"Спрайт супер лиг өрсөлдөөнтэй болж байна"

2016 оны 2 сарын 26

Сагсан бөмбөгийн Спрайт супер лигийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт Хандгайт дахь Спортын ордонд ээлжит тоглолтууд явагдсан. "МУИС МВМ Шонхорууд" баг дөрвөн тоглолт хийснээс бүгдэд нь хожил авч хэсэгтээ тэргүүлэгчийн байраа алдсангүй. Ингээд тус багийн ахлагч О.Энхбаатартай ярилцлаа.

-Спрайт супер лигийн тоглолтууд сонирхолтой өрнөж байна. “МУИС-Шонхорууд” багийн хувьд өнгөрсөн долоо хоногт нэг ч хожигдол авсангүй. Энэ нь тэргүүлэгчийн байраа алдахгүй байх нэг боломж үлдлээ гэж харж байна.?

-Тиймээ. Спрайт супер лигийн тоглолтууд үнэхээр өрсөлдөөнтэй болж эхэлсэн. Багуудын хувьд одоо хожигдох тусам байрлал уруудах учиртай. Тиймээс бүгд хичээж байна. Өнгөрсөн долоо хоногт Хандгайт дахь спортын ордонд олон сонирхолтой тоглолтууд болсон. Манай багийн хувьд нийт дөрвөн тоглолт хийхдээ бүгдэд нь хожсон. Ингээд 13 багаас “Сүхбаатар САОЗХТ” багийн хамтаар хэсгээ тэргүүлж байна. Багууд бол хүчтэй байгаа. Бидний зүгээс өнгөрсөн жилийн дэд аваргаа хамгаалж, аварга болох хүсэлтэй байна.

-Хэрвээ Спрайт “А” лигт түрүүлсэн баг дараа жилийн Үндэсний супер лигт орох эрхтэй байдаг шүү дээ?

-Спрайт “А” лигт нийт 26 баг өрсөлдөж байна. Энд түрүүлсэн баг Үндэсний супер лигт оролцон тоглох эрхийг авдаг. Өнгөрсөн жилийн аварга багийн хувьд энэ жил дээд лигт тоглоогүй байгаа. Бидний хувьд энэ жил түрүүлж, дээд лигт тоглохыг хүсэж байна. Тийм зорилготой бэлтгэлээ хийж байна.

-МУИС-ийн Бизнесийн сургуулийн Спорт зааланд агч модон шалыг суулгаад удаагүй байна. Та бүхэнд амжилтаа ахиулж, дээд лигт тоглох боломж байгаа гэдгийг харж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Баярлалаа. МУИС-ийн Бизнесийн сургуулийн хувьд олон жилийн түүхтэй сургуулиудын нэг. Спортын заалны хувьд хуучирсан байсан. Энд тэнд бөмбөг ойх, дээрээс дусаал гойжих гээд бэрхшээл их байдаг байлаа. Харин одоо бол дэлхийн стандартад нийцсэн шалтай боллоо. Бидэнд бэлтгэл сургуулилтаа сайн хийж, амжилтаа ахиулах боломж гарч байна. Тиймээс багийнхан маань бүгд хичээж байгаа. Бусад багуудаас сэтгэлзүйн хувьд ч гэсэн давуу байдалтай болж ирлээ. Бид долоо хоногт 3-4 удаа хоёр цагаар бэлтгэл хийдэг.

-“МУИС-Шонхорууд” багт хэрхэн орж байсан бэ?

-Би энэ жил МУИС-ийн Бизнесийн сургуулийг төгсөнө. Дөрвөн жилийн өмнө МУИС-ийн оюутан болж байсан. Үнэнийг хэлэхэд сагсан бөмбөгийн спортоор оюутан болоод идэвхитэй хичээллэж эхэлсэн. Би математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Олонлог” дунд сургуулийг төгссөн. Сагсан бөмбөгийг тэр бүр сонирхдоггүй байсан. Тоо боддог хүүхэд байлаа. Манайх Булганых. Зуны амралтаараа Булганы Баян-Агт суманд байх өвөөгийндөө очино. Хөдөө гурван сар байх тэр хугацаа надад их нэмэр болсон юм шиг санагддаг. 11-р ангид орох жил их өндөр болсон. Тэгээд л нуруулаг байдлаа ашиглаад сагсан бөмбөг тоглох сонирхолтой болсон. Энэ жил дээд сургуулиа төгсөх болохоор их ачаалалтай байгаа. Гэхдээ мэдээж Спрайт лигт сайн тоглож, цааш олон зорилгынхоо төлөө тэмүүлэх болно. Энэ дашрамд, гэр бүлийнхэндээ, багийнхандаа болон багш Л.Эрдэнэпүрэв нартаа баярлаж байгаагаа хэлмээр байна.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

ШОНХОРУУД багийн ахлагч О.Энхбаатар маань СПРАЙТ *А* лигт одоогийн байдлаар самбараас бөмбөг авалтаар тэргүүлж байна.

Posted by МУИС-ийн MBM Шонхорууд баг on Thursday, February 25, 2016

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна