Сонгодог, уянгын “ITALIA” үдэш айсуй

2016 оны 2 сарын 29

Дэлхийн урлагийн амин зүрх нь болсон Итали орны агуу түүхт дуурийн урлагийн мастеруудын алдарт бүтээл болоод орчин цагийн Италийн нэрт хөгжмийн зохиолчдын киноны шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн сонгодог, уянгын үдэш «ITALIА» концерт ирэх пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 3-ны өдрийн 19.00 цагаас Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна. Энэ удаагийн тоглолтыг "Гранат" продакшнаас зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтод 100 гаруй хүн оролцох юм.

"Cinema Night”, “Michael Jackson Forever”, “Christmas Night”, “Л.В.Бетховены Үдэш”, “Д.Шостаковичийн Үдэш" зэрэг мэргэжлийн симфони тоглолтуудыг санаачлан хэрэгжүүлсэн "Гранат Музык" продакшны уран сайхны удирдагч, төгөлдөр хуурч, удирдаач Б.Анар Монголд анх удаа Дэлхийн шилдэг киноны хөгжмийн тоглолтуудыг санаачилж, 2009 оноос хойш олон сайхан цуврал тоглолтуудыг сонгодог хөгжмийг бишрэн хүндэлдэг үзэгч олондоо зориулж ирсэн. Энэ удаагийн сонгодог, уянгын «ITALIА» концерт нь Монгол, Итали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ой, Итали улсаас Монгол улсад суух бүрэн эрхт Элчин сайдын яам нээгдэх болсонтой холбогдуулан хүндэт консул Mr. Piero Albarano Bardazzi дэмжлэгтэйгээр Монголын үзэгч түмэнд анх удаа хүрэх гэж байгаагаараа онцлог юм. Мөн уг тоглолтоор дамжуулан хоёр орны урлаг соёлын харилцаа, мэргэжлийн хөгжмийн урлагийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг сурталчилан таниулаад зогсохгүй цаашид улам бүр өргөжүүлэх зорилготой.

ИТАЛИЙН НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧДЫН БҮТЭЭЛ ЭГШИГЛЭНЭ

Тус тоглолтонд Италийн 19-21-р зууны кино урлагийн нэрт хөгжмийн зохиолчид болох Оскарын шагналт Эннио Морриконе, Нина Рота, Луис Бакалов, Никола Пьованни, Дарио Маррионелли, Майкл Жаччини болон Жакомо Пуччини, Пьетро Масаньи нарын бүтээлүүдийг зохиогчийн албан ёсны бүрэн эрхтэйгээр сонордуулах юм.

Сонгодог, уянгын «ITALIА» концертод Италийн Венец хотын Дуурь болон симфони найрал хөгжмийн удирдаач Roberto Salvalaio уригджээ. Мөн дуурийн дуучин МУГЖ Э.Амартүвшин /баритон/, Б.Энхнаран /сопран/, Б.Батжаргал /тенор/, хөгжимчин Ц.Нямгэрэл /саксафон/, Э.Батмягмар /альт/, М.Хулан /хийл/, Д.Өлзий-Орших /гитарчин/, УДБЭТ-ын симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Концертын хөтөлбөр хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд хүрэлцэн ирсэн хүндэт зочдод зориулсан Италийн Toscana мужийн алдарт вино, амтат хоол бүхий хүлээн авалт болно. Энэ үеэр ОХУ-ын Санкт-Петербург хотын И.Е.Репины нэрэмжит Улсын Академи буюу Оросын эзэн хааны уран зургийн Академийн багш, зураач Б.Отгонтүвдэнгийн 2014 онд Италийн Венецийн гурван хотод ажиллаж амьдрахдаа зурсан сонгомол бүтээл болон сонгодог хөгжмийн квартет, жазз хамтлагуудын тоглох Итали аялгууг шимтэн сонсонгоо жинхэнэ Итали дарсны амтыг мэдрэх боломжтой.

Мөн «ITALIА» концертонд хүрэлцэн ирсэн азтай нэг үзэгчид хөрш ОХУ-ын Москва хотноо гуравдугаар сарын 21-нд тоглогдох, XX зууны Италийн нэрт хөгжмийн зохиолч Эннио Морриконе тайзнаа гарсны 60 жилийн ойд зориулсан түүхэн аялан тоглолтын VIP хос урилгыг “Гранат” продакшны зүгээс гардуулах юм.

Энэ удаагийн тоглолтыг орчин үеийн өвөрмөц шийдэл, амжилттай амьдралын хэв маягийг бүрдүүлсэн  "Романа ресиденс", жинхэнэ амт, Итали технологи - Dolce Vita Fine Food, хурц тод өнгө, чөлөөт загвар бүхий Италийн “United colors of Benetton”-ы Монгол дах салбар болон Италийн Тоскани дахь Монголын Өргөмжит Консул дэмжин ажиллаж байна.

Тоглолтын тасалбар 40,000, 60,000, 100,000 төгрөгийн үнэтэй бөгөөд УДБЭТ-ын кассаар худалдаалж байна. Мөн билетийг www.granat.mn сайтаар захиалж болно.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна