Сирид гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж байна

2016 оны 2 сарын 28

 

Сирид баасан гаригийн /II.26/ шөнө дундаас эхлэн түр хугацаанд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн юм. Дамаск хотод их буугаар орон сууцны дүүргийг оносноос бусдаар тулааны бүсэд гал зогссон байна. Сирийн гал зогсоох хэлэлцээрт Башар аль-Ассадын засгийн газар болон босогчдын 100 гаруй бүлэг, фракц оролцжээ. Гэхдээ үүнд аль-Каидатай холбоотой аль-Нусра хүчин болон “Исламын улс” зэрэг зэвсэгт бүлэглэлүүд багтахгүй. Гал зогсоосноос хэдхэн цагийн дараа Сирийн Саламиех хотноо автомашинд тэсрэх бөмбөг дэлбэрч хоёр хүн амь үрэгдсэн халдлагыг “Исламын улс” бүлэглэл үйлдсэн аж. ОХУ баасан гаригийн шөнө дундаас хойш “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сири дэх агаарын цохилтоо зогсоосноо мэдэгджээ.

 

Сирийн гал зогсоох үйл явцыг АНУ болон ОХУ-ын тэргүүлсэн тусгай баг хяналт тавьж ажиллаж байгаа юм. Тэд ирэх өдрүүдэд Женевт уулзаж гал зогсоох гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх аж. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөө эхэлсэн иргэний дайнд 250 мянган хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээ алдан, дүрвэсэн юм.

 

Үүний зэрэгцээ Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад ирэх дөрөвдүгээр сарын 13-нд парламентын сонгууль явуулахаар зарласан юм. Мөн ирэх гуравдугаар сарын 7-нд Сирийн энхийн яриа хэлэлцээг дахин эхлүүлэх болсныг НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура мэдэгджээ. Дэлхийн хүчирхэг гүрнүүд өнгөрсөн арваннэгдүгээр сард Венад уулзах үеэрээ Сирийн зөрчлийг шийдэх ерөнхий зураглалыг гаргасны дагуу гал зогсоож, парламентын сонгууль явуулах гэж байна. 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна