Д.Жаргалсайхан БТСХТ-ийн захиралаар томилогдлоо

2016 оны 2 сарын 26

Д.Жаргалсайхан Биеийн тамир, Спортын хөгжлийн төвийн захиралаар томилогдлоо

Эрүүл мэнд, Спортын яамны харьяа Биеийн тамир, Спортын хөгжлийн төвийн захирлаар өнөөдөр (II.26-нд) Оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Доржсүрэнгийн Жаргалсайхан томилогдлоо. Тухайлбал, Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Шадар сайд, ЭМСЯ-ны үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарын хоёрдугаар сарын 24-ний өдрийн 53 тоот тушаалаар томилсон бөгөөд тэрээр Монголын спортын салбарт 31 дэх жилдээ ажиллаж яваа спортын зүтгэлтэн юм. Түүний энэхүү зүтгэлийг төр засгаас үнэлж, оны өмнөхөн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол, шагналаа хүртээсэн билээ.
Д.Жаргалсайхан дарга ажлаа авсан эхний өдрөө тус төвийн ажилтан, албан хаагчидтайгаа уулзаж, удахгүй Бразилын нийслэл Рио Де Жанейро хотод болох зуны олимпийн наадмын бэлтгэл ажлыг улам идэвхижүүлэн ажиллах тухайгаа энэ үеэр дуулгав. Мөн түүнийг Биеийн тамир, Спортын хөгжлийн төвийн захирал болсонд тус төвийнхөн төдийгүй, спортын салбарынхан халуун дотноор угтан хүлээж авлаа. Сонирхуулахад, тус төвийн өмнөх захиралаар П.Бат-Эрдэнэ ажиллаж байсан билээ.

Шадар сайд Ц.Оюунбаатар Спортын төв ордонд зочлов

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд, ЭМСЯ-ны Сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар өнөөдөр Монголын спортын салбарын ачааны хүндийг үүрдэг Спортын төв ордонтой биечлэн танилцлаа. Үүгээр зогсохгүй Спортын төрөлжсөн сургалттай, биеийн тамир спортын дунд сургуулийн захирал Ч.Зоригтбаатартай уулзаж, хийж хэрэгжүүлэх олон ажлын талаар санал солилцсон юм.

Энэ өдөр "Хүүхэд хөгжил, эрүүл мэнд" цэцэрлэгийн багш нарын сургалт хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байсан бөгөөд Шадар Сайд тэргүүтэй салбар хариуцсан албаныхан тус арга хэмжээний нээлтэнд оролцлоо. Тухайлбал, тус арга хэмжээнд ЭМСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, БТСХТ-ийн шинэхэн захирал Д.Жаргалсайхан, НБТСХХ-ийн дарга Ж.Тунгалаг нар ирсэн байлаа. Энэ өдөрлөгт орон нутгаас сургуулиас өмнөх боловсрол олгох байгууллагын 280 гаруй багш, мэргэжилтэн оролцжээ.

MSPU