Дөрвөн жилд нэг удаа тохиодог

2016 оны 2 сарын 29

-Дөрвөн жилд нэг төрсөн өдрөө тэмдэглээд дасчихаж дээ-

Өнөөдөр бол дөрвөн жилд нэг удаа тохиох, өндөр жил. Энэ өдөр төрсөн хүн дөрвөн жилд нэг удаа төрсөн өдрийн баяр нь тохиодог билээ. Дэлхийд энэ өдөр дөрвөн сая хүн төрсөн хэмээн бүртгэгджээ. Харин Монгол Улсад 2000 гаруй хүн хоёрдугаар сарын 29-ны энэ өдөр мэндэлсэн байдаг. Тэдний 60 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Энэ дундаас эмэгтэйчүүдийг нь ихэнхдээ Оюунчимэг, эрэгтэйчүүдийг нь Бат-Эрдэнэ гэдэг юм байна.

Тэгвэл 2016 оны хоёрдугаар сарын 29-ны 00.00 цагаас 06.00 цагийн хооронд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд зургаан хүүхэд мэндэлсэн гэх мэдээлэл байна.

Одоогоос 40 жилийн өмнөх энэ өдөр, тэр дундаа галт тэргэнд нэгэн хүү мэндэлсэн баярт мэдээг монголчуудад хэвлэл мэдээллийн байгууллага дамжуулж байв. 40 жилийн дараах энэ өдөр өндөр жилийн 29-нд, тэр дундаа галт тэргэнд мэндэлсэн Г.Ганзамтай бид холбогдож төрсөн өдрийн баярыг нь хуваалцсан юм.

-Юуны өмнө танд дөрвөн жилд нэг удаа болдог төрсөн өдрийн мэнд дэвшүүлье?

-Баярлалаа. Та бүгдэд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе.

-Дөрвөн жилд нэг удаа төрсөн өдрийн баяр нь тохиодог хүний баяр нижгэр болдог байх даа?

-Хүмүүс жил бүр төрсөн өдрөө тэмдэглэдэг бол минийх дөрвөн жилд нэг удаа тохиодог. Гэхдээ жил бүр биш болохоор ч тэр үү тэсэж  ядан хүлээгээд байдаггүй л дээ. Сүүлдээ ч бүр дасчихаж дээ. Гэхдээ мэдээж дөрвөн жилд нэг удаа болдог, өндөр жилд төрснөөрөө баярлаж, бахдаж явдаг даа.

-Та хэдэн оны хоёрдугаар сарын 29-нд төрсөн бэ?

-Би 1976 оны хоёрдугаар сарын 29-ны өдөр галт тэргэнд төрж байсан. Сүхбаатар-Улаанбаатарын галт тэргэнд явж байхад төрсөн юм билээ. Үүрээр төрсөн гэж байсан шиг санагдана. Цагийг нарийн сайн санахгүй байна. Тухайн үед галт тэргэнд  эмч явж байж таарсан гэсэн. Тэгээд намайг эх барьж авч байсан. Азтай тохиолдол болсон гэдэг.

-Галт тэргэнд төрсөн хүүхдийг 18 нас хүртэл нь үнэгүй зорчуулдаг. Тухайн үед тийм хөнгөлөлт байсан уу?

-Тухайн үед галт тэргэнд төрсөн хүнийг 18 нас хүртэл нь үнэгүй явуулах хөнгөлөлт байсан. Гэхдээ миний хувьд Сэлэнгийн Дулаан хаанд өссөн. Социализмын үе байсныг ч хэлэх үү галт тэргээр нааш цааш яваад байх нь цөөн байсан даа. Одоогийнх шиг аялж, зугаалаад байх боломж байгаагүй л дээ.

-Таны хувьд галт тэргэнд төрөөд төмөр замтай салшгүй холбоотой болсон гэж дуулсан. Их сургуулиа төгсөөд л шууд төмөр замын ажилтан болов уу?

-Нэг мэдсэн чинь л төмөр замын хүн болсон байсан. Миний хувьд 1997 оноос хойш төмөр замд зүтгүүрийн инженер мэргэжлээр ажиллаж байна. Эхлээд Улаанбаатарт есөн жил ажилласан. Дараа нь 2005 онд Сайншандын төмөр замд ирж ажиллах болсон. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Сайншандын төмөр замд зүтгүүрийн инженерээр ажиллаж байна.  

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна