Нэгд гэвэл нэгдэхээс өөр аргагүй

2016 оны 2 сарын 29

Монгол Улсад улстөрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой маргааш тохионо. Ойн хүрээнд МАН, МАХН-ынхан хамтарч арга хэмжээ зохион байгуулаад зогсохгүй, нэгдэж тэмдэглэхээр болсон. Тиймээс өнөөдөр “Эх орончид ба Ардчилал” эрдэм шинжилгээний бага хурлыг  хамтран Төрийн ордны Сүхбаатар танхимд зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хуралд хоёр намын ахмад гишүүд илтгэл тавилаа.

“Эх орончид ба Ардчилал” эрдэм шинжилгээний бага хурлын талаар мөн хоёр намын эвсэх асуудал юу болж байгааг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас тодрууллаа.

-95 жилийн өмнөх энэ өдрийг эргэн дурсвал?

-Маргааш бол Эх орончдын өдөр. Монгол оронд улстөрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой тохиох юм. Данзангийн Зандан ширээний модоор Ардын Засгийн анхны Ерөнхий сайд Бодоо тамга сийлж Монгол Ардын нам гэж нэрийдсэн байдаг. Ийнхүү Монголд улстөрийн нам үүсэн байгуулагдсан түүхтэй. Энэ түүхэн баярыг угшил нэгтэй хоёр нам хамтран тэмдэглэх шийдвэр гарсан. Үүний дагуу хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад өнөөдөр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна. Маргааш ойн баярын арга хэмжээ үргэлжлээд явна.

-95 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаа энэ алхам нь хоёр намын эвсэх асуудалд түлхэц өгч байгаа юм биш үү?

-МАН сүүлийн 27-р их хурлаас хойш эдийн засаг хямарсан, улс орон хүнд хэцүү байдалд орсон энэ үед улстөрийн намуудын харилцан ойлголцол үндэсний зөвшилцөл бол юу юунаас чухал юм. Тэр ч утгаараа энэ байр сууриа баримталж 20 гаруй улстөрийн намын төлөөлөлтэй 12 удаа үндэсний зөвшилцөл хийж хэрэгжүүлж ирсэн. Ер нь монголд улс төрийн нам үүсгэн байгуулагдаж, Бүгд найрамдах ардчилсан үндсэн хуульт улс орон болох үндэс суурийг тавьсан энэхүү баяр монгол иргэн бүрийн баяр байх ёстой. Тэр утгаараа энэхүү баярыг хоёр нам хамтран тэмдэглэж байна. Хоёр намын эвсч сонгуульд оролцох эсэх асуудал олон нийтэд сонирхолтой байгаа нь үнэн. Энэ талаар улс төрийн нам үүсгэн байгуулагдсаны баярын дараа нухацтай авч хэлэлцэнэ.

-Нэгдэх, эвсэх асуудлаар ажлын хэсэг гаргана гэсэн мэдээлэл байсан. Үнэн үү?

-Яг одоогоор намууд өөр хоорондоо санал тавьсан асуудал байхгүй. Хоёр намын ахмадууд дээрх хүсэлт, өргөх бичгийг намын удирдлагуудад өгч байсан. Үнэхээр эдийн засаг хүнд болсон, улс орны тэр дундаа төрийн гацаа, эдийн засгийн байдал туйлдаа хүрсэн энэ цаг үед бол улс төрийн намууд өөрсдийн амин эрх ашгийг өмнөө тавихгүй байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын төлөө эвлээд, эвсээд, нэгдээд ажилла гэж ард түмэн, эх орон даалгаж байгаа бол улс төрийн намууд биелүүлэхээс өөр арга байхгүй. Учир нь эх орныхоо сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө намууд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ асуудлаар хэлэлцэж ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг удахгүй ярьж эхэлнэ.

-Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд хэр төлөвшсөн бэ?

-Ер нь улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн намын төлөвшлийг 15-20 жилээр хардаг. Зарим улсад 50 жилийн түүхийг бичсэн намын төлөвшсөн нам гэж үзэн хүний нөөц, бодлого, үйл ажиллагааны хувьд төлөвшжээ гэж үздэг юм билээ. Монголд төр засгийн гацаа хямрал үүсч, эмх замбараагүй байдалд байгаа энэ үед улс төрийн намын төлөвшил маш чухал байгаа нь үнэн. Ямар эрх ашгийг урьдаа тавих вэ гэдэг нь их чухал. Хувь улстөрчийн, намын, фракцийн эрх ашгаас алиныг нь өмнөө тавихаас их зүйл шалтгаална. Энэ хэмжээнд хүрч төлөвшихийг Өмнөдийн эрдэмтэн судлаачид 30-50 жил гэж хардаг. Монгол нөхцөлд 50-иас дээш жилийн түүх бичсэн хүчин бол МАН юм.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна