Мүүн моодноос гарсан

2016 оны 2 сарын 29

ӨӨР ӨНЦӨГ

МҮҮН шашин уу, гаж урсгал уу. Эсвэл бүр бизнес үү?. Энэ талаарх судалгаатай, судалгаагүй янз бүрийн “тархи угаалт” сошиалаар хүчтэй өрнөж байна. Ялангуяа нийгмийн сүлжээнийнхэн МҮҮН- хоёр хуваагдаад “хэрэлдэж” эхэлсэн шинэ зүйл биш л дээ.   Угаасаа л том жижиг сэдэв болгоныг улстөржүүлж, хэрүүлийн алим болгож хувиргадаг гэм биш зан монголчууд бидэнд бий. Тэр утгаараа МҮҮН-ий аюулыг байгаагаас нь илүү “томруулж” монголчуудын тархийг угаах тусмаа энэ сэдвийг олны анхааралд оруулж, нэгэн ёсондоо эцэг МҮҮН-ий сурталчилгааг хийгээд эхлэв үү гэсэн хардлага ч  төрж байна. Зарим сөрөг сурталчилгаа бизнест эерэг боломж олгодог гэдэг шүү дээ.

МҮҮН-тай холбогдчихвий гэж монголчууд, ялангуяа улс төрийн хүрээнийхэн болгоомжилж байна. Сонгууль ойртож  хэлэх үү хэн “МҮҮН” болохыг хүсэх билээ дээ. Нөгөө талд хэн нэгнийн “МҮҮНЧИН” болгох сонирхол ч ид өрнөж байна.

Өөрийгөө Есүс Христийн үгийг дамжуулагч, үйлийг нь гүйцээгч хэмээн өргөмжилсэн “эцэг” Сан Мён Мүүн  1954 онд Эв нэгдлийн сүм (албан ёсны нэр нь Дэлхийн энхтайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо) гээчийг байгуулж, энэ нэрийг дор  гэр бүлийн бизнес эрхлэх болжээ.  Өөрөөр хэлбэл, өөрийнхөө ам фигурыг ашиглаад олон нийтийн тархийг угааж, чамгүй хөлжсөн “залилагч” этгээд.

Түүнээс Монголыг сүйрүүлэх дээрээ тулсан аюултай этгээд ч биш. Түүний үгэнд хууртаад төрсөн эцэг, эхээсээ татгалзсан тохиолдол Монголд л лав байхгүй, байлаа гэхэд гарын таван хуруунд багтахаар цөөхөн байлгүй.

Хэл шинжлэлийн доктор М.Саруул-Эрдэнэ энэ талаар нүүр номд тайлбарласан бөгөөд үүнийг хүргэвэл  “Зөв зүгээр хэрэглэгдэн байсан Монгол хэлээр оролдож үсэг хасан, үгэнд өөрчлөлт оруулснаар Монголын хойч үе эцэг эхтэйгээ ч ойлголцохгүйд хүрсэн. Монголоос өөр ямар улс орон эх хэлэндээ шинэчлэл хийснийг миний бие интернэтээс хайгаад олсонгүй. Үүнийг би өсвөр залуу үед хэл мохоож, соёл бөхөөх туршилт хийсэн гэж үзэж байна.”

Тайлбар:

Энэ бол манай бүлгэмд байнга гарч ирдэг сэдэв. Гарч ирэх бүрийд нь манайхан тайлбараа өгсөөр байгаа. Үсэг хасаагүй, дүрэм өөрчлөгдөөгүй, үгэнд өөрчлөлт ороогүй. Ъ, Ь, Щ, Й гэсэн дөрвөн үсгийг хасах нэг төсөл явж байсан нь үнэн. Гэвч нэгд энэ нь Мүүнтэй, Насанбаяр гэж хүнтэй огт холбоогүй, хоёрт, угаасаа ард олны эсэргүүцэл хэт их байсан учраас огт ажил хэрэг болоогүй, цаасан дээрээ л үлдсэн төсөл. “Үгэнд өөрчлөлт оруулсан” гэдгийн тухайд бол “чээж” гэж ганц тодорхой буруу шийдлийг эс тооцвоос өнөөх алдартай 700 хэмээгддэг 400 орчим үгийг журамласан нь бараг бүгдээрээ шахуу, аль 1983 онд Ц.Дамдинсүрэн гуайн журамласныг давтсан хэрэг. Тэгэхээр тэр бүрээс болж “Монголын хойч үе эцэг эхтэйгээ ч ойлголцохгүйд хүрсэн” гэдэг бол үндэслэлгүй байна. Дахин хэлэхэд ард олны хайртай Ишчээ тэргүүтэй дөрвөн үсэг хэвээрээ л байгаа шүү.

10-р зүйлд ингэж:
“Яахаараа Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиох болсон зэрэг асуудлуудын уг үндсээр нь шалгаж Монгол үндэстний эрх ашгийг хамгаалж өгнө үү.”

Тайлбар:

Энэ толийг миний бие бас мэдэх юм аа. ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын хэрэглээнд зориулсан Монгол хэлний толийг 2014 онд Улаанбаатар их сургуулийн Монгол судлалын тэнхимээс гаргасан юм. Толийн дотор хавтсанд Толийг эрхэлсэн Ё Бён Мү, Ерөнхий хянан найруулагч Ж.Санжаа, Толийг найруулсан С.Норжинлхам, Д.Нармандах гэж байгаа. Чухам толийг зохиосон, найруулсан улс нь манай МУБИС-аас төрсөн хэл шинжээчид.

Харин “Эрхэлсэн” гэдэг нь солонгосоор 발행인 англиар орчуулбал publisher гэдэг үгийг орчуулсан нь болов уу? Ер нь гадаад улсад эмхэтгэсэн байгууллага, publisher-ийг чухалд тооцдогийг баримтлан хамгийн дээр нь нэрээ бичсэн байх. Киногоор зүйрлэвэл киноны найруулагч, кино зохиол бичигч, жүжигчид маш чухал боловч тэдний өмнө ПРОДЮСЕР-ийг заавал тавьдагтай адил юм. Өөрөөр хэлбэл тэр солонгос хүн толь эмхэтгээгүй, зохиогоогүй, харин санаачилж, зохион байгуулж, хэвлүүлсэн хүн нь байгаа юм.

Тэгэхээр энэ бол чухам монгол хэлний монгол багш нарын хийсэн толь юм шүү. Муу ч толь биш. Яг л сурагчдад зориулсан, хэрэглээг голлосон толь бичиг. Бүтцийн хувьд монгол хэлний толь, тэгээд монгол хэлэнд орсон гадаад үгийн толь, хавсралт гэсэн хэсгүүдтэй. Хавсралтад Монгол үгийг зөв бичих дүрэм, монгол үгийн бүтэц, монгол үг бүтэх ёс, монгол үгсийн аймаг, монголчуудын бичиг үсэг, монгол хэлний нутгийн аялгууд, Монгол улсын аймаг, сумд, таван хошуу мал, төлийн нэр, монголчуудын есөн үеийн удмын нэршил, дэлхийн улс орнууд, түгээмэл хэрэглэдэг товчилсон үгс, монгол хэлний нутгийн аялгууны байршлын зураг багтсан, номзүй, эх татсан зохиолыг мөн дурдсан бүтээл буй” гэсэн байна. Тэгэхээр бид аливаа зүйлийнхээ утга учир, мөн чанарыг судлахгүйгээр хий хоосон хардлагаар, эргээд буруу ташаа “тархи угаалт” явуулбал энэ харин жинхэнээсээ аюул дагуулж магадгүй.

Өнөөдөр ч төмөр зам тавибал түүгээр цэрэг, танк ороод ирнэ гэж итгэдэг улстөрч байдаг, түүний үгэнд итгэчихсэн яваа хүмүүс цөөнгүй байгаа.  Чухам энэ тархи угаалт Монголын эдийн засагт ямархуу хохирол авчирч буйг тооцон гаргахад төвөгтэй.

Яг ийм өнцөгөөс харвал худлаа цуурхал болгоны цаана харин ч  илүү аюул, илүү хорлон сүйтгэл явагдаж байдаг шүү дээ. Мүүний урсгал Монголыг сүйрүүлээд эхэлсэн тухай сенсааци шинэ зүйл биш. Үе, үе эцэг МҮҮН болон энхтайван нэрийн доорх нүүрлэсэн аюул, заналхийллийн талаарх сенсааци дэгдэж л байдаг, тэглээ гээд Монгол МҮҮН-ийн урсгалд автаад байсан ч юм байхгүй.

Ерээд оны эхэнд МҮҮН-ийнхэн монголчуудын ядуу дорой, мэдээлэлгүй байдлыг ашиглан  бизнесээ эрхлэхэд төвөггүй байсан байх.  Хэн нэгний ядуу дорой,  боловсролын төвшинг ашиглан өөрсдийнхөө санаа бодлыг тулгахад амархан байсан ч биз.

Харин одоо бол цаг үе өөрчлөгдсөн. Монголчууд ч хэр баргийн зүйл итгэж хууртахаа ч больсон.  Хэн нэгний, аль нэг шашны сайн муу мэдээ мэдээллийг хаанаас ч авахад амархан болсон. Тиймээс хэрэв энэ сэдвийг  олны анхааралд хүргэе гэвэл илүү бодитой, илүү судалгаатай мэдээлэл өгөх хэрэгтэй.  Түүнээс МҮҮН-ий шашинд толгойгоо Монголоосоос урваад, Монголоо заналхийлээд байгаа хүн байхгүй л болов уу.

Тэгээд ч үнэндээ МҮҮН моодноос гарсан шүү дээ.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна