"ФИФА"-н ээлжит бус их хуралд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар оролцлоо

2016 оны 2 сарын 29

-Жианни Инфантино 115 санал авч ФИФА-ийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Дэлхийн 209 орон оролцсон уг ээлжит бус их хуралд Монгол Улсыг төлөөлж Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар оролцож саналаа өгсөн юм-

Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо буюу “ФИФА”-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Европын Хөлбөмбөгийн Холбооны нарийн бичиг Жианни Инфантино сонгогдлоо. Энэхүү сонгууль өнгөрөгч бямба гаригт Швейцарийн Цюрих хотод болсон юм.

Шинэ гэдгийн учир нь одоогоос 9 сарын мөн Швейцарийн Цюрих хотноо ОУХБХ-ий Ерөнхийлөгчийг сонгох ээлжит их хурал болж, амьдралынхаа дийлэнх жилд тус байгууллагад зүтгэсэн Жозеф Блаттер сонгогдож байсан билээ. Гэсэн ч түүнийг энэхүү суудалд суусны дараачаар жижиг том асуудлууд ар араасаа хөвөрч улмаар зарим нэг асуудлууд эл болсоноор хөлбөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд таван жилээр оролцох эрхийг хасах шийдвэрийг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ёс зүйн хорооноос гаргасан байдаг.

Ингээд 2015-2019 он хүртэлх хугацаанд хөлбөмбөгийн нэгэн зууны арвин түүхтэй тус байгууллагыг удирдан залах хөлгийн ахмадгүй болсоноос үүдэж ОУХБХ-ны дүрмийн дагуу ээлжит бус Их хурлыг 2016 оны хоёрдугаар сарын 26ны өдөр сонгон зохион байгууллаа.

Ээлжит бус Их Хурлаар шийдэгдэх Ерөнхийлөгчийн албан тушаалд дараах 5 нэр дэвшигчид  өрсөлдсөн бөгөөд нэр дэвшигч тус бүр 15 минут индэр дээр гарч өөрийгөө танилцуулах үеэр Өмнөд Африкаас нэр дэвшсэн Токио Сэксвэл нэрээ татсан байна.

Ингээд нийт 4 дөрвөн нэр дэвшигч бүхий сонгууль болж эхний санал хураалтаар:

Али би Ал Хуссэйн 27 санал

Шэйх Салман би Эбрахим Ал Калифа 85 санал

Жэром Шампэйн 7 санал

Жианни Инфантино 88 санал тус тус авч ОУХБХ-ны сонгуулийн дүрмийн дагуу нийт саналын 3ны хоёр санал авч чадаагүй учраас дахин санал хураалт явуулсан бөгөөд  50 +1 гэсэн зарчмын дагуу хоёр дахь санал хураалт явуулж нийт хүчин төгөлдөр бүхий 207 саналаас

Алиби Ал Хуссэйн 4 санал

Шэйх Салман би Эбрахим ал Калифа 88 санал

Жэром Шампэйн 0

Жианни Инфантино 115 санал авч ФИФА-ийн шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Дэлхийн 209 орон оролцсон уг ээлжит бус Их хуралд Монгол улсыг төлөөлж Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар оролцож шинэ Ерөнхийлөгч сонгох саналаа өглөө.

МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Швейцарь улсад болсон энэхүү ээлжит бус Их хурлын үеэр Бразил, Унгар, Герман, Япон, БНСУ зэрэг орны хөлбөмбөгийн холбоодтой уулзаж санал сэтгэгдэл солилцлоо. ХБНГУ-аас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч урьж ажиллуулах тал дээр ярилцаж байгаа бол, Япон улсын хөлбөмбөгийн холбоотой охид, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажлыг сайжруулах тал дээр, мөн БНСУ-ны Хөлбөмбөгийн Холбоотой хамтран хөдөө орон нутгийг хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа. Үүний хүрээнд ирэх наймдугаар сард Английн Манчестер Юнайтед болон БНСУ-ын шигшээ багийн тоглогч асан Пак Жи Сун Монгол улсад хүрэлцэн ирэхээ амласан байна. Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн хөлбөмбөгийн холбоо “Зико” сантай хамтран ажиллах бөгөөд ирэх есдүгээр сард мөн алдарт тамирчин Зико өөрийн биеэр Монгол улсад хүрэлцэн ирэхээр болоод байгаа юм.

ОУХБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жианни Инфантиногийн мөрийн хөтөлбөр нь МХБХ-ны өнөөгийн бодлоготой тун төстэй. Шилэн дансны хөтөлбөр болоод, гишүүн байгууллагуудаа дэмжиж ажиллах мөн гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөж ажиллах зэрэг нь түүнийг сонгогдоход томоохон түлхэц боллоо.

Дуулиан шуугиантай холбоотойгоор ФИФА-д Шинэчлэлийн Хороо хэмээх хороо байгуулагдаж олон улсын чадварлаг хөлбөмбөгийн тогоонд чанагдсан хүмүүс нийлж ФИФА-ийн шинэчлэсэн бүтэц, зохион байгуулалтын асуудлыг шинэчлэн найруулсан. Ийнхүү эв нэгдлийг бий болгох, итгэлцлийг дахин сэргээх асуудлыг даван туулах гэсэн гол зорилт тавин ажиллаж бүтэц зохион байгуулалтандаа шинэчлэсэн өөрчлөлтийг мөн тус удаагийн ээлжит бус их хурлаар баталлаа.

Хурлын дараагаар хүрэлцэн ирсэн бүх төлөөлөгч нарт ФИФА өөрийн музейг үзэж танилцуулсан байна. Уг музейд Монголын Хөлбөмбөгийн Холбооны үндэсний шигшээ багийн өмсгөл болон шигшээ багийн тоглолтын бичлэг, веб сайтын мэдээлэл зэрэг тавигдсан байна.

 

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна