Бааст гуайн эрдэнэсийн сан

2016 оны 2 сарын 26

Зохиолчид хөдөө нутгаар аялаад тал талаасаа цуглаж Чойбалсан хотод буудаллахад Бааст гуай бид хоёр нэг өрөөнд оров. Бааст гуай маань хэзээний үзэг цаас нийлүүлж сууна. Өрөөндөө саатах зуур тэрбээр цүнхнээсээ дугтуй гаргаж бичсэн захидлуудаа хийн хаяглаж, марк наах зуур,

  • Дүүг шуудан руу гүйлгэе гэвэй. Зэрвэс харвал Улаанбаатар луу хаягласан байх.

  • Хоёрхон хоноод буцахын хооронд яасан олон захиа явуулдаг юм? хэмээн тоглоомоор үг сөргөвөл,

  • Бүх юм түүх. Шуудангийн тамга тэмдэг хожмын цагт түүхийн нотолгоо болно. Аандаа та нар ойлгоноо хэмээн нухацтай хэлсэн нь хорин долоон жилийн өмнөсөн билээ.

Буцахын урьд орой Бааст гуай алга дарам зүссэн олон цаасан дээр хорхойн мөр мэт жирийлгэн бичсэн тэмдэглэлүүдээ хөзөр мэт тэвхийтэл өрж дэвтэрлээд гарчиг, он сар тавиад утсаар тоонолжлон боож цүнхлэв. Ингэж би азаар Бааст гуайн архив хэрхэн цогцолдгийг ойлгосон юм.

Өнгөрсөн зуны шиврээ бороотой өдөр гадаадын нэгэн судлаачийг түүнтэй танилцуулахаар очоод Бааст гуайн үй олон боодолтой бичвэрүүдийг хорхойсон харж суухдаа, зохиолчийн бичиг захидал сэлт нь хожмоо алт эрдэнэс мэт үнэт зүйлс болдог гэдгийг залуугийн харгайгаар төдийлөн ухаараагүй өнгөрсөндөө харамсч билээ.

Бааст гуайн тэмдэглэлийн дэвтрүүд, түүний дэвтэрлэсэн бичвэрүүд бол тэр чигээрээ Монголын уран зохиолын түүхийн архив юм. Бааст гуайн гэр бол ХХ, XXI зууны Монголын уран зохиолын номын сан юм. Тэрбээр үе үе хөдөө орон нутгийн сургууль, зарим номын сангуудад хэдэн зуугаар нь ном хандивласан тухай дуулддаг. Тэглээ ч огтоос шингэрсэн юмгүй тавиур, номын шүүгээнүүд нь дэлэнгээ дааж ядсан сүүтэй үнээнүүд шиг номоор чиндийж байдаг сан. Мэдээж энэ их өв бол Бааст гуайн хувийн сонирхлоороо цуглуулсан ном соёл. Өөр нэг  талаас нь харвал Монголын утга зохиолын олон үеийнхний амьд түүх, баларшгүй шастир юм. Өнөө намар би Бааст гуайн “Дурдатгал, дурсамж, бодол, эргэцүүлэл” хэмээх 19-р ботийн  2 – р дэвтрийг уншлаа. 850 хуудастай энэ ном бол түүний архивынхаа хуучин тэмдэглэлүүдийг хэрхэн түүхийн үнэт гэрч баталгаа болгож буйн толь гэлтэй. Монголын түүх соёлын олон эрхэмүүдийн тухай дурсамжаас гадна, уран зохиолын түүхийг гуйвуулсан элдэв таамаг, үнэнээс төөрсөн бичвэрүүдэд гарцаагүй хариултуудыг Бааст гуай минь өгчээ. Хэн ч маргахын аргагүй түүхэн баримттай, хувийн архивтай зохиолч үнэнийг ингэж улайтал хэлэхээс ч яахав. Уран зохиол дахь үнэн түүхийг гуйвуулахыг тэр үзэн яддаг, тийм зүйл гарвал голдоо хүртэл гомддог нэгэн ажээ. Түүний тэмдэглэлийн үнэ цэнэ ийм юм. “Нэргүй хэвлэгдсэн, нэгэн их мэдэгчийн бичсэнийг залруулахад”, “Нэгэн шүүмжийг эргэцүүлэн бодсоор” (“Донровын Намдаг юу гэж улив” шүүмжийн хариу залруулга), “Намайг шүүмжилж болно, доромжилж яах нь вэ?” гэхчилэн гуйвсан түүхүүдийг гарцаагүй баримт нотолгоогоор няцааж хариуг нь барьжээ.

Бааст гуай өөрөө тэмдэглэл, архиваасаа дутахгүй ойтой саруул сийрэгхэн байгаагийн бас нэг нууц нь өдөр бүр ном сөхөж, хуучин бичиг тоосоо үзэж, нөхдийнхөө тухай, уран зохиолынхоо төлөө санаа зовж, бодож дурсаж явдаг оюун сэтгэлийнх нь баялагтай холбоотой буй заа. Энэ тухай бодож суухдаа би Монголын уран зохиолын олон үеийн түүхийн амьд архив, ардын уран зохиолч Б.Бааст гуайгаасаа одоо бид юуг өвлөж авч үлдэж байна вэ? хэмээн өөрөөсөө асуувай. Түүний бичиг соёлын баримтат өв, нэн ховор цуглуулгатай номын санг нь хэрхэн хамгаалж өв болгон үлдээх тухай бодож байгаа байгууллага, хүмүүс байгаа болов уу? Ядаж Б.Бааст гуайг дагалдаж, шавилж, эсвэл түүний намтар, уран бүтээл, өвийг дагнан судалж буй судлаач бий болов уу? гэх мэт олон асуулт ар араасаа урган гарч ирэв.

Соёлын өвийн тухай бид хөшөө дурсгал, булш бунхан, эрт галавын амьтадын яс гээд олон л юмны тухай халаглаж байдаг. Харин бидний дэргэд амьд сэрүүн байгаа өв тээгчдийн тухай ер бодохгүй, тэднийг тоож харахгүй байна биш үү?. Ерэн есөн онд би Германд айлчилахдаа нэрт монголч эрдэмтэн В.Хайссиг гуайтай уулзаж билээ. Их эрдэмтэний гайхалтай цуглуулга бүхий номын санг худалдан авахаар Америкийн нэгэн судлаач нэг сая ам.долларын урьдчилгаа өгснөөр нь өвгөн эрдэмтэн эрүүл агаарт шинэ орон байртай болсон байв. Аль алиндаа хэрэгтэй л арилжаа. Уул нь Монгол улс түүнийг нь худалдаад авчихсан бол мөн л их эрдэнэс сэн гэж тэгэхэд бодогдож байж билээ. Энэ мэт их Явуу, Хөдөөгийн Пэрлээ, Мишигийн Цэдэндорж тэргүүтэний номын сан, бичиг соёлын өв хаачсан бол? Одоо Монгол улс алдартай эрдэмтэд, суут зохиолчдынхоо өвийг хадгалан хамгаалж авч үлдэж байгаа юу гэх асуулт дахиад л надад тулгарав.

Монгол улсын засгийн газар, аль эсвэл Нийслэл хотын захиргаа Б.Бааст гуайдаа урт насалж, улам ихийг бүтээхэд нь зориулж гайгүй хэдэн төгрөг өгөөд номын сан, архивыг нь гэрээлж болох юм даа гэж бодлоо. Ингэвэл өв соёл улс орондоо хадгалагдаж, зохиолч Бааст гуай маань ч урт насалж удаан жаргах болно доо хэмээн түүний оюун соёлын эрдэнэсийн сангаар ороод гарахдаа бодсоноо хуваалсу.

Зохиолч, яруу найрагч Г.МЭНД-ООЁО

2016.02.25

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна