5 саяар давхар цалинждаг ТАХ!

2016 оны 2 сарын 29

Зургаан жилийн өмнө дампууруулсан банкны эрх хүлээн авагчид одоо хүртэл төрийн данснаас давхар цалин аваад буй талаар хувьцаа эзэмшигч АТГ-т гомдол гаргажээ. Гэхдээ жирийн төрийн албан хаагчтай харьцуулахад хамаагүй өндөр буюу 3-5 сая төгрөгийг цалинг өнгөрсөн зургаан жилд авч ирсэн бөгөөд одоо хэр нь авсаар л буй аж. Зургаан жилийн өмнө дампуурлыг нь хүчээр зарласан “Зоос” банкны Эрх хүлээн авагчаар Монголбанкнаас томилогдсон н.Ариунбат, Сангийн яамны ахлах мэргэжилтэн бөгөөд Эрх хүлээн авагчийн орлогч Х.Рагчаа томилогдсон аж.

Энэ талаар иргэн Б.Цэрэнжав АТГ-т гомдол гаргажээ.

Гомдолд тус банкны 627 жижиг хувьцаа эзэмшигчид одоог хүртэл хохирсоор байгааг дурдаад эдгээр эрх хүлээн авагч хүмүүсийн өндөр цалингийн санг хаанаас бүрдүүлж байгаа нь тодорхойгүй, “Зоос банк”-ны үндсэн хөрөнгийг худалдан борлуулахдаа хаалттайгаар борлуулдаг нь бодит зах зээлийн ханшаар борлуулж буй эсэх нь эргэлтэй байгаа учраас шалгаж өгөхийг хүсчээ. Харин түүний хариуд АТГ-аас Монголбанкны Хяналт шалгалтын газарт шилжүүлсэн гэсэн албан бичиг өгсөн аж.

Уг нь зүгээр “Зоос банк”-ыг хүчээр дампууруулсан газар нь Монголбанкны 2009 оны удирдлагууд шүү дээ. Гэтэл тэр газарт нь өөрсдийгөө өөрсдөө шалга гээд шилжүүлсэн байх юм. Мэдээж Монголбанкнаас өгөх хариу тодорхой. Энэ талаар энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хариу өгөхдөө “Банкны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн “Зоос банк” ХК дахь Банкны эрх үүргийг хүлээн авагчийг томилж, цалингийн хэмжээг тогтоосон болно... хуулийн этгээдийн худалдан борлуулах актив хөрөнгийн жагсаалтыг гарган, тэдгээрийн холбогдох үнэлгээг тогтоосны үндсэн дээр худалдан борлуулж байна” гэжээ. Албан бичигт ямар хэмжээний хөрөнгө бүртгэсэн, тухайн хөрөнгийн үнэлгээг хэрхэн тооцсон, ямар арга хэлбэрээр борлуулж байгаа зэргийг огтхон ч мэдээлээгүй аж. Энэ талаар мэдээлэл өгөхийг хувьцаа эзэмшигчид нь өгдөг ч одоо хэр нь хариу авч чадаагүй аж. Тиймээс л АТГ-т дахин энэ сарын 3-нд хандсан байна. Гэвч АТГ-аас нэг асуудлаар хоёр удаа хандахгүй гэсэн шалтгаанаар гомдлыг хүлээн аваагүй аж.  Харин АТГ энэ хэргийг шалгахын хүсэхгүй байгаа бололтой.

Энэ хугацаанд буюу 2009 оны арваннэгдүгээр сарын 20 өдрийн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн тушаалын дагуу эрх хүлээн авагчдад цалин өгч эхэлсэн гэж тооцвол 63 сарын цалин өгсөн болж таарна. Сарын таван сая төгрөгийн цалинтай эрх хүлээн авагчид 63 сарын хугацаанд 315 сая төгрөгийн цалин өгсөн. Харин сарын 3 сая төгрөгийн цалинтай Эрх хүлээн авагчийн орлогчид 63 сард 189 сая төгрөгийн давхар цалин олгосон гэсэн үг. Зөвхөн энэ хоёр албан тушаалтныг гэхэд өнгөрсөн хугацаанд 504 сая төгрөгөөр цалинжуулсан болж таарч байна. Энэ нь 627 жижиг хувьцаа эзэмшигчдийн хохирлын гуравны нэгтэй тэнцэхүйц мөнгө гэсэн үг.  

Өнөөдрийг хүртэл  өнөөдөр хуулийн этгээд хэвээрээ, улсын бүртгэлээс хасагдаагүй байгаа энэ банкаар төрийн эрх мэдэлтнүүд ийнхүү тоглож, өөрсдөдөө дур мэдэн их хэмжээний давхардсан цалин олгосоор иржээ.

Төрийн нэрээр далайлган хувийн бизнес рүү халдаж, түүгээрээ өөрсдийнхөө ашиг, орлогыг нэмэгдүүлж, бизнесээ өргөжүүлдэг гаж үзэгдлийн ердөө нэгэн жишээ нь энэ. Өөрөө биш юмаа гэхэд өөрийн хүнээ ашигтай албан тушаалд томилуулан, тендер луйвардах бол энүүхэнд.

Иргэний хөдөлгөөн, иргэд ч үүний амтанд орж, бүх зөвшөөрлөө авчихсан уурхайн олборлолт явуулах гэж байгаа газарт очиж буугаад мөнгө нэхэж суух жишээний. Олон нийт, улс орон гэхээсээ өөрт нь ашигтай бол явуулдаг, ашиггүй бол гацаадаг хууль манайд үйлчилдэг болсон нь нууц биш.

Томоохон компаниудыг овоо хараандаа оруулж байгаад “агнадаг” эдийн засгийн алуурчдын талаар бид номноос уншиж, киноноос үзэж байсан ч Монголд төрийн түшээд иймэрхүү зүйлийг хийж, хувийн өмчийг хүчээр дээрэмддэг тухай төдий­лөн төсөөлөл байсангүй. Гэхдээ “Зоос” банкийг иймэрхүү аргаар л хүчээр эрхэндээ оруулж, төрийн нэ­рээр далайлган “дээрэмдсэн” гэдгийг хэн хүнгүй гадарладаг ч өнөөдөр энэ асуудал “төрийн нууц” халхавчин дор хаалттай, олон зуун хувьцаа эзэмшигчид хохироод үлджээ.

Үүнийг гардан гүйцэтгэсэн гэж хэлж болохуйц улстөрчид нь тухайн үеийн засгийн эрхийг барьж байсан С.Баяр, түүний Сангийн сайд С.Баярцогт, С.Баярын суудлыг “залгамжилсан” Сү.Батболд, Мон­гол­­банкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж нар. Харин тэдний хийсэн “луйврыг” Монголбанкны ерөн­хий­лөгч Н.Золжаргал нар мэдсэн ч мэдээгүй мэт байсаар ирсэн нь ха­чир­халтай. Бүхэл бүтэн банктай холбоотой асуудал болохоор элдэв дарамт, шахалт байхыг ч үгүйсгэхгүй. 

Уг нь “...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж Үндсэн хуульд бий. Гэхдээ энэ заалт үйлчилсэн бол өнөөдөр “Зоос банк”-ны жижиг хувьцаа эзэмшигчид хохирохгүй байлаа.

АТГ энэ хэргийг шалгахгүй бололтой. Гэхдээ үүнээс өмнө энэ хэргийг шалгуулахаар прокурор, Мөрдөн байцаах газруудад хандаж байсан ч хэргийг хариуцсан тухайн мөрдөн байцаагч, прокуроруудыг нь дэвшүүлэн зайлуулах замаар хэргийг бүдгэрүүлсэн баримт байна.

Энэ асуудлаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дарга Ц.Баярсайхан, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан нарт аргаа барсан хувьцаа эзэмшигчид нь хандаад буй аж. Гэхдээ сонгууль хаяанд тулсан энэ цагт шийдэгдэх нь юу л бол.

Хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө хохирогчдынх нь хохирлын гуравны нэгтэй тэнцэхүйц давхар цалин авдаг хүмүүсийг хэзээ болтол өндөр цалингаар цалинжуулж, жинхэнэ хохирогчдыг хохироосоор байх юм бол бүү мэд.

Л.НАРАНТӨГС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна