Хойд Солонгосын эсрэг хоригийг танилцуулав

2016 оны 2 сарын 26

 

АНУ-аас Хойд Солонгосын эсрэг хатуу хоригийн тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд танилцуулжээ. Хойд Солонгосын эсрэг хоригийг ирэх долоо хоногт Аюулгүйн зөвлөлд хэлэлцэхээр болжээ.

 

Энэ нь Аюулгүйн зөвлөлийн баталж байснаас хамгийн хатуу хориг болсон гэдгийг НҮБ дэх АНУ-ын төлөөлөгч Саманта Пауэр мэдэгджээ. Тухайлбал, хоригт Хойд Солонгосын хөлөг онгоцны тээврийг нэг бүрчлэн хянаж, нисэх онгоцны шатахуун нийлүүлэхийг хориглож, зэвсгийн худалдааны хоригийг өргөжүүлэхээр заасан байна. Гэхдээ Хойд Солонгосын Хятадтай хийх худалдааг хоригт багтаагаагүй гэнэ. Хойд Солонгосын гадаад худалдааны 80 хувь нь Хятад улстай хийгддэг аж. Хойд Солонгосын эсрэг хоригийг АНУ-ын тал Хятадтай хэлэлцэж боловсруулсан юм.

 

Хойд Солонгос дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж, хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөснөөр Аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаж, Пхеньяны эсрэг шинэ хориг тавихад хүрсэн юм. Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард дөрөв дэх удаагийн цөмийн туршилтаар устөрөгчийн бөмбөг туршсан гэж мэдэгдсэн билээ. Түүнчлэн Хойд Солонгос энэ сарын эхээр сансрын хиймэл дагуул хөөргөсөн юм. Хойд Солонгосын хиймэл дагуул хөөргөх хөтөлбөр нь баллистик пуужин турших халхавч хэмээн АНУ, Япон, Өмнөд Солонгос улсууд харддаг.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна