“Их 20” ток шоунаас ангид байлгахыг хүсчээ

2016 оны 2 сарын 26

Их 20 орны сангийн сайд, төв банкны захирлууд өнөөдөр, маргааш хоёр өдөр Хятадын Шанхай хотноо дэлхийг санхүүгийн хямралаас гаргах арга замын талаар хэлэлцэж, бодлогоо уялдуулахаар чуулж байна.

Он гарснаас хойш савлагаатай байгаа дэлхийн санхүүгийн зах зээл их 20 гүрний сангийн сайд, төв банкны захирлуудын хоёр өдрийн чуулганаас ямар сайн мэдээ ирэхийг анхааралтай ажиглаж байна.  Дэлхийн эдийн засаг хямралаас гарах гэж хөдөлж ядаж, санхүүгийн зах зээл  маш тогтворгүй байгаа ийм үед дэлхийн улс орнууд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр санал нэгтэй байгаа талаар чуулганд оролцож буй судлаачид хэлж байна.  ОУВС-гаас өчигдөр дэлхийн эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлж буй эрсдэлийн хүчин зүйлсийг нэрлэж, эдийн засгийн өсөлтийг хангах хатуу арга хэмжээ яаралтай авахыг уриалсан. ОУВС-гаас дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 3.4 хувьтай байна гэдэг прогнозийг нэгдүгээр сард гаргасан юм. Гэвч ирэх дөрөвдүгээр сард гарах дараагийн прогнозоор дэлхийн эдийн засгийн өсөлт буурч магадгүй болоод байна.

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жанет Йеллений илтгэл анхаарлын төвд байх нь гарцаагүй. Учир нь эдийн засгийн шинжээчид олон улсын санхүүгийн зах зээлийн хямралын гол шалтгаан нь АНУ-ын мөнгөний бодлоготой холбоотой гэж үзэж байгаа. Эдийн засаг нь хямралд орчихоод буй Бразилийн сангийн сайд Нелсон Барбоса улсынхаа санхүүгийн аюулгүй байдал болон нийгмийн хамгааллын талаар Шанхайн чуулганд илтгэл тавих юм. Чуулганы анхаарлын төвд байгаа гол асуудал нь гишүүн орнуудын эдийн засгийн өсөлтийг хангах реформ хийх тухай аж.

Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил 6.9 хувь буюу өмнөхөөс буурсан үзүүлэлттэй гарсан ч дэлхийн бусад орнуудаас хамгийн их өсөлттэй орон хэвээр байгаа юм.  Харин ОХУ-ын эдийн засгийн шинжээчид тус улс АНУ, ЕХ болон Хятад, Япон зэрэг дэлхийн томоохон эдийн засагтай орнуудаас туршлага судлах сонирхолтой байгааг ярьжээ.  ОХУ тус чуулганд гол илтгэгчийн нэг болж оролцож байгаа бөгөөд эдийн засгийн гадаад хүчин зүйл ялангуяа түүхий эдийн үнийн огцом уналтын нөлөөллөөс хэрхэн гарах тухай хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна.

Чуулганд оролцогч орнууд яриа хэлэлцээг жирийн нэг ток шоу шиг болгохгүй гэж хичээж байгаа ажээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна