“Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйлчилгээг шуурхай болгохыг үүрэг болгов

2016 оны 2 сарын 29

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/153 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, үйлчилгээг шуурхай болгох, байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах зорилгоор дараах арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлэхийг үүрэг болгов. Үүнд:

  • Газар, барилгажилтын зөвлөлийн хурлыг долоо хоног бүр тогтмол хуралдуулж, тухайн долоо хоногт ирсэн хүсэлт бүрийг хурлаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, Өмчийн харилцааны газарт

  • Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл хянах хугацаа, хянах албан хаагчийг тодорхой болгож, захирамж гаргах үйл ажиллагааг сайжруулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт

  • Үйлчилгээний нэгдсэн програмд яаралтай хөгжүүлэлт хийж, хүсэлтийн шийдвэрлэлтэд хяналт тавих, шаардлагатай тайлан мэдээ гаргах, албан хаагчдын ажлын үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт

  • Өргөдөл, гомдлын нэгдсэн програмын 3 дахь шатны хөгжүүлэлтийг хийх, нийслэлд ашиглаж байгаа програм хангамжуудыг холбох, хоорондын уялдаа холбоог хангах, нэгдсэн админ удирдлагатай болгох асуудлыг шийдвэрлэж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, Мэдээллийн технологийн газарт

  • Үйлчилгээний хүсэлтийг шийдвэрлэхдээ хугацаа хэтрүүлж байгаа шалтгааныг судлаж, холбогдох арга хэмжээ авах, буруутай албан хаагчдад хариуцлага тооцох, хугацаа хэтрүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлж, хяналт тавьж ажиллахыг нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад

  • “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллаж байгаа албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлж, шаардлагатай сургалтуудыг зохион байгуулах, туршлага судлуулах ажлыг төлөвлөгөө гарган зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт

  • “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв”, байгууллага хооронд шилжүүлэх баримт бичгийг холбогдох дүрэм, журамд нийцүүлэн шуурхай хүргэх чиг үүрэг бүхий шуудан хүргэлтийн тогтолцоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргынТамгын газарт

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээн дэх хэрэгжүүлэгч агентлагаас иргэдэд үзүүлж буй үйлчилгээг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан бүртгэж, хяналт тавьж ажиллахыг нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад

  • Иргэдэд үзүүлж буй нийслэлийн үйлчилгээг шинэ шатанд гаргах, үйлчилгээний шилдэг менежментийг нэвтрүүлэх, шинээр ажилд орж буй ажилтныг нийслэлийн хөгжлийн хэрэгцээ, шаардлага, онцлогт тохирсон шалгуурын дагуу шалгаруулж тэднийг үнэ цэнэтэй  мэргэшсэн албан хаагч болгон төлөвшүүлэх зорилго бүхий “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад шинээр ажилд орох болон албан тушаал дэвшүүлэн ажиллахад мөрдөх нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэн ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, бүтээмжийг дээшлүүлэх, албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хангарди ордонд ажлын цагаар зөвхөн төрийн албан хаагчид нэвтрэх боломжоор хангах зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт тус тус үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна