Сүүлд Оскарын шагналаас татгалзсан хүн бол жүжигчин Марлон Брандо. Тэрбээр 1972 онд “Загалмайлсан эцэг” киноны  дүрээр шилдэг эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшсэн ч АНУ-д уугуул иргэдийг гутаан доромжилж, ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцэн шагналаасаа татгалзсан юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна