Өөдрөг хүлээлт, сөрөг болгоомжлол

2016 оны 2 сарын 26

Он гарсаар ам.долларын ханш зогсолтгүй өсч, нөгөө талдаа төгрөгийн ханш үргэлжлэн унасаар байна. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 2039 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2044 төгрөгөөр худалдаж байна.

Цаашид долларын ханш яах вэ гэсэн эерэг, сөрөг хүлээлт байна. Эдийн засагчид долларын ханш буурахгүй гэсэн тайлбарыг хийж байгаа бол төв банкны зүгээс төгрөгийн ханшийн уналт тогтворжино гэсэн хүлээлттэй байгааг дуулгав. Тодруулбал, Монголбанкны Зах зээлийн газрын захирал Ж.Батаа хэвлэлд өгсөн ярилцлагадааОюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлт гарна гэсэн нааштай хүлээлттэй байна Засгийн газраас ойрын хугацаанд 500 сая ам.доллараас нэг тэрбум ам.долларын хөрөнгө олон улсын зах зээл дээр ажиллаж байгаа. Бондыг амжилттай арилжаалбал зах зээлийн хүлээлт, хөрөнгө оруулагчдын хандлагад таатай нөлөө үзүүлнэ гэж бид харж байна. Ингэснээр төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ онд харьцангуй тогтвортой байх хүлээлттэй байна” хэмээн дурджээ.

Өөрөөр хэлбэл, төв банк долларын ханш буурна гэсэн өөдрөг хүлээлттэй байгаа бол нөгөө талд эдийн засгийн шинжээчид “Валютын ханш тогтворжино гэхэд маш хэцүү. Ойрын хугацаанд юу болох вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Одоогоор хөрөнгө оруулалт хэрхэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Нэг талаас хавар үйл ажиллагаа идэвхжих үе, нөгөө талаас мөнгөний бодлого зөөлөрч байгаа үед валютын ханш чангарч, төгрөгийн ханш сулрах болно. Ийм нөхцөлд ам.долларын ханш суларна гэдэгт найдах хэрэггүй” гэсэн сөрөг болгоомжлол бийг үе, үе сануулах болов.

Үнэндээ Монголын эдийн засагт орж ирэх ам.долларын хэмжээ өдрөөс өдөрт буурсаар байгаа нөхцөлд ханш нь өсөх нь гарцаагүй. Тэр тусмаа экспортын орлого буурсан нь долларын ханш өсөх бас нэгэн гол шалтгаан болж байна.

Төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг зэсийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр 5000 ам.доллараас төдийлөн дээшлэхгүй, нүүрсний борлуулалт сул байгаа нөхцөлд долларын ханшийг буурах магадлал 30 хувьтай байна.

Он гарсаар манай улс  хоёр тонн нүүрс, 569 кг алт, 110 тонн газрын тос олборлож, 134.2 мянган тонн зэсийн баяжмал, 11.7 мянган тонн хайлуур жоншны баяжмал 23.3 тонн төмрийн хүдэр  үйлдвэрлэсэн байна.  Харин 139.7 мянган тонн зэсийн баяжмал, 700 кг алт, 1.2 сая тонн нүүрс, 106.3 мянган тонн газрын тосыг экпортод гаргасан байна.

Эндээс харахад экспортын орлого өнгөрсөн жилийнхээс өснө гэж хэлэхэд төвөгтэй. Иймээс л нэг талдаа өөдрөг хүлээлт байгаа бол нөгөө талд сөрөг болгоомжлол үүсээд байгаа. Ямар ч байсан улсын төсөвт тооцож суулгасан 2030 төгрөгийн ханшаа доллар аль хэдийнээ давчихжээ.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна