Сөүлд засгийн газрын эсрэг жагсаал болжээ

2016 оны 2 сарын 29

 

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо засгийн газрын эсрэг жагсаал болж, ерөнхийлөгч Пак Кын Хег огцрохыг шаарджээ. 14 мянга орчим хүн Сөүл хотын төв талбайд суулт хийж хөдөлмөрийн хуулийн өөрчлөлт болон хувь хүний эрх чөлөөг хязгаарлахыг эсэргүүцэн жагсчээ. Жагсагчид Өмнөд Солонгосын засгийн газар бизнест ээлтэй хөдөлмөрийн бодлого баримталж байгааг эсэргүүцэж байгаа аж. Түүнчлэн парламентад хэлэлцэж буй терроризмын эсрэг хуульд иргэдийн хувийн эрхэд халдсан заалт олон байгааг эсэргүүцэж байна.

 

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Кын Хег огцрохыг шаардсан жагсаал нэг бус удаа болж байгаа юм. Өмнө нь өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон засгийн газрын эсрэг жагсаалын үеэр цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарснаас 70 настай жагсагч команд орсон аж. Энэхүү жагсаалын үеэр 20 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Түүнчлэн хоёр жилийн өмнө 300 гаруй хүний амийг авсан “Севол” гатлага онгоцны осолд хохирогчдын ар гэрийнхэн Пак Кын Хе болон түүний засгийн газрыг буруутган жагсаж байв.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна