“Үхлийн тулаан”

2016 оны 2 сарын 26

-Ихэнх улстөрчид жагсаалтад найдсанаас тойргоо “усалж” байвал илүү өлзийтэй бололтой-

Яг өнөөдрөөс дөрвөн сарын дараа парламентын сонгууль болно.  Төрийн ордон одоогоор эл хуль байгаа ч ичигсэд хөдлөхтэй зэрэгцээд улс төрийн өнөөх увайгүй хэрүүл, утга учиргүй талцал, тэмцэл эхлэх биз. Энэ хугацаанд улстөрчид гэртээ таг бүгээд, твиттер, фээсбүүкээр жиргэсэн шигээ суухгүй нь мэдээж. Ирэх зургадугаар сард болох сонгуулийн наймаа, тохироо намуудын болон фракциудын дунд ид л өрнөж байгаа болов уу даа.

Хоёр сар гарны өмнө буюу шинэ оны өмнөхөн баталсан Сонгуулийн тухай хуульд эцсийн хугацаа нь тавдугаар сарын 9 гэхэд   намууд УИХ-д нэр дэвших гишүүдээ тодруулсан, зургадугаар сарын 7-нд нэр дэвшигчид үнэмлэхээ гардсан байхаар хуульчилж өгсөн. Үүнээс өмнө хэнийг жагсаалтад бичиж, хэнийг тойрогт илгээхээ намууд фракцуудтайгаа, гишүүдтэйгээ тохиролцсон байх ёстой гэсэн үг.

Сонгууль өмнөх шигээ холимог системээр явна. 48 нь тойрогт өрсөлдөж, 28 жагсаалтад бичигдэнэ. Тиймээс хамгийн эхний бөгөөд хамгийн чухал өрсөлдөөн нам дотроо өрнөх нь гарцаагүй. Намдаа гомдогчид, гоморхогчид олноор төрөх ч биз. Яг ийм асуудлаас болоод өнгөрсөн сонгуулиар намдаа гомдогсдын зарим нэгний хорсол өдий хүртэл тайлагдаагүй явааг сануулахад буруудахгүй. МАХН руу орогсдын дийлэнх нь ийм шалтгаантай.  Бие даагч Ц.Даваасүрэн энэ шалтгаанаар намаасаа гарч, Хөвсгөлд өрсөлдөж байлаа.  

Намуудын хувьд  хэнийг жагсаалтад бичих нь тойрог хуваарилахаас ч төвөгтэй. Тогтолцоо эрүүл газарт бол дүрэм журмаараа шийдэгдчих асуудал манай улстөрчдийн хувьд  жинхэнэ “үхлийн тулаан” болно. Ялангуяа намуудын чансаа тийм ч сайнгүй байгаа тохиолдолд жагсаалт горилогчдын дунд эхний  наймаас урагш бичигдэж чадахгүй л бол эрсдэлд тооцогдоно гэсэн таамаглал бий.

Ардчилсан нам болон МАН-ын хувьд эхний тавд  бичигдсэн тохиолдолд “ногоон гэрэл”-ээр УИХ-ын гишүүн болно гэж тооцоход гэмгүй байх. Даанч горилогчид нь тав биш тавь байгаа нь хэцүү. Харин  жижиг намуудын горилогчид жагсаалтад бичигдсэнээс тойрогт өрсөлдсөн нь шулуухан. Пропорциональ системийн хамгийн том алдаа нь хэн нэгний оймсонд хавчуулагдан ордонд орж ирэгсэд “шантааж”, “шахаа” хийж болдгийг  өнгөрсөн дөрвөн жилд хангалттай харуулсан явдал. Энэ гажуудлыг засахын тулд тойрогт нэг ч нэр дэвшигч ялалт байгуулаагүй бол намын жагсаалтаар  орохыг хорьсон. Мэдээж том намууд ч өөрсдийн ашгийг харсан. Энэ тохиолдолд гуравдагч намуудаас өрсөлдөхөөр бэлтгэж байгаа хүмүүс шууд тойрогт очвол илүү гэж үзэж байгаа.

Гэхдээ жагсаалтад учир бий. Өнгөрсөн сонгуулиар аль, аль намынхан ирээдүйн ялалтдаа эрдэн 20 дотор жагсчихвал магадлалтай хэмээн жирийтэл нэрээ бичүүлсэн юмдаг. Харин сонгуулийн үр дүн өөр гарсан. Одоо бол жагсаалтын наймаас  урагш бичигдэж чадахгүй тохиолдолд боломж бага гэдгийг том намууд ч мэдэрч байгаа болов уу. Тэгэхээр нэр дэвшигчид жагсаалт горилж сууснаас эртнээс тойргоо “усалж” байсан нь бараг өлзийтэй. Хотод тойрог нэмэх Ардчилсан намныхны саналыг орон нутагт тойрогтой голдуу гишүүд унагаасан нь ч үүнтэй холбоотой. Намдаа нэр, нөлөөтэй Н.Батбаяр, Х.Баттулга,С.Эрдэнэ, Г.Баярсайхан, С.Баярцогт нар тойргоо тордоод байгаа учир ч энэ биз.

Одоогоор Ардчилсан нам болон Ардын намын жагсаалтыг хэн ахлах  нь тодорхойгүй байна. Жагсаалтаар нэг сонгогдсон гишүүн дахин орох, орохгүйг заасан дүрэм журам байхгүйгээс үүнийг намууд өөрсдөө шийднэ. Хоёр том нам бас хоорондоо ярилцана. Нийгэмд яаж харагдах талаасаа бодолцож үзнэ. Жагсаалтад нэг л удаа нэрээ бичүүлнэ гэж намууд дотроо болон хоорондоо тохирвол энэ удаад АН-ын дарга З.Энхболд жагсаалтыг тэргүүлэх боломжгүй, харин МАН-ын даргын хувьд нэгээр нэрээ бичих эрх нь  нээгдэнэ.

Ардчилсан нам

Өнгөрсөн сонгуулиар намынхаа жагсаалтын хоёрдугаарт нэрээ бичүүлсэн АН-ын дарга З.Энхболд энэ удаад нэгдүгээрт нэрээ бичихэд гайхах зүйлгүй. Түүнд намын даргын хувьд эрх нь байгаа. Гэхдээ нөхцөл байдал яаж эргэхээс түүний шийдвэр хамаарах биз. МАН жагсаалтад хоёр удаа орохгүй гэж шийдэх, тэр ч бүү хэл намын дарга нь тойрогт дэвшинэ гэвэл З.Энхболд дарга жагсаалтад хоргодоод байхгүй биз. Харин жагсаалтаар дахиж орох эрх нээгдвэл түүнтэй барьцах хүн нам дотор нь бишгүйдээ гарна. Энэ тохиолдолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг тойрог руу яв гэхэд бас хэцүү болно. МАН-д ч намынхаа билэг тэмдэг болсон “том гарууд” жагсаалт руу ханарна. Тиймээс АН,МАН-ын дарга нарын хувьд одоогоор ямар нэгэн шийдвэр гаргаагүй бие биенийхээ үйлдлийг харж, хүлээзнэсэн байдалтай байна.

Өнгөрсөн сонгуулиар  АН-аас 10 хүн жагсаалтад бичигдэх эрхээ эдэлсэн. Тэдний орыг хэн эзлэх вэ.

Эхний хоёрыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд эзлэе гэж бодъё. Мэдээж гуравт, намын Ерөнхий нарийн бичгийн дарга нэрээ бичүүлнэ. Л.Эрхэмбаяр дарга ирэх гуравдугаар сард болох ҮЗХ-ноосоо жинхэлж чадвал шүү дээ. Дөрөв хавьцаа нэг эмэгтэй заавал орох байх. Тэр нь АН-ын хувьд С.Одонтуяа юу Л.Эрдэнэчимэг үү?  Намдаа биш намынхаа даргад илүү зүтгэсэнээрээ энэ хоёрын аль нэг нь айрагдана. Мөн Ерөнхийлөгчийн квот заавал байж таарна. Эрхэм гишүүн Р.Амаржаргал жагсаалтын дээгүүр давхина. Л.Гантөмөр сайд бас орох магадлалтай. Дээр нь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар эхний тавд багтахаар зүтгэх биз. Ингээд цаана нь хоёрхон квот дээр өнөө олон фракц “алалцана” даа. Н.Алтанхуяг, Л.Болд, Г.Батхүү, Х.Баттулга, С.Баярцогт, Н.Батбаяр гээд томчуул олон бий. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэд дэвшихээр болж, С.Баярцогтын жагсаалтын өртгийг даана гээд "цуураад" байгаа нь  ч ортой байх магадлалтай. Намын дарга Ерөнхий сайд хоёр тойргоос дэвшвэл хоёрхон орон тоо гарна. Мэдээж С.Эрдэнэ нарын гишүүд ч боломж гарвал жагсаалт бараадна.

Ардын нам

Ардын намын дарга М.Энхболд өнгөрсөн удаагийн сонгуулиар Төв аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан. Тэгэхээр түүнд жагсаалтын нэгдүгээрт нэрээ бичих эрх нээлттэй. Нарийн бичгийн дарга нь хоёрт жагсана. Жагсаалтын гуравт МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нэрээ бичүүлж магадгүй. Өнгөрсөн жилүүдэд хийсэн ажил, хэвлэлийн хурлыг нь үнэлэх байлгүй дээ. Дөрөв хавьцаа УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нэр бичигдэх байх. Гурав сонгогдсон эмэгтэй гишүүн түүнээс өөр байхгүй. Өмнөх сонгуулиар МАН жагсаалтынхаа  эхний  аравт  эмэгтэй хүн багтаагүйгээс болоод нийгэмд таагүй харагдаж, багагүй шүүмжлэлд өртсөн. Энэ удаад алдаагаа ахин давтахгүй биз. Таваас найм хүртэлх “орон тоон”-д горилогсод яагаад ч багтахгүй. Өнгөрсөн дөрвөн жил АН-ын бодлого болгоныг эсэргүүцсэн Ч.Хүрэлбаатарын гавъяаг нам нь жагсаалтаар “мялааж” магадгүй л юм. Дээр нь Д.Хаянхярваа гишүүн бас магадлалтай өрсөлдөгч. Мэдээж, Зүүний хүчний холбоо, С.Баярын фракцийнхан гээд эхний наймд орох “өрсөлдөгчид” өч төчнөөн байна. Эдгээрийг яаж зохицуулахыг ёстой “чөтгөр л” мэдэх байх  

МАХН-МҮАН

“Шударга ёс” эвслээс жагсаалтаар З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Ц.Оюунбаатар, Ч.Улаан, М.Сономпил, Н.Батцэрэг, Ц.Цолмон УИХ-д “ногоон гэрэл”-ээр орж ирсэн.  Ямар сайндаа л О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ хоёрыг ордныхон пропорциональ системийн алдаа гэж адлах билээ. Гудамжны тэмцэгчээс төрийн сайд болтлоо дэвшсэн аз зөвхөн З.Баянсэлэнгэд л нэг удаа тохиох бололтой. Түүнийг Чингэлтэйд өрсөлдөнө гэсэн мэдээлэл бий. Тэгвэл АН-ын дарга энэ тойрогт өрсөлдөнө гэсэн сураг ч бас байгаа. Хэрэв МАХН-ынхан МАН-тай нэгдвэл Э.Батшугарыг жагсаалтын тавд багтаах тохиролцоо хийгдэх байх. Тэгвэл Ардын намын жагсаалтын таамаглал, тохиролцоо эвдэгдэнэ. 

Харин М.Энхсайханы шаардлагыг АН хүлээж аваад, хамтрахаар боллоо гэхэд түүнийг жагсаалтад багтаах тохиролцоо бас явагдана. Гэхдээ АН-ын олон фракциуд үүнийг зөвшөөрөх нь юу л бол.

 Гэхдээ энэ бол таамаглал, прогноз. Улс төрийн өрөг дээр тоглолт хаашаа ч эргэж мэднэ. Зургадугаар сарын 7-нд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан хойно л намуудын дунд ямар тохироо,наймаа явагдсаныг  жинхэнээсээ харж болно.

 Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна