МАН-ын засаг юу ч хийгээгүй

2016 оны 2 сарын 29

-Улс орондоо хийсэн бүтээн байгуулалтаар Шинэчлэлийн засаг манлайлжээ-

Хоёр жил гурван сар засагласан Н.Алтанхуягийн Шинэчлэлийн засгийг “эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн” гэх МАН-ын бүлгээс  өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцсэн чуулганы хуралдаанд оролцсон 66 гишүүний 36 нь огцруулах кнопыг дарж, түүнийг чөлөөлж байсан нь 2014 оны арваннэгдүгээр сар.

Гэтэл сонирхолтой нь, “эдийн засгийг хямраасан” хэмээн буруутгагдаж, УИХ-аас шийтгэл хүлээсэн Шинэчлэлийн Засгийн үед хамгийн том бүтээн байгуулалт хийсэн хэмээн иргэд дүгнэсэн байна. 

Судалгаа шинжилгээний “Эс ай си эй” компани буюу “SICA”-гаас  аль засгийн үед улс орны бүтээн байгуулалт хэр идэвхтэй өрнөснийг харуулсан судалгаа хийсэн бөгөөд  уг компани нь улирал бүр тодорхой нэг сэдвийг хөндсөн судалгаа хийдэг аж. Энэ удаад тэд “Бүтээн байгуулалт” сэдвийг онцолжээ.

Судалгааны эхэнд  сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимжиж, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто зам, орон сууцны хангамж идэвжиж буйг онцлоод энэ нь иргэдийн хүлээлтэд нийцсэн эсэх, иргэд бүтээн байгуулалтын ажлуудад ямар дүн өгч буйг болон цаашид ямар ажил  зайлшгүй шаардлагатай байгааг асууж тодруулжээ. Энэхүү судалгаанд хот, хөдөөгийн нийлсэн 1200 хүн оролцож, өөрсдийн дүгнэлтээ ирүүлсэн бөгөөд 25-46 насныхан идэвхтэй оролцож, санаа бодлоо илэрхийлсэн байна.

Иргэдийн зүгээс хамгийн түрүүнд ажилгүйдлийг бууруулах нь Монгол Улсын хөгжилд хүрэх алхам болно гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, монголчуудыг тогтвортой ажлын байраар хангаж, хөдөлмөр эрхлэх орчинг бүрдүүлсэх зайлшгүй шаардлага байгааг дурдаж. Цаашлаад Монголын Улсын хөгжлийн гол түлхүүр бол аж үйлдвэр, дэд бүтцээ хөгжүүлэх, боловсролыг дэмжих, төр улсын бодлого төлөвлөлтийг тогтворжуулах, эдийн засгийн тогтвортой байлгах явдал хэмээн үзжээ.

Уг нь энгийн ухаанаар бодоход Монголд хамгийн том бүтээн байгуулалт эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарсан он жилүүдэд л өрнөсөн байх ёстой байлаа. Харамсалтай нь, С.Батболдын засгийн  үед хамгийн их  хөрөнгө оруулалт манай улсад орж ирсэн, эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарсан атал тухайн жилүүдэд томоохон бүтээн байгуулалт Монголд хийгдээгүй хэмээн судалгаанд оролцогчид дүгнэжээ. Монгол мөнгөтэй ч байсан, эрдэс баялаг нь эрэлттэй ч байсан тэр он жилүүдэд даанч харамсалтай нь, хурааж хуримтлуулсан юмгүй, олсноосоо гадна, гаднаас зээлдэж авснаа хүртэл халамжийн мөнгө болгоод тараачихснаас нь худлаа биш. Иймээс л иргэд С.Батболдын засгийн газар юу ч хийгээгүй гэсэн дүгнэлт хийхэд хүрсэн биз. Ардын намынхан үе, үе “Чингис бонд”-ын эрэлд морддог. Ардчилсан намынхныг аваад идчихсэн, үгүйдээ л өөрсөд шигээ үрэн таран хийчихсэн гэж хардаж байгаа хэрэг шүү дээ.  Гэтэл судалгааны дүгнэлтээс харахад хамгийн том бүтээн байгуулалт хийсэн засгаар иргэд  2012-2014 онд буюу Шинэчлэлийн засгийг нэрлэсэн байна.

Хамгийн том, хамгийн үр дүн бүхий бүтээн байгуулалтын ажлаар авто замын төсөл шалгарч. Ардчилсан намын буюу Н.Алтанхуягийн Шинэчлэлийн засгийн газар анх удаа дэлхийн зах зээлээс урт хугацаатай, хямд эх үүсвэртэй хөрөнгө босгож, зээлж  авчирсан 1.5 тэрбум доллараа экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөлд мөн аймгуудыг авто замаар холбох, иргэдээ орон сууцжуулах, үйлдвэржилтийг нэмэгдүүлэх томоохон бүтээн байгуулалтад зарцуулсан. Тэрхүү хөрөнгө оруулалтын ачаар, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Дундговь аймгуудыг авто замтай холбож, энэ онд Ховд, Баян-Өлгий, Увс болон Говь-Алтай аймгийг авто замтай холбосноор Монгол Улсын 21 аймаг бүрэн авто замтай болох юм. Түүнчлэн Улаанбаатарын төдийгүй аймгийн төвүүдийн авто замыг сайжруулж, гудамж талбайг өргөтгөсөн нь  өнгөрсөн 25 жилийн хугацаанд хийгдсэн хамгийн үр дүн бүхий, хамгийн том бүтээн байгуулалтын нэгдүгээрт бичигдэж байна.

Үүний дараа 72 мянган өрхийг орон сууцтай болгосон барилга орон сууцны бүтээн байгуулалт жагссан бол гуравдугаарх том бүтээн байгуулалтаар уул уурхайн салбарт хийгдэж буй ажлуудыг нэрлэжээ.

Ардчилсан нам иргэдээ орон сууцжуулах үүднээс найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг гаргаж, хот хөдөөгүй хэрэгжүүлсэн нь ийнхүү иргэдээс өндөр үнэлгээ авсан байна. Энэ зээлийг үргэжлүүлэн олгохдоо хүүг нь таван хувь болгон бууруулахаа Ардчилсан нам амалсан бөгөөд ирэх дөрөвдүгээр сараас энэ ажил биелэлээ олно гэсэн эерэг хүлээлт нийгэмд бий болсон билээ.

Харин цаашид сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэх, авто замын бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж, орон сууцны хангамжаа өсгөх шаардлагатай байгааг судалгаанд оролцогчид дурдсан байна. Мөн цахилгаан, дулааныхаа эх үүсвэрийг нэн яаралтай нэмэгдүүлэхээс гадна төмөр замынхаа бүтээн байгуулалтад анхаарах шаардлага байгааг иргэд анхааруулжээ.

АН-ын засагласан дөрвөн жилд, ялангуяа Н.Алтанхуягийн Шинэчлэлийн засгийн үед Монголд сүүлийн 25 жилд хийгдээгүй их бүтээн байгуулалт өрнөснийг  Ардын намынхан олж харахгүй л “нүд сохорсон” болохоос ард түмний нүдэн дээр ил байгааг энэхүү судалгааны дүнгээс харж болно.

Н.Батбаярын “Та нар дөрвөн замын уулзвар дээр нохойтой хөшөө барьсан, бид дөрвөн замын уулзваруудыг түгжрэлгүй болгосон” гэдэг чухамдаа бол  үнэн л үг шүү дээ. Сав л хийвэл эдийн засгийн өсөлтийг 17 хувиас хоёр хувь хүргэсэн хэмээн улстөрждөг МАН-ын засгийн үед гадаадын шууд хөрөнгө оруулалт 2008-2012 онд нийтдээ 13 тэрбум 172 сая доллар орж ирсэн гэхээр энэ их  мөнгийг яаж үрснээ МАН-ынхан арай мартчихаагүй биз дээ.  Үзээд өгье гэхнээ “үнс” нь ядаж хаана байна?

 Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна