Ц.Цолмон: Зэвсэг, техникийн шинэчлэл сэтгэл зовоож байна

2016 оны 2 сарын 29

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин Б.Сумъяа өвлийн спортын төрөлд залуучуудын олимпоос ал­тан медаль авчирлаа. Тамирч­ныхаа амжилтыг салбар яам хэрхэн үнэлэх гэж байна вэ? 

-“Алдар” спорт хорооны тамирчин залуучуудын олимпийн аварга болсонд би хувьдаа баяртай байна. Ер нь бол манай “Алдар” нийгэмлэг олон төрлийн спортоор олимпийн болон дэлхийн хэмжээний уралдаанд тогтмол амжилт гаргаж байгаа. Тамирчнаа бид уламжлалын дагуу урамшуулаад явна. Тамирчдаа урамшуулах дотоод журам гэж бий. Түүний дагуу л урамшууллаа өгөөд явна. Манай улсад төдийлөн хөгжөөгүй спортоор тогтмол амжилт гаргаж байгаа Б.Сумъяагаараа бахархаж байна. Цаашдаа дэмжиж туслаад, олон жил амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлээд явна. 
 
-2015 онд Батлан хамгаалах салбарын бодлогын баримт бичгийг баталлаа. Ингэснээр энэ салбарын эрхзүйн орчныг шинэчлэх том ажил эхэлж байна. Энэ хаврын чуулганаар батлан хамгаалах салбартай холбоотой ямар хуулиуд батлагдах вэ? 

-Гадаад, дотоод нөхцөл байдлын өөрчлөлттэй уялдуулаад Батлан хамгаалах бодлогын үндэс гэсэн баримт бичгийг өнгөрсөн намрын чуулганаар батлууллаа. Бодлогын баримт бичигтэй уялдуулж дөрвөн чухал хуулиа шинэчлэхээр Ерөнхийлөгчид өргөн барьж зөвшилцсөний үндсэн дээр УИХ-д өргөн бариад байна. 

Энэ хаврын чуулганаар шуурхай батлуулахаар ажиллах болно. Батлах хамгаалах салбарын бодлогын баримт бичгийн хүрээнд өмнө нь мэргэжлийн чиг баримжаатай байсан зэвсэгт хүчин мэргэжлийн зэвсэгт хүчин байхаар болж өөрчлөгдсөн. Батлан хамгаалах тогтолцоо мэргэжлийн зэвсэгт хүчнээс гадна, орон нутгийн хамгаалалт, улс орон даяар хэрэгждэг дайчилгаа гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байх юм. Мөн бодлогоо хэрэгжүүлэх чиглэл нь улс төр, эдийн засаг, хууль эрхзүй, нийгэм, цэргийн гэсэн таван чиглэл байх юм. Төрлийн цэргүүдийн хувьд хуурай зам, агаарын, хилийн, дотоодын, онцгой байдлын цэрэг гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Хуучин ерөнхий зорилтын цэрэг гэж байсныг хуурай замын цэрэг, агаарын цэрэг болгож өөрчиллөө. Агаарын цэргийн хувьд одоогийн төвшин маш сул. Тэгэхээр агаарын цэргийг тоног төхөөрөмж, боловсон хүчний хувьд шинээр зохион байгуулалтад оруулж бэлтгэх шаардлагатай болж байгаа. Манайх шиг өргөн уудам нутагтай улсын хувьд батлан хамгаалахын бодлогыг шуурхай хэрэгжүүлэхэд агаарын цэрэг чухал байгаа юм. 

Тайван цагт агаарын цэрэг улс эх орныхоо бусад салбарт төрөл бүрийн тусламж, дэмжлэг үзүүлэх байдлаар үр дүнтэй ажиллах бололцоотой. Хилийн, дотоодын, онцгой байдлын цэргүүд тайван цагт одоогийн чиг үүргийнхээ дагуу ажиллана. Шаардлагатай тохиолдолд бүгд Жанжин штабын нэгдсэн зохион байгуулалтад орж үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Манайх шиг цөөн хүн амтай улс оронд зөвхөн мэргэжлийн зэвсэгт хүчнээр улс орноо хамгаалуулах нь хангалттай бус учраас бүх нийтийн оролцоо байх ёстой гэж үзээд орон нутгийн хамгаалалт гэсэн конценцийг оруулж өгсөн. Ойрын үед хуулийн төсөл оруулж, УИХ-аар батлуулах бодолтой байгаа. 

-Цэрэг, зэвсэг техникийн шинэчлэл хэрхэн хийгдэх вэ. Тухайлбал, 2016 онд улсын төс­вөөс хэдэн төгрөг тусгаж өгөв? 

-Цэрэг, техникийн шинэчлэл сэтгэл зовоож байна. Шаардлага хангахгүй гэж хэлж болно. Улсын төсвөөс энэ чиглэлээр зарцуулж байгаа мөнгө бага, хүрэлцээ муу байгаа. Батлан хамгаалах бодлогын үндэс гэсэн баримт бичигт зэвсэг, техникийн шинэчлэлийг тусгай зүйл болгож, улсын төсөвт жил болгон оруулж байх заалт оруулсан. Тэр заалтыг хэрэгжүүлэх болон зэвсэг техникийн шинэчлэлийн хүрээнд хийх ажил олон байна. 

-Батлан хамгаалах салбарын төсөв маш их танагдсан. 2016 оны төсвийг батлах үеэр ч энэ талаар шүүмжлэл гарсан. Төсөв танагдах хэрээр батлан хамгаалах салбар ашиг олох зорилгоор ажиллах боллоо гэсэн шүүмжлэл байдаг. Тухайл­бал, бүтээн байгуулалтад цэр­гийн албан хаагчдыг дайч­лах ажил эхлэх гэж байна. Эх орноо хамгаалах цэргүүд шороо зөөх нь хэр зохимжтой вэ?

-Монгол цэрэг бүтээн байгуулалтад оролцож, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож байсан уламжлал бий. Дээр үед бичиг үсэгт суралцаагүй залуус цэрэгт татагдаж бичиг үсэг сурч, улмаар орон нутагтаа очиж төрийн чухал ажил албыг залгуулж байсан. 50, 60, 70-аад оны үед бүтээн байгуулалт өрнөж байхад барилгын цэргийн ангиудыг байгуулж, улмаар бодит бүтээн байгуулалт хийж байсан туршлагатай. Тэр уламжлалын үүднээс өнөөдөр ч гэсэн бүтээн байгуулалтад цэргүүдээ оролцуулах нь буруу зүйл биш. 

Энэ жил төмөр зам барихад оролцоно. Зарим хүмүүсийн хэлээд байгаа шиг хүрз, зээтүү бариад шороо зөөгөөд байхгүй. Маш өндөр зохион байгуулалттай, өндөр хүчин чадалтай зэвсэг техникээр замын ажил хийгдэнэ. Төрөөс чиглэл өгсөн учраас Хөдөлмөрийн яамтай хамтраад хүнд машин механизмын жолооч нарыг бэлтгэх ажил эхэлчихсэн явж байгаа. Манай салбар өөрсдөө танкийн жолооч, хүнд машин механизм барих жолооч нарыг бэлтгэж байдаг. Тэд ч гэсэн бүтээн байгуулалтад гар бие оролцоод явна. Цэргүүдээ оролцуулахдаа цэргийн сургалт дадлагыг орхигдуулахгүй. Бүтээн байгуулалтад оролцож байгаа учраас тодорхой урамшуулалтай, цалинтай байна. Ямар ч цалин өгөхгүй, цэргийн эрдэмд сургахгүй “боолын хөдөлмөр” эрхлүүлж, шороо ухуулсаар байгаад буцаана гэсэн ойлголт байхгүй гэдгийг хэлье. 

-Оюутан цэрэгт энэ жил хэчнээн залуусыг дайчлах вэ. Багагүй өөрчлөлт орсон гэсэн?
 
-Оюутан цэрэг хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Эхний жил 400, дараагийн жил 1000 оюутан цэрэг хамрагдсан. Энэ жил 1000 цэрэг татна. Шинэлэг зүйл нь гэвэл зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг их дээд сургууль биш хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиас оюутан цэрэг татна. Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжихээс гадна их дээд сургуулиуд дэргэдээ “Цэргийн тэнхим” байгуулж байна. Хамгийн анхны санаачилгыг Монголын үндэсний дээд сургууль санаачлан эхлүүлсэн. Салбар яамны зүгээс дэмжиж, зөвлөгөө өгснөөр төрийн өмчийн гурван ч их дээд сургуульд “Цэргийн тэнхим” байгуулах ажил эхлээд явж байна. Ирэх намар дахиад хэд хэдэн сургуульд нээлтээ хийнэ. 

-Гүйцэтгэх засаглал болон УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад цөөхөн хэдхэн сар үлдлээ. Батлан хамгаалах салбарын сайд болгон нэг том ажлын автор байдаг. Таны хувьд энэ салбарт ямар том ажил хийв? 

-Өмнө нь батлан хамгаалах салбарт олон ч ажил хүлээлт үүсгэсэн байсан. Шийдвэрлэж чадахгүй гацаах, эсвэл маргаантай байсан учраас хойш тавьсан байдаг юм билээ. Батлан хамгаалахын сайд байх үедээ эдгээр олон маргаантай асуудлын заримыг нь цэгцэлж чадлаа. Орон нутгийн хамгаалалт концевцийн дагуу бүх аймагт цэргийн анги, салбар байх нь зөв гэж үзсэн. Зарим аймгуудад байгуулж чадаагүй байсныг ярилцаж, Засгийн газраас дэмжсэнээр энэ жил зургаан аймагт шинээр цэргийн анги байгуулахаар боллоо. 

2015 онд хамгийн олон цэргийн албан хаагч орон сууцанд орж чадлаа. 300, 63 айлын орон сууц ашиглалтад орж, улмаар хөдөө орон нутагтай нийлээд 400 гаруй цэргийн албан хаагч орон сууцтай болсон. Мөн сайдаар ажиллах хугацаандаа цэргийн албан хаагчдыг хувийн орон сууцтай болгох ажлыг эхлүүллээ. Шийдвэр тодорхой төвшинд гарч, цаашдаа хэрэгжээд явах болно. 

-Цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт орно гэсэн. Ямар өөрчлөлт орох бол. Энэ жилийн тухайд батлан хамгаалах салбараас хэчнээн албан хаагч тэтгэвэрт гарах бол. Тэтгэмжийн мөнгө мөн л хангалтгүй байгаа гэсэн? 

-Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Гэхдээ бид аль болох цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгүй байх чиглэлээр ажилласан. Энэ чиглэлээр бодлого хэрэгжүүлээд явж байгаа. Гэвч бэрхшээл их гарч байна. 1996-2000 онд тэтгэвэрт гарсан цэргийн албан хаагчид бусдаасаа арай бага тэтгэвэр тогтоолгосон юм билээ. Түүнийг нь бусадтай ижил тэнцүү болгож, тэтгэвэр нэмэгдүүлэхээр болсон байгаа. Цэргийн албан хаагч тэтгэвэрт гарахдаа улсаас тэтгэмж авдаг. 

Тэр мөнгө хасагдаад байгаа учраас бэрхшээл их байна. Энэ оны байдлаар 380 хүн тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн. Гэтэл бидэнд улсын төсвөөс өгч байгаа тэтгэмж нь дөнгөж 90 хүнд л хүрэлцэхээр байгаа юм. Цаана нь байгаа хүмүүсийг тэтгэвэрт гаргах гэхээр тэтгэмжийн мөнгө шийдэгдээгүй байх жишээний. Тэтгэмжийг нь өгч чадахгүй учраас тэднийг тэтгэвэрт гаргаж чадахгүй болдог. Гэтэл доороос нь өсч дэвжих учиртай, ажлын байр хүлээж байгаа 300 гаруй залуус хүлээлтийн байдалтай байна. 

Гадаад, дотоодод их дээд сургууль төгсөөд ирсэн офицерийн орон тоонд ажиллах залуусын ажлын байрыг тэтгэмж хүлээсэн алба хаагчид чөлөөлж өгөхгүй учраас өөрийн эзэмшсэн мэргэжлээс өөр ажил хийх гэх мэт төвөгтэй асуудал их байгаа. Гадаадад их дээд сургуульд суралцах албан хаагчдын тэтгэмж улсын төсвөөс хасагдчихсан. Гэх мэтээр зовлон их л байна. Гэхдээ салбарынхаа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бууруулахгүй байх чиглэлээр ажиллаж байгаа. Нисэхийн салбар зэрэг онцгой чухал салбарын нэг хүнд ногдох цалин хөлсийг нэмэх шийдвэр гаргасан. 

-Батлан хамгаалах салбарт сүү­лийн үед шүүмжлэл дагуулах олон асуудал үүслээ. Тухайлбал, бат­лан хамгаалах салбар алтны уур­хай­тай болох нь. Монгол цэр­гүүд нинжа болох нь гэсэн мэ­дээлэл явсан. Энэ үнэн юм уу? 

-Батлан хамгаалах яам лиценз эзэмшихгүй. Манай яамны харьяа Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл гээд төрийн өмчийн аж ахуйн нэгж ашигтай ажиллахын тулд бизнес хийх ёстой. Аль ч орны батлан хамгаалах аж үйлдвэрийн чиглэлийн компаниуд онгоц, танк, машин үйлдвэрлэж ашиг олдог. Уул уурхай эрхэлж ашиг олдог тохиолдол ч бий. Ашиг олж болох бүх л салбарт ажилладаг. Хятадад тухайлбал, аж үйлдвэрийн чиглэлийн компани нь Африкийн улс орнуудад уурхайтай байдаг. 

Тэндээс хөрөнгө мөнгө босгож батлан хамгаалах салбараа шинэчлэх, тоног төхөөрөмж худалдаж авахад зарцуулдаг юм билээ. Тэр бодлогыг манайх ч гэсэн хэрэгжүүлэх ёстой гэж үзээд лиценз хөөцөлдсөн. Уурхайтай байх, тэндээс олсон ашгаараа зэвсэг техникээ шинэчлэх бодлого хэрэгжүүлмээр байгаа юм. Нэг жил гаруйн хугацаанд хөөцөлдөөд бүтээж чадсангүй. Сэтгэлзүйн хувьд бэлэн биш байдаг юм байна. Батлан хамгаалах салбар уул уурхай эрхэлнэ гэхээр заавал цэргүүдээ нинжа болгоод алт ухуулах нь гэж мушгиж болохгүй. Техник технологийн өндөр төвшинд, мэргэжлийн хүмүүс ажиллана. 

Энгийн хүмүүс, мэргэжлийн хүмүүс, хугацаат цэргийн албан хаагчид ч ажиллаж болно. Батлан хамгаалах салбар төсвөөс мөнгө авна гээд суугаад байж болохгүй. Төсвийг хэн бүрдүүлж байгаа вэ гэхээр малчид, багш, эмч, худалдаа наймаа эрхэлж байгаа иргэд л байдаг. Мэргэжлийн хүмүүс ярихдаа батлан хамгаалах салбарт маргаантай байгаа алтны уурхайнуудыг хариуцуулж, улсад алтыг нь ном ёсоор нь тушаалгах ёстой гэж ярьдаг. Бид ч энэ асуудлын дагуу санал боловсруулж оруулаад шийдүүлж чадаагүй явж байна. Алтны уурхайнуудыг замбараагүй ашиглаад, нинжа шиг олборлож байгаа компани олон байдаг. Тэр хүмүүс батлан хамгаалах яам эдгээр асуудлыг цэгцэлнэ гэвэл мэдээж дургүйцэх л байх. 

-Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй юу. Батлан хамгаалах салбар эрх ашигт нийцнэ гэж үү? 

-Үндэсний аюулгүй байдал, цэргийн албан хаагчдын мэргэжил, сургалтад харшлахгүйгээр зохиох байгуулах ёстой. Замбараагүй зүйл болгочихно гэж бодохгүй байна. Гадныхан манайд алтны уурхай ашиглаж болж байна. Алтны уурхайг заавал гадныхнаар ухуулах шаардлагагүй. Өөрсдөө ухаад, ашиглахад болохгүй зүйл байхгүй. Гадныхны лобби байгааг ч үгүйсгэх аргагүй юм. Ер нь бол монголчууд өөрсдийнхөө баялагт эзэн л байх ёстой. Түүнийгээ энгийн хүмүүсээр хийлгэнэ үү, цэргийн албан хаагчдаа оруулна уу тухайн улс орны л асуудал. 

-Батлан хамгаалах салбарын нэрээр генералууд өөрсдийнхөө хүүхдүүдийг гадаадад сургуульд явуулдаг зөрчил гарсан. Энэ асуудлыг хэрхэн зохицуулав? 

-Нийтлэг зөрчил биш. Олон тохиолдол байхгүй. Гэхдээ ганц нэг асуудал гарсан байгаа. Манай салбарт ажиллаж байгаа хурандаа, генералууд хүүхдүүдээ сургуульд явуулж, тэдгээр хүүхдүүд төгсч чадалгүй буцаж ирсэн тохиолдол гарсан. Гэрээний үндсэн дээр зохих төлбөрийг нь гаргуулах, хариуцлагын арга хэмжээ ч авна. Саяхан сайдын зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцсэн. Хамгийн гол нь өөрөө сурч чадахгүй байж, өөр нэг сурч чадах залуугийн амьдралын боломжийг булааж авсан нь асуудал дагуулж байгаа юм. Тийм ч учраас хамгийн хатуу арга хэмжээ авна. Ер нь бол гадаадад сургах оюутнуудыг эхлээд энд цэргийн алба хаагч болгож сургаж байж явуулдаг зарчим руу шилжих нь зөв гэж үзсэн. Цэргийн алба хаагч сургуулиа хаяад ирвэл цэргийн албанаас зугтаасан гэж хариуцлага ярина. Саяхан Японд сурч байсан залуус дэг журамд нь зохицож чадахгүй буцаж ирсэн асуудал гарсан. 

Тийм ч учраас цэргийн сургуулийн дэг журмыг даадаг залуус явуулахын тулд нэг жил ядахдаа энд батлан хамгаалахын сургуульд суралцсан хүүхдүүд явуулах нь чухал байгаа юм. Японы цэргийн сургууль нэг өрөөнд дөрвөн сонсогч хамт амьдруулдаг. Нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр ангийн дөрвөн оюутан хамтдаа амьдарч, дөрөвдүгээр ангийн сонсогч бусад гурвыгаа удирддаг юм байна. Сурлага, сахилгын асуудлыг хариуцдаг гэсэн үг. Мэдээж хамгийн бага ангийнх нь сонсогч тасгийнхаа цэвэрлэгээ, ариун цэврийн асуудалд үүрэг гүйцэтгэдэг юм билээ. Аль ч улс оронд байх л асуудал. Манайд тухайлбал ах нь сургаж, дүү нь сонсдог, ахас ихсээ хүндлэх ёс гэж байдаг шүү дээ. 

Бие биенийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээдэг тогтсон дэг журмыг дааж чадахгүй хүрээд ирж байна шүү дээ. Цэргийн албан хаагч болох гэж байгаа бол шивээстэй байж болохгүй, тамхи татаж болохгүй гэсэн шалгуур тавьдаг юм байна. Гэтэл манайхаас очсон зарим хүүхдүүд шивээстэй, эсвэл тамхи татдаг. Тэрнээс болоод л өөрөө ч дэглүүлж, өрөөлд ч тээг болдог гээд зөрчилтэй асуудлыг бид сайдын зөвлөлөөр хэлэлцээд гэрээгээ шинэчилж хатуу хариуцлага тусгаж өглөө. Мөн журмаа ч шинэчилсэн. Батлан хамгаалах салбарын олон улсын харилцаа өргөн хүрээнд учраас гадаадад олон оюутан суралцуулдаг. Богино хугацааны курст олон хүн явуулахаас илүүтэй цөөн тооны чанартай сургалтад эрдмийн зэрэг хамгаалах, бакалавр, магистр бэлтгэхэд анхаарч ажилладаг. 

-Энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцсон цэр­гүү­дийн мөнгөө авч чадахгүй байгаа асуудал яригдсан. Үүнийг шийдсэн үү? 

-Энхийг дэмжих үйл ажил­лагаанд манай улс оролцох болс­ноор цэргийн бай­гуул­лагуудын ерөнхий төвшний чадвар хэд хэдэн шатаар ахисан. Энхийг дэмжих үйл ажиллагаа бол яах аргагүй онцолж ярих ёстой зүйл. Энэ үйл ажиллагааг шүүмжлэх ч гэдэг юм уу, харлуулах талаас нь харж олон янзын таамаг дэвшүүлдэг. Тийм асуудал яригдсан нь үнэн. Гэхдээ оны зааг учраас наашаа мөнгө шилжих нь ганц, хоёр сараар хойшилсон юм билээ. Тэрнээс биш хэмжээ багассан асуудал байхгүй. Мөнгө нь ирээд цэргүүд мөнгөө авчихсан. 

-Монгол Улс төвийг сахих бодлогоо зарлалаа. Батлан хамгаалах салбарын хувьд энэ тун чухал бодлого. Төвийг сахих нь бидний хийх ажил мөн үү гэх мэтээр судлаачид, салбарын эрдэмтэд санаа оноогоо уралдуулж байгаа. Салбарын сайдын хувьд та ямар бодолтой байна вэ? 

-Төвийг сахих бодлогын гол зорилго нь өөрөө батлан хамгаалах салбарын бодлого. Дайны үед хэрхэх вэ. Дайнд оролцох уу, цэргийн эвсэл холбоонд оролцохгүй байх гэх мэт ерөнхий гадаад бодлогын асуудал гэхээс илүү батлан хамгаалах салбарын асуудал голлож байгаа. Манай салбарынхан эерэг, сөрөг тал нь юу байх талаар санаа оноогоо уралдуулж байна. Санал боловсруулаад явж байгаа. Ахмад дайчид болон цэргийн эрдэмтэд, судлаачидтай Ерөнхийлөгч ойрын үед уулзаж бодлогоо тайлбарлахаар болсон. Бид уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна. 

-Батлан хамгаалах салбарын талаар чамгүй урт яриа өрнүүллээ. Улс төрийн хүрээнд анхаарал татаж байгаа ганц нэг зүйлийг тодруулъя. МАХН, МАН хамтарч баяраа тэм­дэг­лэх боллоо. Та энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ? 

-Аливаа улс төрийн намууд тодорхой үзэл баримтлал дээр тулгуурлаж явдаг. МАХН бол социал демократ үзлийг баримталдаг. Монголд социал демократ үзлийг хэрэгжүүлнэ гэсэн таван ч нам байдаг. Эдгээр намууд үзэл бодлынхоо төлөө явж байгаа бол нэгдэж хамтраад ажиллах ёстой. Бүр нэг нам болж ажиллах ёстой. Тэр процесс явж байна гэж ойлгож байгаа. Намууд салж нийлдэг процесс аль ч улс оронд байдаг. Саяхан Германы социал демократ нам хоёр салсан. Тэрнээс хойш төрийн эрхэнд гараагүй. Гэтэл орон нутагт салсан хоёр нам нь хамтарч сонгуульд орчихоор тэнд ялаад, харин улсынхаа төвшинд дарга нар нь нийлж чадахгүйгээс өөр нам ялаад байдаг юм билээ. Удирдлага нь салж нийлэх асуудал аль ч улс оронд байдаг гэдгийг л энэ үйл явдал харуулж байгаа хэрэг. МАХН, МАН хоёр нийлчихвэл шууд ялна гэсэн социологийн судалгаа гарсан байна лээ. Түүнийг хэрэгжүүлэх үү, ашиглах уу гэдэг нь хоёр намыг удирдаж байгаа хүмүүсийн шийдэх хэрэг. Ялагдаад байя гэвэл тус тусдаа л орох байх. Нийлж ялалт байгуулъя гэвэл хамтрах байх. Би хувьдаа хамтрахыг дэмжиж байгаа. 

-Та ирэх сонгуульд нэр дэвших үү. Хаанаас нэр дэвших гэж байна? 

-Одоогоор эцэслэн гаргаагүй байна. Намын удирдлагаас УИХ, Засгийн газрын гишүүд тодорхой тойрогт сонгуульд оролцох ёстой гэсэн чиглэл өгсөн.

 

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН