ОУАХГЗ-ийн хурал Шри Ланка улсад боллоо

2016 оны 2 сарын 26

Олон Улсын Ардчилсан Холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал Шри Ланка улсад боллоо

Олон Улсын Ардчилсан Холбооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 25-нд Шри Ланка улсын нийслэл Коломбо хотод эхэллээ.  Дэлхий дахины консерватив үзэл баримтлалтай улс төрийн  намуудыг эгнээндээ нэгтгэдэг нэр хүнд бүхий энэхүү байгууллагын хурлаар бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлуудыг  хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Тус хуралд Монгол улсаас АН-ыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн, Ази Номхон Далайн Ардчилсан Холбооны дэд ерөнхийлөгч Л. Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Хуралдааны үеэр хэлсэн үгэндээ тэрээр Монгол улсад энэ жил болох парламентийн болон орон нутгийн сонгуулийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Энэ үеэр Монголын төлөөлөгчид ОУАХ-ны удирдлагуудтай уулзаж ярилцсан бөгөөд Канад, АНУ, Монтенегро, Непал, Шинэ Зеланд, Англи, Австрали, Мальдив, Герман зэрэг улсын намуудын төлөөлөгчтэй уулзаж хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.  Мөн өдөр Ази Номхон Далайн Ардчилсан Холбооны ээлжит хуралдааныг Шри Ланка улсын Ерөнхий Сайд бөгөөд тус Холбооны дарга Ранил Викремесингх удирдан явуулж, дүрмийн дагуу хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Тухайлбал Монгол Улсаас оруулсан илтгэлийг хэлэлцэж дэмжив. Бүс нутгийн  зарим намыг шинээр гишүүнээр элсэхийг дэмжиж, зохион байгуулалтын асуудал хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн Л. Болдыг Холбооны дэд даргаар улируулан сонгов.

Б.БУЛГАН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна