Хотынхон &#34Гэр бүлийн өдөр&#34-тэй боллоо

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

Хотынхон &#34Гэр бүлийн өдөр&#34-тэй боллоо

Сар бүрийн сүүлийн Ням гаригийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэхээр болсныг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өнөөдөр мэдээллээ.

Өнгөрсөн оны  арваннэгдүгээр сард нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн  хурлын тэргүүлэгчид “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг баталж, энэ хүрээнд гэр бүлийн өдрийг тусгайлан тэмдэглэх буюу эцэг эхчүүд хүүхдэдээ заавал цаг гаргадаг байх гэсэн шийдвэрийг гаргасан байна. Мөн энэ өдөрт зориулж “Соёмбо” кино театр, “Хүннү молл” үйлчилгээний төв зэрэг хувийн үйлчилгээний байгууллагууд гэр бүлүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм.

Гэр бүлүүд дээрх уриалгыг идэвхтэй хүлээн авч хэрэгжүүлбэл, тухайн гэр бүлийн зэврүүн уур амьсгал дулаан болж, гэр бүлийн гишүүд биесээ ойлгож, харилцан хүндэтгэлтэй хандаж, үл ойлголцох, өсвөр насныхны тулгамдсан асуудлыг аав ээжүүд ойлгож туслан, зөвлөдөг болно. Мөн хүүхдүүд ахмад настнаа хүндэлж, өвөө эмээгийнхээ сургаал, үгийг сонсож, ёс заншил, өв уламжлал, ураг төрлөө дээдэлж, хамгаална гэж уг өдрийг санаачлагчид итгэж байна. Хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ гадуур дэмий сэлгүүцэх биш, чөлөөт цагаа аав ээжтэйгээ үр бүтээлтэй өнгөрүүлдэг болно зэрэг олон эерэг өөрчлөлтүүд гарна гэж тэд хүлээж байна.

Хамгийн гол нь гэр бүл дэх хүчирхийлэл зогсож, гэр бүл бат тогтвортой, хүүхэд бүхэн гэр бүлдээ аз жаргалтай, инээмсэглэдэг болно гэдгийг албаныхан тодотгож байгаа юм. Нийслэлээс ч хүүхэд, гэр бүлд зориулах хөрөнгөө нэмэгдүүлж, тэдний хамт байх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд  анхаарлаа хандуулахаар болжээ. Аж ахуйн нэгж байгууллагууд ч гэр бүлийн өдрийг тууштай дэмжиж, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд сайн анхаарах шаардлагатайг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас сануулсан юм. Гэр бүлийн өдрийг тэмдэглэх хамгийн эхний өдөр нөгөөдөр буюу энэ сарын 28 байх болно.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж