Байгалийн нөөц: Бэрхшээл ба боломж

2016 оны 2 сарын 29

Түүхээс сөхвөл…

Уул уурхай, олборлох салбарын хөгжлийн түүх нь хүн төрөлхтний нэн эртний үе буюу хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэлтэй. Түүхийн турш бий болсон аливаа технологийн дэвшлээр олборлох салбарын хөгжилд шинэ үеийг авчирч, байгалийн шинэ нөөцийг эргэлтэнд оруулж, үр дүнд нь улс орнууд нийгэм эдийн засгийн хувьд урагшлан хөгжиж ирсэн байдаг.

Харин орчин цагийн эдийн засгийн хөгжлийн түүх бол 18-р зууны аж үйлдвэрийн хувьсгалаас эхлэлтэй. Энэ цаг үе бол нүүрс, байгалийн хий, газрын тосны эрин үе. 18-р зууны сүүлээр Шотландын инженер, зохион бүтээгч Жеймс Ватт уурын хөдөлгүүрийг зохион бүтээснээр нүүрс их хэмжээгээр эдийн засгийн эргэлтэнд орж, араас нь 19-р зууны дунд үеэс хойш дотоод шаталтын хөдөлгүүр, газ турбиний нээлтээр байгалийн хий, газрын тосны хэрэглээ хүчтэй нэмэгдсэн. Дээрхи технологи, байгалийн нөөцөд түрүүлж орсон улс орнууд аж үйлдвэржсэн хөгжил, цэрэг батлан хамгаалахын салбарт хүчирхэгжиж эхлэв. Өөрөөр хэлбэл өнөөгийн өндөр хөгжилтэй улс орнуудын өнгөрсөн 200 гаруй жилийн хөгжлийн түүхэнд нүүрс, газрын тос, байгалийн хий нь хөгжлийн асар их боломжийг бий болгосон билээ.

Энэ график дээрээс сүүлийн 2000 жилийн дэлхийн үйлдвэрлэлийн хэмжээг харж байна. Аж үйлдвэрийн хусвьгалаас хойш дэлхийн үйлдвэрлэлийн хэмжээ огцом нэмэгдсэн нь харагдана. Технологийн нээлт, түүхий эдийн хэрэглээнээс гадна энэ цаг үед АНУ ардчиллын тулгуур зарчмууд дээр үндэслэн тусгаар тогтнолоо тунхаглаж байсан бол Европт Адам Смит тэргүүтэй эдийн засагчид чөлөөт худалдаан дээр суурилсан эдийн засгийн онолоо тунхаглан зарлаж байв. Тохиолдлын бус, нэг нэгнээсээ хамааралтай гэмээр эдгээр технологийн нээлт, түүхий эдийн хэрэглээ, засаглалын хөгжлийн үндсэн дээр өнөөгийн барууны өндөр хөгжилтэй гэх орнуудын хөгжлийн суурь тавигджээ. 

Технологи нэгэнт нийтийнх болж “хэн нь гол эх үүсвэр, нөөцийг хяналтандаа авна, тэр хүчийг барина” гэсэн номлол олон улсын харилцаа, цэрэг хүчний салбарт ноёлож эхлэсэн тул нөөц хаана төвлөрнө, тэнд асуудлын хүндийн төв оршиж эхлэв. 20-р зууны дунд үеэс эхлэлтэй барууны их гүрнүүдийн Булангийн орнуудад явуулж буй цэрэг, стратегийн болон улс төрийн үйл ажиллагаа нь дэлхийн газрын тосны батлагдсан нөөцийн 70%-ийг бүрдүүлэх уг бүс нутгийг хяналтандаа байлгах гэсэн үндсэн зорилготой.

Оксфордын их сургуулийн профессор Пол Коллиер өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн түүх, бусад хөгжиж буй ядуу улс орнуудын нэн шинэ түүхээс дүгнэж “Байгалийн нөөцтэй ч технологи, сайн засаглал үгүй бол ядуурал, байгалийн нөөц болон технологи байсан ч сайн засаглал үгүй бол цөлмөлт, гурвуулаа байсан үед хөгжил” хэмээн томъёолсон нь бий.

 

Байгалийн нөөц ба тулгарах асуудлууд

Өнөөгийн өндөр хөгжилтэй их гүрэн хэмээх улсуудын хөгжилд байгалийн нөөц чухал үүрэг гүйцэтгэсэн талаар дээр дурдав. Харин одоо ядуу болон хөгжиж буй улсуудын хувьд мөн байгалийн нөөц нь хөгжил дэвшилд хүрэх боломж нь болох учиртай. Өнгөрсөн 10 гаруй жилийн түүхий эдийн үнийн өндөр өсөлт нь тэрхүү хөгжлийн боломж байсан. Гэвч энэ боломжийг ихэнхи улсууд алдсан тухай олонтаа өгүүлж буй билээ. Боломжийг алдсан үндсэн шалтгаан нь байгалийн нөөц хэмээх ойлголтыг мөн чанарынх нь хувьд ойлгож ханддаггүй, нөөцийн хувьд үргэлж байх мэтээр эсвэл үнэ байнга өндөр байх мэт төсөөлдөг, мөн аливаа дагалдаж ирэх сорилтонд хууль эрх зүйн болон засаглалын хувьд бэлтгэгдээгүй, иргэд, шийдвэр гаргагчдийн түвшинд ойлголтын хувьд мөн бэлтгэгдээгүй байдал зэргээс үүдэлтэй.

Өнгөрсөн хэдэн зууны түүхийг харахад түүхий эдийн үнэ унаж, өсдөг өөрийн мөчлөг, зүй тогтолтой юм. Тиймээс дараагийн үнийн өсөлтийн мөчлөг тохиох нь дамжиггүй. Гагцхүү тэр өсөлтөнд одооноос бэлтгэгдэх хэрэгтэй. Харин үүний тулд байгалийн нөөц ба түүний мөн чанарыг таньж мэдэх нь чухал.

Иймд, бүгд мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй байгалийн нөөц ба түүнийг дагасан үндсэн асуудлуудыг тоймлон харъя.

Асуудал 1. Байгалийн нөөц бол шавхагдах баялаг

Байгалийн нөөцийг хэн нэг хүн бүтээгээгүй. Тиймээс үр өгөөж нь тухайн улсын энэ цаг үеийн төдийгүй дараа үеийнхэнд хүртээлтэй байх ёстой гэж үздэг. Тийм учраас энэ цаг үед олборлож, ашиглаж байгаа байгалийн нөөц эдийн засгийн эргэлтэнд орсноор үрэгдэж дуусах бус өөр хэлбэрийн үр ашигтай капиталд хэлбэрээ өөрчлөн шилжилт хийсэн байх ёстой юм. Тухайлбал, санхүүгийн капитал буюу нийтээрээ чинээлэг болсон байх, нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой дэд бүтэц баригдсан байх, мөн нийтээрээ боловсрол, эрүүл мэндийн чанарын хувьд дээшилсэн байх, бусад эдийн засгийн салбарууд хөгжих суурь нөхцөл хангагдсан байх гэх мэт.

Олборлож л байгаа бол нэг өдөр дуусах нь тодорхой учраас байгалийн нөөц дээр эдийн засгаа авч явж буй аль ч улс орон алсыг харсан хөгжлийн стратегитэй, урт хугацааны сайтар боловсруулсан хөгжлийн бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх сайн засаглалыг бэхжүүлсэн байх ёстой. Улс төрчид сонгогдохын тулд уул уурхайн орлогоос цалин тэтгэвэр нэмэх, бэлэн мөнгө тараах, эсвэл өөрийн тойрогтоо гэх нэрээр хүн амын төвлөрөл байхгүй газар өндөр зардалтай, үр ашиг багатай зам, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж байвал тэр нь өнөөдөр байгаа нөөцөө үр ашиггүй зарж дуусгаж буй хэрэг төдийгүй дараа үеийнхний баялгаас хумсалж буй хэрэг гэж ойлгож болох нь.

  

Асуудал 2. Түүхийн эдийн үнэ тогтворгүй

Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ байнгын дээш, доош хэлбэлзэж байдаг. Харин төсвийн орлого, зарлага нь өсөлт, уналтын мөчлөгөө дагаж болохгүй. Тэгвэл улс орноороо “галзуу хулгана” дээр суусантай адил. Тиймээс үнийн өндөр өсөлттэй үед зардлаа хэт нэмэхгүй, тодорхой хуримтлал хийх, үнийн уналттай үед хуримтлалаас зардлаа санхүүжүүлэх замаар төсвийн тогтвортой байдлыг хангах шаардлагатай. Мэдээж амьдрал дээр хэрэгжүүлэхэд тун хэцүү бөгөөд улс төрийн томоохон зөвшилцөл, ойлголцол, зориг шаардах ажил. Мөн иргэддээ төсвийн зарцуулалтын талаар зөв мэдээлэл хүргэж, хүлээлтийг зөв удирдах шаардлагатай. Учир нь ядуу, хөгжиж буй улсуудын хувьд нийгэм, эдийн засгийн тулгамдсан шаардлагууд өндөр байдгаас Засгийн газарт ирэх иргэдийн шахалт өндөр байна. Тиймээс үнийн өсөлттэй үед мөнгөтэй болох тусам Засгийн газар зардлаа улам нэмэгдүүлж, тэр хэрээр иргэдийн хүлээлт, шаардлага улам нэмэгдэж, үр дүнд нь иргэдээс сонгогдох улс төрчид бүтэшгүй амлалтууд өгөх нөхцлүүд бүрдэнэ. Ингэснээр бүтээмж багатай зардал ихээхэн гаргаж, эдийн засгийн боломжоо алддаг. Энэ талаар уул уурхайн засаглалын сургалтууд дээр зарим улсын жишээг онцгойлон ярьдаг. Тухайлбал, Гана улс үнийн өндөр өсөлттэй үед газрын тосны ирээдүйд орох орлогодоо түшиглэн 2 тэрбум долларын бонд босгож бүгдийг нь цалин, тэтгэвэр нэмэх байдлаар богино хугацааны улс төрийн “төлбөр”-т зараад дуусгасан байдаг. Мөн манай улсын 2008 оны сонгуулийн бэлэн мөнгөний амлалтууд бөгөөд түүнийг биелүүлэхдээ томоохон уул уурхайн төслийнхөө ирээдүйд олох орлогоос урьдчилгаа авч, үр дүнд нь төслөө хүнд байдалд оруулсан тухай хэцүүхэн жишээ ч яригддаг.

Асуудал 3. Технологийн дэвшил ба баялгийн хоцрогдол

Байгалийн нөөц дээр түшиглэдэг улс орнуудын байнга тооцож, бодож байх нэг зүйл бол технологийн дэвшлээр тухайн улсын байгалийн нөөц эдийн засгийн үнэлэмжээ алдаж болох тухай юм. Тухайлбал, 1920 он хүртэл Чилийн татварын орлогын хагас нь Нитратаас орж ирдэг байж. Гэтэл 1920 онд Германы эрдэмтэн синтетик нитрат гаргаснаар Чили улс бүхэлдээ дампуурлын ирмэгт ирж, нитратын уурхай дагасан хот, тосгон нь “сүнстэй хот” болж, Пиночетийн дэглэмийн үед шорон болоод дууссан байдаг. Тиймээс аливаа улс орон өөрийн байгалийн нөөцийг урт хугацааны, байнгын тогтвортой орлогын эх үүсвэр мэтээр үзэж болохгүй юм.       

Асуудал 4. Баялгийн хараал

Баялгийн хараал хэмээх энэ нэр томъёо сүүлийн 20 жилд өргөн хэрэглэгдэж, судлагдаж байна. Баялгийн хараал гэх ойлголт академик нэршлийн хувьд дараах хоёр асуудлыг агуулдаг.

Нэг. Голланд өвчин буюу эдийн засгийн эффект

Уул уурхайн салбарын үнийн өсөлттэй үед ихээхэн хэмжээний мөнгө эдийн засагт орж ирсэнээр эдийн засгийн бусад салбарын ажиллах хүч, нөөцийг шавхах байдлаар дотоодын үйлдвэрлэлийг уналтанд оруулах эсвэл үндэсний мөнгөн тэмдэгтийг хөөрөгдөх байдлаар дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг унагах тухай эдийн засгийн ойлголт. Манай улсын хувьд нэг талаар үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш өсөх биш унаж байгаа ч нөгөө талаар бид хэрэглээний дийлэнхи хэсгийг урд хөршөөс импортоор авч байгаа нь өнгөрсөн арваад жилд уг өвчний эффект явагдсаны илрэл гэж хэлж болохоор.

Хоёр. Улс төрийн эффект

Ардчилал, хуулийн засаглал бэхжээгүй эсвэл дөнгөж эхэлж буй ядуу буурай, хөгжиж буй оронд байгалийн томоохон нөөц илрэх нь улс төрийн хувьд олон асуудал, сорилтийг үүсгэдэг. Тухайлбал улс төрийн зөрчил, тогтворгүй байдал, нийгмийн тэгш бус байдал, шудрага бус байдал, хүчний төвлөрөл үүсэх гэх мэт. Нөөцийг хэн хянана, тэр хүчийг барина. Тиймээс эрх мэдлийн төлөөх улс төрийн хүчнүүдийн зөрчилдөөн хурцдаж, энэ нь улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Манай улсын хувьд өнгөрсөн 20 гаруй жилд олон Засгийн газар солигдсон нь, хүн амын цөөнх хөрөнгөжиж тэгш бус байдал гүнзгийрч байгаа зэрэг нь Баялгийн хараалын улс төрийн эффект явагдаж буйг харуулна. Байгалийн нөөц дагасан улс төрийн зөрчил улс орны дотоод улс төрд төдийгүй олон улсын түвшинд ч адилхан өрнөдөг. Тухайлбал АНУ-ын Ойрхи дорнодод явуулж буй эцэс төгсгөлгүй дайн, зөрчил, мөргөлдөөнийг дурдаж болно.

Асуудал 5. Байгаль орчны асуудал

Байгалийн нөөц олборлох үйл ажиллагаа байгалийг хөндөж л байгаа учраас ямар ч тохиолдолд байгаль орчинд тодорхой түвшинд хор хохирол учруулж байдаг.  Уул уурхай, газрын тосны олборлолтын үйл ажиллагаанаас байгаль орчин сүйтгэгдэж байгаа гадаад, дотоодын жишээ олон бий. Газрын тосны “мангас” Шелл компанийн Нигерт явуулсан хэдэн арван жилийн олборлолтын үйл ажиллагаа нь тухайн бүс нутагт тооцоолж боломгүй их байгаль орчин, эрүүл мэндийн гарз, хохиролыг бий болгосон тухай жишээ байдаг. Гол мөрөн нь тосоор урсаж, ард иргэд нь хорт хавдар тусч эхэлсэн гэх мэт. Байгаль орчны хувьд дэлхий нийтийг хамарсан том асуудал мэдээж хүлэмжийн хийн ялгарлаас үүдэлтэй дэлхийн дулаарлын асуудал.

Дүгнэлт

Байгалийн нөөцөөр хөгжил дэвшлийг бүтээсээр ирсэн, цаашид ч бүтээнэ. Ялангуяа ядуу буурай, хөгжиж буй орнууд нөөцөө ухаалгаар ашиглаж хөгжих шаардлагатай. Гэвч дээр дурдсанчлан байгалийн нөөц дээр түшиглэсэн эдийн засаг, бизнес уг язгуураараа тогтвортой биш юм. Нөөц нь шавхагдаж дуусна, үнэ нь байнгын хэлбэлзэнэ, технологийн дэвшлээр үнэгүйдэж болно, нийгэм, улс төрийн хувьд зөрчилдөөн үүснэ, байгаль орчин сүйтгэгдэнэ гэх мэт. Тиймээс Норвеги шиг, Чили шиг, Малайз шиг хөгжихийн тулд өнгөрсөн 10 жилд гаргасан алдаануудаас суралцаж, дээрх сорилтуудыг удирдан давах төсөв сангийн оновчтой бодлого зохицуулалтуудыг хийх, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, баялгийн санг байгуулах, татварын бодлого, зохицуулалтуудаа сайжруулах, лиценз олгодог эрх зүйн зохицуулалт болон хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх чадавхийг сайжруулах зэрэг олон ажлуудыг хийж дараагийн үнийн өсөлтөнд бэлтгэгдэх шаардлагатай. Үүний төлөө хийгдэх ажил, санаачлага нь бүхэлдээ “Уул уурхайн засаглал”-ийн асуудал юм.

Б.ТҮВШИН

УУЛ УУРХАЙН ЗАСАГЛАЛЫН ХҮРЭЭЛЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна