Нөлөөний тэгшитгэгчид

2016 оны 2 сарын 26

 

 

Та нүүрс, зэс эсвэл улаан буудайн биржийн үнэ нэлээд хэдэн жилийн өмнө ямар байсныг, одоо ямар байгааг яг таг санаж байна уу? Бараг л үгүй дээ. Харин нефтийн үнийг  ойролцоогоор мэдэх байх. Учир нь нефть өнөөдөр дэлхийн эдийн засгийн гол тэгшитгэгч болчихоод байгаа юм. Хэдэн зууны өмнө  боолууд эдийн засгийн тэгшитгэгч болж байсныг доор өгүүлнэ.

 

 

Нефтийн тухай хэвлэлүүд өдөр бүр бичдэг бол бусад  бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг үе үе л мэдээлнэ.  Гэтэл нефть гэдгийг ихэнх уншигчид  үзээ ч үгүй, үзэх ч үгүй биз. Түүнийг дэлгүүрт худалддаггүй. Аль алс хойд зүгт эсвэл халуун элсэн цөлд бавгар сахалтай хүдэр эрчүүдийн олборлодог тэр үнэр танартай зунгааралдсан шингэнийг хүн төрөлхтөн яагаад  ингэж их сонирхоно вэ?

 

Эрчим хүчний үр ашигтай тээвэрлэлт  эдийн засгаа хөгжүүлэхэд маш чухал. Өнөөг хүртэл эрчим хүч олборлож, хэрэглэдэг бүсэд эдийн засгийн өсөлттэй,  бусад бүсүүд нь сул хөгжилтэй явж ирлээ.  Тиймээс алсын зайд эрчим хүчийг тээвэрлэх  ямар нэгэн “тэгшитгэн зуучлагч” эдийн засагт хэрэгтэй байв. Нэг ёсны янз бүрийн бүсийн эдийн засгийн  суурь боломжийг  тэгшитгэгч юм. Бүхий л түүхийн турш тийм тэгшитгэгч ердөө хоёрхон байсаар иржээ.

 

Хүний нөөц: Боолчлол

 

 

Аж үйлдвэрийн хувьсгал бий болтол эрчим хүчний үндсэн эх сурвалж нь  хүний  хөдөлмөр байлаа. Хүн төрөлхтөн эртнээс өнөөг хүртэл гар хөдөлмөрийг  хөнгөвчлөхөөр байнга оролдсоор ирсэн. Газар хагалах, ачаа тээвэр зөөх ажилд амьтдыг туслуулж, голыг урсгал,  салхиар  тээрмийг  ажиллуулж, мод, нүүрсийг  металл хайлуулахад ашиглаж  иржээ.

 

Хүний хөдөлмөрийн эрчим хүч нь эрт цагт хямд, өргөн хүрээтэй байжээ. Үүний улмаас л хэдэн мянган жилийн турш боолын наймаа цэцэглэсэээр ирсэн юм. Амьд барааны наймаа нь Алтан орд, Крымын  хаант улсын эдийн засгийн чухал хэсэг болж байв. Африкт “хүний эрчим хүчний” урсгал нь  өмнөдөөс хойд зүгт урсаж байсан юм. Зүүн өмнөд Африкийн болон Африкийн боолуудыг  арабчууд  Газар дундын тэнгисийн  эргийн өмнөд хэсэгт нийлүүлж байв. Дундад зуунд Европт боолын наймаа нь  эдийн засгийн чухал салбар байв. Тэр нь  нэн ялангуяа  Европын өмнөд нутагт их дэлгэрсэн бөгөөд Генуя, Венецийн  худалдаачдын баяжих нэг үндэс нь байлаа. XVI–XVIII зуунд Африк-Америк-Европ  “худалдааны гурвалжин” үүссэн байдаг. 

 

Африкаас Америкт боолуудыг илгээж, тэндээс Европ руу тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг наймаалж байлаа. “Хүний эрчим хүчний”  даяарчлалын  урсгал зөвхөн XVIII зууны төгсгөл  XIX зууны эхээр  тасарсан юм.

 

Байгалийн эквивалент: Нүүрс, нефть ба хий

 

Боолуудын дараа адилтгах зуучлагчийн үүрэг нүүрс, нефть, байгалийн хий зэрэгт шилжжээ. Эрчим хүчний тэгшитгэгчийн хувьд нүүрсний эрин  богинохон, гэхдээ их чухал байв. Нүүрсийг олборлосон газраас нь  аж үйлдвэрийн төвүүдэд хүргэхийн тулд  төмөр замууд, сувгууд байгуулагдав. Нүүрсээр галлах усан онгоцнууд нь далай дамжсан  худалдааны гол тээвэрлэгч болов. Нүүрс түлдэг уурын хөлөг онгоцнууд далай дамжсан худалдааны найдлагатай байдлыг бэхжүүлж өглөө. XVIII–XIX зуунуудад  эрчим хүчний тэгшитгэгч болсон нүүрсний эрин богино бөгөөд эрчимтэй хөгжсөн ч улс орнууд нүүрсний ордуудыг өөрсдийн нутагтаа нээж, нүүрс нь орон нутгийн агуулгатай болжээ.

 

 

Бусад түлштэй харьцуулахад нефть нь  эрчим хүчний таатай эх сурвалж юм. Энэ түлшний гол үр дүнгийн үзүүлэлт нь шаталтын  халуун ялгаруулалт юм.  Нэг кг мод  эсвэл хүрэн нүүрс дунджаар 10–15 МЖ, чулуун нүүрс— 20–30 МЖ, килограмм мазут ба керосин 40 орчим МЖ, бензин 43–44 МЖ дулааныг өгнө. Үүний зэрэгцээ бензин нь тээврийн хэрэгсэлд ашиглахад нүүрснээс энгийн, хийнээс аюулаар бага. Хий нь нь мөн тийм дулаан гаргах авч аж үйлдвэрийн шатаалт болон дулааны хангамжид үр дүнтэй ч далайгаар дамжуулан тээвэрлэхэд нефть, нүүрснээс  ээдрээтэй.

 

Бүх талын үзүүлэлтийн нийлбэрлэлтээр нефть нь хамгийн хамгийн үр дүн өндөртэй эрчим хүч тээгч юм. Түүнийг дамжуулах хоолойг оролцуулаад ямар ч тээврийн хэрэгслээр дуртай газраа хүргэж болно.

 

 

Дэлхийн эдийн засгийн талаас нь авч үзэхэд одоо нефть нь юугаар ч орлуулшгүй, дэлхийн хэрэгтэй цэгтээ нэн ялангуяа эдийн засгийн өндөр өсөлттэй газар  эрчим хүч нэмэхэд хэрэгтэй нөөц юм.  Тийм учраас дэлхийн эрчим хүчний хэрэгтэй цэгүүд нь  энэ түлшийг хэрхэн авч байгаас үнэ нь хамааралтай.  Нефтийн  баррелийн импорт нь бага бол түүхий эдийн үнэ нь өндөр байна. Эдгээр тохиолдлуудын алинд нь ч эдийн засгийн өсөлтийн хурд хүлээлтээс доогуур болно. Бас хямд нефть нь  эрчим хүчний зарлагыг буулгаж, их мөнгийг хөгжилдөө гаргахад хүргэнэ. Тиймээс томоохон импортлогч нар нь энэ шингэний зах зээлийг байнга ажиглаж байдаг.

 

Дэлхийн хэмжээнд 30-40 жил хэрэглэх хэмжээний нефтийн нөөц үлдсэн гэсэн мэдээлэл бий. Гэвч газрын тосны нөөц шавхагдана гэж үгүй. Гагцхүү олборлоход хэцүү, өртөг өндөр хэсэг нь үлдсэн гэж ойлгож болно. Олборлоход амархан нөөц  шавхагдах нь үнийг нь хөөрөгдөн эздийг нь баяжуулна гэж боддог хүмүүс ч олон гэнэ. Гэхдээ нефтийг эрчим хүчний өөр эх сурвалжуудаар орлуулж болно. Нефтийн бүтээгдэхүүний гол хэрэглэгч автомашинууд ойрын 20-30 жилийн дотор цахилгаанаар ажилладаг болно гэдгийг одоогийн чиг хандлага харуулж байна. Цахилгааныг цөмийн станцууд эсвэл байгалийн хийгээр үйлдвэрлэх боломжтой.

 

Хийд хоёр чухал давуу тал байгаа. Нэгдүгээрт  тэр элбэг, хоёрдугаарт орчны бохирдол багатай. Харин түүнийг зөөх, хадгалах асуудал л хүндрэлтэй байлаа. Гэвч сүүлийн үед  хэсэгчлэн шийдэгдсээр байгаа. Хийн нөөц  хэзээ нэгэн цагт дуусчээ гэхэд атомын, нарны, салхины станцуудыг эрчим хүчний тэгшитгэн зуучлагч болгохыг үгүйсгэхгүй.  

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна