FIFA-гийн тэргүүн оросоор ярив

2016 оны 2 сарын 29

Өнгөрсөн долоо хоног дэлхий дахинд онцлох үйл явдал олон тохиолоо. Харин авлигад орооцолдсон даргынхаа оронд Олон улсын хөлбөмбөгийн холбоо шинэ тэргүүнээ сонголоо.

 

Фото: АР

 

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) хамгийн их авлигатай холбооны нэг болоод бараг нэг жил шахуу дуулианд хутгалдан явсаар  өнгөрсөн баасан гаригт  даргынхаа ээлжит бус сонгуулиар шинэ ерөнхийлөгчтэй боллоо. FIFA-гийн нэр хүндийг сэргээн, авлигаас салгах хүнээр Жанни Инфантино болж таарав.  Пушкин, Лермонтов нарын хэлийг судлах уу гэсэн асуултад хариулахдаа тэрээр “Би оросоор ярьдаг” хэмээн тэр хэлсэн тухай   хэвлэлүүд бичив.

Учир нь тэрээр  FIFA –гийн  ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа 2018 оны дэлхийн аваргын тэмжээнээс өмнө орос хэл сурсан байна гэж амласан байв. Хөлбөмбөгийн Конгресст санал хураалт явуулахын өмнөхөн тэр үг хэлэхдээ англи, франц, испани, итали, герман хэлийг ашигласан юм.

Хоёрдугаар сарын 26-ны өдөр Инфантино хоёрдугаар шатны санал хураалтын 207 саналын 115-ыг авч FIFA –гийн ес дэх ерөнхийлөгч болжээ. Хамгийн өргөн цар хүрээтэй маш олон үзэгчдийг татдаг хөлбөмбөгийг авлигаас салгах гэсэн шинэ ерөнхийлөгч гэж хэн бэ?

Инфантино гуравдугаар сарын 23-нд 46 нас хүрнэ. Швейцарийн уугуул бөгөөд итали цустай, боловсрол нь хуульч. Герман, итали,, франц, англи, испани, араб хэлтэй. Карьерынхаа эхэнд Итали, Испани, Швейцари зэрэг янз бүрийн орнуудын  мэргэжлийн холбоо ба хөлбөмбөгийн байгууллагуудад зөвлөх хийж иржээ. Швейцарийн Невшателийн их сургуулийн дэргэдэх Спортын судалгааны  олон улсын CIES төвийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Инфантино 2000 онд UEFA-д орж иржээ. Европын хөл бөмбөгийн холбоонд янз бүрийн салбар хороодод ажиллаж ирсэн тэрбээр Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хүртэл  дэвшиж  байлаа. Голчлон хууль зүйн асуудал хариуцаж байсан юм.

Сүүлийн мөч хүртэл тэрээр евро цомуудын тэмцээний шодолтын ёслол гүйцэтгэгчээр өргөн олон нийтэд  танил байсан юм. Тэрээр багуудын нэртэй бөмбөлөгүүдийг харицдаг байж. Баасан гаригт тэрбээр өөртөө азын бөмбөлөг  сугалж чадлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна