"УБ хотод 204 мянган айл өрх орон сууцанд хамрагдахыг хүсэж байна"

2016 оны 2 сарын 26

Бид ярилцлагын цагийн энэ удаагийн зочиноор УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа оролцлоо.

-Эхний асуултаа таныг Барилга, хот байгуулалтын дэд сайд байсны тань хувиар эхэлье. Орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох хууль эрх зүйн орчин нь бүрдлээ гэж УИХ-аас зарласан. Хуулиа ч баталсан байгаа. Гэвч иргэд өнөөдөр яагаад зээл олгогдож эхлэхгүй байна. Хэзээ хэвийн үргэлжлэх бол гэсэн асуулт асуугаад байна?

-Ипотекийн зээл маань 2013 оны 6 дугаар сараас эхэлж хэрэгжсэн. Энэ хугацаанд нийтдээ 77 мянган айл өрх 8 хувийн хүүтэй зээлд шинээр болон урдны 18 хувийн хүүтэй банкны зээлээс шилжсэн байдаг. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 4-нд Иргэний тухай хуульд өөрчлөлт оруулснаар Ипотекийн зээл түр хугацаанд зогсох нөхцөл байдал үүссэн. Үүнийг Улсын Их Хурал болон холбогдох ажлын хэсгийнхэн хянаж үзээд зайлшгүй буцааж олгох ёстой гэдэг дээр санал нэгдсэн. Ингээд нэгдүгээр дүгээр сарын 9-нд энэ хуулинд орсон заалтыг нь буцааж ипотекийн 8 хувийн хүүтэй зээл хэвийн үргэлжлээд явах нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн байгаа. Иргэний тухай хууль, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд өөрчлөлт орсон байгаа. Ингэснээр хууль эрх зүйн орчин нь цогцоороо бүрдсэн. Мөн арилжааны банкууд дээрээс хувь хүнд 8 хувийн зээл болж очих техникийн үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар бүрэн дүүрэн хангагдаад байна. Иргэд маань фэйсбүүк болон твиттерээр энэ зээл яг банкин дээр очихоор олгогдохгүй байна гээд байна л даа. Яагаад олгогдохгүй байна гэхээр ипотекийн зээлээр баталгаажсан бондын санхүүжилтээр энэ зээл маань зөвхөн орон сууцны санхүүжилтээр босгосон бондоор хэрэгжээд явах учраас энэ бондын нийлүүлэлт, зохицуулалт нь бүрэн дүүрэн хийж чадаагүй байсантай холбоотой. Өнөөдөр бид зээлийн хүүг 5 хувь болгох талаар ярьж байна. Бид анх 2013 онд ипотекийн зээлийг гаргахдаа инфляцийн түвшинтэй уялдуулаад 8 дээр нэмэх, хасах 1 гэсэн нөхцөл байдалтайгаар хийсэн. Тухайн үед инфляцийн түвшин 14 хувьтай байсан бол өнөөдөр 3 хувьтай байна. Тэгэхээр инфляцийн түвшин буусан тохиолдолд бид хувь, хүүгээ бууруулаад явах боломжтой юм гэсэн тооцоо судалгааг гаргасны үндсэн дээрээс өнөөдөр бид 5 хувийн зээлийг ярьж байна. Хүүг 5 хувьд хүргэхэд холбогдох гэрээ, хэлцэл, журам гээд нийтдээ 14 нэр төрлийн холбогдох баримт бичгүүдэд өөрчлөлт оруулж, шинээр хийх нөхцөл байдал үүсэж байгаа.

Жирийн иргэд нэг л зүйлийг асууж байна. Найман хувийн ипотекийн зээл хэзээ үргэлжлэх юм, хэзээ 5 хувь болох вэ? Таван хувь болох юм бол 8 хувиас 5 хувь руу шилжих боломжтой юу? 2016 оны УИХ-ын сонгууль тун удахгүй болно. Сонгууль яваад дуусахад энэ зээл зогсчихгүй байгаа гэж.  Та үүнд хариу өгөөч...

Найман хувийн зээлийг хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр цааш үргэлжлээд явах нөхцөл боломжийг бүрдүүлж чадсан. Эргээд энэ маань бодит ажил болохдоо техникийн болон процедурын үйл ажиллагаа, хугацаа шаарддаг. Өнөөдрөөс эхлээд арилжааны банкуудаар 8 хувийн зээл хүссэн иргэд маань 30 хувийн урдчилгаа төлбөрөө барьж очоод хамрагдахад эдийн засгийн хувьд бүрэн боломж нь бүрдсэн. Өнөөдөр зээлийн хүүг 5 хувь болгох нөхцөл боломжийг судлаад холбогдох гэрээ хэлцэл журмууд дээр ажиллаж байна. Бид 3 сараас хэтрэхгүйгээр 5 хувь болгох шийдвэрийг гаргуулахаар ажиллаж байна. Ипотекийн зээлийн хүү 5 хувь болох шийдвэр гарч, алх цохигдсоноос хойш тодорхой хэмжээний бичилт болон техникийн ажлуудыг хийдэг. Үүнийг бид 45 хоногт хийж дуусгана гэсэн тооцоо судалгааг гаргасан. Таван хувь болгох ажил маань хүмүүсийн гар дээр 5 дугаар сараас хэтрэхгүйгээр бодит үр дүн болж очно гэж бид тооцоолон ажиллаж байгаа. Хүмүүсийн яараад байгаа зүйл нь хууль эрх зүйн шийдвэр гарлаа л бол маргааш нь банкнаас очоод зээлээ авчихна гээд байдаг. Энэ бол техникийн болон бичилтийн үйл ажиллагаа хийгддэг гүйцэтгэлийн явцад гарах цаг хугацаа шаардагддаг зүйл.

-Таван хувийн зээл хэрэгжиж эхэллээ гэж бодьё. 2016 оны УИХ-ын сонгууль тун удахгүй болно. Сонгууль яваад дуусахад энэ зээл зогсчихгүй байгаа гэж.  Та үүнд хариу өгөөч...

-Үүнийг зориудаар сонгуулийн шоу, Ардчилсан намынханы гаргаж ирж байгаа пиар сурталчилгаа гэж хэлээд байх шиг байна. Би түрүүн хэлсэн хууль эрх зүйн орчин нөхцөл нь бүрдсэн тул сонгуулийн дараа зогсдог зүйл биш ээ. Бид 2013 онд ипотекийн зээлийг гаргахдаа ипотекийн зээл гэдэг бол зөвхөн нэг шийдэлтэй, туйлын нэг сонголт биш  гэдгийг олж харсан. Ер нь хөгжингүй орнуудад олон сонголтууд байдаг юм билээ. Бид ч бас 7-8 төрлийн ипотекийн зээл байж болох юм гэж харж судалж байгаа. Найман хувийн зээл байхад 5 хувийн зээл бас байж болно. Энэ нь өөрөө эдийн засгийн нөхцөл байдалтай шууд хамааралтай. Эдийн засгийн нөхцөл байдалтай шууд хамааралтай гээд ярихаар улс орны эдийн засаг сул, хүнд байна гээд ярих хүмүүс ч байдаг. Гэтэл  бид улсын төсвөөс хамааралгүйгээр тусад нь ипотекоор баталгаажсан бонд гэж тусад нь мөнгө гаргаад энэ маань зөвхөн барилгын салбарт тасралтгүй эргэлдэж байх нөхцөл боломжийг бүрдүүлсэн учраас бид өнөөдөр улсынхаа инфляцийн түвшинтэй уялдуулаад хүүгийн хувьд бууруулаад явах нөхцөл боломж байна гэдгийг хэлж байгаа.

-Бид ардчилсан төр засагтай, чөлөөт зах зээлийн нөхцөлд амьдарч байгаа. Гэтэл банкны хүүг парламент дээр нь шийдээд байна. Энэ бол чөлөөт зах зээлийн улс орнуудад болдоггүй юм аа гэж зарим эдийн засагчид үзэж байна л даа...

-Бидний хамгийн гол зорилго бол иргэдээ орон сууцанд хамруулах. Эрэлтийг харах юм бол зөвхөн Улаанбаатар хотод 204 мянган айл өрх орон сууцанд хамрагдахыг хүсэж байна. Энэ эрэлт нийлүүлэлтийг төр засаг балансжуулах хэрэгтэй. Орон сууцанд хамрагдана гэдэг бол амьдралын наад захын хэрэгцээ. Өнөөдөр арилжааны банкууд ямар зээлд хэдэн хувийн хүүтэйгээр зээл олгох вэ гэдгээ бизнесийнхээ зарчимаар л шийдээд явж байгаа. Энд бид хориг саад тавьж, төр бизнест нь гар дүрээгүй. Хүмүүсийн эрэлт хэрэгцээ нь орон сууцанд хамрагдах, тэр орон сууцны зээлийн хүү нь бага байгаасай, урьдчилгаа төлбөрийн хэмжээг бууруулах боломж байна уу гэдгийг эрэлхийлж байгаа. Энэ хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн зохицуулалтыг төр хийж өгөх ёстой. Иргэдийг ая тухтай амьдруулах үүрэг хүлээсэн учраас л бид энэ шийдлүүдийг гаргаж байгаа.

-Эдийн засагч, судлаачид 5 хувийн хүүгийн асуудал яригдахтай зэрэгцээд санхүүгийн эх үүсвэрийн асуудлыг хөндөж эхэлсэн. Мөнгө хэрэгтэй болно, мөнгө хэвлэнэ. Энэ маань өөрөө барилгын салбараас бусад салбарт хэрэглээгээ танах, төгрөгийн ханшийг сулруулах сөрөг талтай гэх зэрэг янз бүрээр л ярьж байсан. Та үүнд ямар тайлар өгөх вэ?

Эдийн засагчид эдийн засгийн өнцгөөр л харж байгаа байх. Гэвч амьдрал баялаг. Орон сууцны ипотекийн зээлийг явуулах хэрэгцээ шаардлага бидэнд байна. Өнөөдөр бид утаа, хөрс, агаарын бохирдлоосоо салах ёстой. Үүнийг бид ард иргэдээ орон сууцжуулж байж л шийднэ. Гэр хорооллын дахин төлөвлөлт явж байгаа. Шинээр орон сууцны хороолол маш ихээр баригдаж байна. Энэ хэмжээгээр бид хуучин нийлүүлэлт нь бага байдаг байсан нийлүүлэлтийг өсгөсөн. Сүүлийн 3 жилээс өмнө жилдээ улсын хэмжээнд 12-13 мянган айлын орон сууц ордог байсан бол өнөөдөр 25 мянган айлын орон сууц жилдээ орж байгаа. Он дамжсан 50 хувиас дээш гүйцэтгэлтэй 20 хэдэн мянган айлын орон сууц байна. Тэгэхээр энэ нь өөрөө бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байгааг харуулж байна. Хүмүүсийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлж байна. Дээрээс нь бага ч гэсэн утаа, хөрсний бохирдлын асуудлыг шийдэж байгаа учраас энэ бол гарцаагүй бидний хийх ёстой ажил мөн. Аливаа улс орон бүр л мөнгө хэвлэдэг. Одоо ч гэсэн хэвлэсээр байгаа. Харин энэ хэвлэж байгаа мөнгө маань эргээд үр ашиг өгч байна уу, эдийн засагт нөлөөлж байна уу, дотооддоо шингэж дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжиж байна уу, хүндээ хүрч байна уу гэдэг чухал. Төв банк мөнгөний бодлогоо бариад явж байгаа. Ганцхан зүйл хэлье, гэр хороололд амьдарч байгаа иргэд юу хүсээд байна гэхээр галаа түлдэггүй, гаднаас усаа авдаггүй, гарч бие засдаггүй ийм орчин нөхцлийг л хүсэж байгаа. Мөн нэг тоо баримт хэлэхэд 77 мянган айл өрх 8 хувийн хүүтэй зээлд хамрагдан эргэн төлөлтөө хийгээд явж байгаа. Гэтэл энэ 77 мянган өрхөөс дөнгөж 40-хөн айл л зээлээ төлөхгүй тохиолдол гарсан байна.

-Асуудлыг Монгол улсын хэмжээнд ярья. Сүүлийн жилүүдэд аймаг, сумын төвүүд дээр тодорхой хэмжээний барилга байшин баригдаад байгаа харагддаг. Гэхдээ нийслэлд баригдаж байгаа орон сууцны тоо илүү хурдацтай яваад байх шиг байна. Нийслэл рүү ирж амьдрах, суурьших хүмүүсийн тоо нэмэгдээд асуудал улам ихсээд байдаг.

-2012-2016 онд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бид 100 сумын төвийг шинэчилнэ, аймаг болгонд 1000 айлын орон сууцыг барина. Улаанбаатар хотод нийтдээ 75 мянган айлын орон сууцыг 17 хотхон хорооллоор барьж байгуулна гэж зорилго тавьж байсан. Би Барилга, хот байгуулалтын яаманд 3 жил гаруй ажилласан. Бодлого шийдвэрийг боловсруулалцаж, хийлцэж байсан хүний хувьд хэлэхэд бид зорилгодоо хүрсэн. Улсын хэмжээнд харахад 120 мянган айлын орон сууц ашиглалтад орсон. Зарим аймгуудад ашиглалтад орсон орон сууцны тоо 1000 хол давчихсан явж байна. Яагаад гэвэл хүн амын сууршил, нягталшлаасаа хамаараад. Нөгөө талаар эрэлт хэрэгцээнээс ч хамаарч байгаа байх. Манай бизнесийн байгууллагууд эрэлт байхгүй газар хоосон орон сууцнууд бариад байж болохгүй. Бизнес нь жам ёсоороо явж байна. Сумуудын төв дээр бид жишиг сумын төв байгуулах ажлыг 2013 оны төсөвт суулгаж эхэлсэн. Үүний үр дүн маш их байна. Жишиг сумдын төв дээр зэргэлдээ сумдаас хүмүүс нүүж ирэн сууршиж байна. Эмнэлэг, сургууль, хүүхдийн дотуур байр гээд цогцоор нь шийдээд өгөхөөр хөдөөгийн ард түмэнд маш таатай байгаа. Мөн хот руу ирээд байна гэдэг нүүдэл маань саарч байгаа. Одоогоос 5 жилийн өмнө жилдээ 30-40 мянган хүн хот руу нүүж ирдэг байсан бол өнгөрсөн оны байдлаар энэ тоо 20 мянга руу орсон байна. Өнөөдөр Улаанбаатарт ирж байгаа энэ нүүдлийг бид шууд зогсоож чадахгүй. Хүн амьдрах газраа өөрөө сонгох эрх нь Үндсэн хуулиар баталгаажчихсан. Харин Улаанбаатар хотод үүсэж, бий болж байгаа авто замын бөглөрөл, бохирдлын асуудлыг бид дагуул хотуудыг бий болгох замаар шийдэх нь чухал. Энэ талаар бид тодорхой шийдлүүдийг ч гаргаж байгаа. Тухайлбал, Богд уулыг тойрсон хурдны зам, төмөр замтай больё, Майдар экосити хотыг бий болгоё, нисэх онгоцны буудлыг дагасан сууршилийн бүсүүдийг бий болгоё гэх зэргээр хотоо тэлэх бодлого баримтлая гэж төлөвлөж ажлууд хийгдэж байгаа.

Б.БААТАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна