Ипотекийн таван хувийн зээлийг хэзээ хэрэгжүүлэх вэ?

2016 оны 2 сарын 26

 

Засгийн газрын харьяа 11-11 төвд иргэдээс өнөөдөр олон санал хүсэлт ирсний дотор ипотекийн зээлтэй холбогджээ. Сар шинийн өмнө Монголбанкны ерөнхийлөгч инфляцийн дарамт буурсан учраас ипотекийн зээлийн хүүг тав хувь руу буулгах бололцоо бүрдсэн гэдгээ мэдэгдэж байсан юм.

2013 оны зургадугаар сараас эхлэн хэрэгжсэн жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлд өнгөрсөн хугацаанд 77 мянга орчим айл өрх хамрагдаж орон сууцтай болсон. Өөрөөр хэлбэл, эдгээр иргэд мөн зээлийн хүүгээ таван хувь руу орохыг хүлээж суугаа.

Түүнээс гадна шинээр зээл хүсэх иргэд ч мөн ипотекийн зээлийн хүү таван хувь руу орохыг хүлээж байгаа юм. Энэ асуудлыг хөндөж №1602261106  дугаартай иргэн “Ипотекийн таван хувийн зээл хэзээнээс хэрэгжих вэ” гэдэгт албаны хүмүүсийг хариулт өгөхийг хүссэн бол орон нутагт ипотекийн зээлд хэрэгжихгүй байгаад анхаарал хандуулахыг хүсчээ. №1602262798 дугаараар холбогдсон иргэн “Ховд аймгаас холбогдож байна. Ховд аймгийн арилжааны банкуудаар ипотекийн зээл хэрэгжихгүй байна. Үүнд Монголбанк анхаарлаа хандуулна уу” гэжээ.

Тэгвэл эрчим хүчний газартай холбогдох гомдлыг №1602268429 дугаараар холбогдсон иргэн тавьжээ. Тэрээр “Баянгол дүүргийн 19-р хороо 60-р байр сар бүр мэдээлэл өгөхгүй шууд тог тасалж байна. Хүнд хэцүү байгаа айлууд их байгаа шүү дээ” гэсэн бол №1602261649 дугаарын зочин “Замын цагдаагийн албан хаагчдаа цагдаа нар нь торгодоггүй. Жирийн иргэдээ торгоод байдаг. 10 оноо нь дорхноо дуусч байна. Дахин 10 оноо авахын тулд мөнгө төлж танил талаараа авна. Үүнд иргэд маш бухимдалтай байна” гэдгээ илэрхийлсэн байна.

Түүнчлэн НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор дараах гомдлыг орон нутгаас ирүүлжээ. №1602268475 дугаараа холбогдсон зочин “Орон нутагт кассын машин ав гэж татварын байцаагч нар дарамталж авахуулсан.  Гэтэл авсны дараа ашиглаж чадах хүн ховор байна. Хямралтай үед ард иргэддээ ингэж чирэгдэл учруулах шаардлага байгаа юм уу” гэжээ.

Г.ХОРОЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна