Эдийн засагчид улс төр, нийгмийн байдлыг тольдов

2016 оны 2 сарын 26

Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас “Монголын өнөөгийн эдийн засаг, улс төрийн байдал ба бизнес орчин” сэдэвт хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн лхагва гаригт өрнүүлсэн юм. Уулзалтад эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэлийн сэтгүүлч Д. Жаргалсайхан (Дэфакто), Сант Марал сангийн ТУЗ-н орлогч дарга Л. Сумати,  бие даасан шинжээч Ч. Эрдэнэдалай (Дейл Чой) нар уригдан оролцжээ. Мөн гадаад дотоодын 50 гаруй манлайлагч бизнес эрхлэгчид оролцож илтгэгч нарыг сонссон байна.   

Илтгэгчид Монголын өнөөгийн эдийн засгийн талаарх асуудлууд болон сонгуулийн өмнөх улс төрийн төлөв ба Монголын хувийн бизнес эрхлэгчдэд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар ярилцлаа. Илтгэлийн дараа оролцогчид сонирхсон асуултандаа хариулт авлаа.

Эдийн засагч Д. Жаргалсайхан санхүүгийн ил тод бус байдал нь улс төрийн хээл хахуульд томоохон нөлөө үзүүлж байгааг дурдлаа.  “Сонгуулийн суртчилгаа санхүүжүүлэлт нь хамгийн том тулгамдсан асуудлыг нэг байдаг. Улс төрийн бүлгүүд нь хөрөнгө мөнгөө ил тод гаргадаггүй бөгөөд нийтэд тайлагнадаггүй. Эдгээр санхүүгийн хүчин зүйлс нь хээл хахууль, авилга авахад нөлөөлдөг” хэмээн өгүүллээ.

Харин судлаач Л.Суматигийн хувьд  Монгол Улсын эдийн засагт улс төрийн гүйцэтгэх үүрэг хариуцлагын талаар дурдахдаа  “Хүч бүхий улс төрийн бүлгүүд нь Засгийн газарт томоохон үүрэг хариуцлагатай байдаг бөгөөд үүний нэг тод жишээ нь уул уурхайн салбар юм” гэж тодотгожээ. Илтгэл тавигчид Монголын ирээдүйг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлэн илтгэлээ өндөрлөлөө. Бие даасан шинжээч  Ч. Эрдэнэдалай  “Богино хугацааны бэрхшээлүүдийг бид даван туулах болно. Харин урт хугацаанд харвал Монголын ирээдүй гэрэл гэгээтэй байна” гэсэн байна.

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улсын хооронд бизнесийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.  АмЧамын сар бүрийн уулзалтад Монголын болон олон улсын нөлөө бүхий бизнесийн төлөөлөгчид оролцож эрх зүйн шинэчлэл, хувийн хэвшлийг хөгжүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргагчдыг урьж санал бодлоо хуваалцдаг онцлогтой.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна