7,978 жолооч зөрчлийн оноогоо хасуулсан байна

2016 оны 2 сарын 29

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуульд заасны дагуу зөрчлийн оноо тооцдог болсонтой холбогдуулан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”–ыг  2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр баталсан. Уг журам энэ оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Замын Цагдаагийн газрын УСОНХХ-ийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Я.Соронзонболдоос зарим зүйлийг тодрууллаа.

-Одоогийн байдлаар хэдэн жолооч зөрчлийн оноогоо хасуулсан байна вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-2015 оны долдугаар сарын 8-нд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсан. Энэ хуульд жолооч зөрчлийн оноотой байх тухай заасан байдаг. Манай улсын хувьд энэ заалт нь нэлээд шинэ зүйл болсон. Жолоочийн зөрчлийн оноо тооцох журмыг өнгөрсөн оны наймдугаар сарын  28-нд Хууль зүйн сайд баталсан. Энэ журам өнгөрсөн оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих байсан боловч цаг хугацаа, техник технологи, программ хангамжийн хувьд төдийлөн бэлтгэгдээгүй байснаас болж 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж, жолоочийн зөрчлийн оноог тооцож эхэлсэн байгаа. Тэгэхээр хоёдугаар сарын 26-ны байдлаар 7,978 жолооч зөрчлийн оноогоо хасуулсан байна.
 
-Жолооч нар ихэвчлэн ямар тохиолдолд зөрчлийн оноогоо хасуулж байна вэ?

-Жолооч нар зөрчлийн оноогоо ихэвчлэн гурван тохиолдолд хасуулж байгаа. Нэгдүгээрт, тухайн жолооч өөрөө хамгаалах бүсээ зүүгээгүй эсвэл  зорчигчийнхоо хамгаалах бүсийг зүүлгээгүйгээс болж оноогоо хасуулсан тохиолдол их бүртгэгдсэн.

Хоёрдугаарт, гэрлэн дохио болон цагдаагийн хориглосон дохиог зөрчсөнөөс болж оноогоо их хасуулж байна. Гуравдугаарт, орон нутгийн замд явахдаа хүн ба ачаа тээвэрлэх журмыг зөрчиж байгаа. Эдгээр зөрчилд 1-3 оноо тооцож хасагдсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш жолооч нарын гаргадаг зөрчил тодорхой хэмжээгээр буурч эхэлсэн. 

-“Зам тээврийн осол гаргасан тохиолдолд тухайн ослыг гаргасан хоёр жолоочоос хоёулангаас нь таван оноо хасаад байна. Би буруугүй байхад оноо хасах гээд байна” гэсэн гомдол иргэдийн дунд байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Үгүй. Энэ ойлголт буруу. 1111 төвд ирүүлж байгаа гомдлууд ч гэсэн энэ тухай байгаа. Иргэд мэдээлэл дутмаг байгаагаас болж буруу ойлголттой байна. Энэ журамд жолооч зам тээврийн осолд холбогдоход тухайн жолоочийн буруутай гэдэг нь холбогдох газар, албан тушаалтны шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд л оноо хасна гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, буруутай жолоочоос л оноо хасна гэсэн үг. Мөн жолооч нар ямар тохиолдолд таван оноо хасах юм бэ гэж асуудаг. Зам тээврийн осол гаргасан, буруутай тохиолдолд таван оноо хасна. Гэхдээ таван оноог хасахдаа зөвхөн цагдаагийн байгууллага очиж шалгасан тохиолдолд л хасах ёстой. 

-Жолооч нар хоорондоо тохиролцсон байхад даатгалын компаниуд заавал цагдаагийн газрын тодорхойлолт авчир гэдэг. Ер нь энэ тохиолдолд яах ёстой юм бэ. Заавал цагдаагийн газрын тодорхойлолт хэрэгтэй юу?

-Ер нь дэлхийн улс орны жишгээс харахад тухайн осолд холбогдсон жолооч нар шууд даатгалаараа хохирлоо шийдвэрлүүлдэг. Эд материалын хохиролтой осол дээр цагдаа очихгүй даатгалын ажилчид очдог. Зөвхөн даатгалаараа зохицуулдаг. Харин манай улсад даатгалын газрууд заавал цагдаагийн газрын  тодорхойлолт шаарддаг.

Тэгэхээр цагдаа зүгээр өрөөндөө сууж байгаад “За хэн нэгэн нь буруутай гэсэн тодорхойлолт хийгээд өгье” гэж болохгүй. Тийм учраас ослын газарт заавал цагдаа очиж үзлэг, хэмжилт хийж байж хэн нь буруутайг тогтооно шүү дээ. Ер нь цагдаа очсон тохиолдолд л таван оноо хасна. Хоёр жолооч хэн хэнийхээ бурууг мэдсэн, хүн бэртэж гэмтээгүй тохиолдолд шууд даатгалаа дуудаад зохицуулах боломжтой.

-Манай улсад үүнийг зохицуулах тогтоол, журам байдаг уу?

-Бий. Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны нэгдүгээр сарын 21-ний 47 тоот тогтоол гэж байдаг. Уг тогтоолоор албан журмын даатгагчдын холбооны шуурхай алба ажиллах журмыг баталсан.

Энэ журамд даатгалын тохиолдол болбол, өөрөөр хэлбэл хоёр машин мөргөлдөхөд зөвхөн эд хөрөнгийн хохиролтой байвал шууд даатгалын ажилтан очиж, хэргийн газарт хэмжилт хийнэ гэж зохицуулсан байдаг. 

-Ямар тохиолдолд цагдаа дуудах ёстой юм бэ?

-Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж агуулсан буюу хүн бэртэж, гэмтэж, нас барсан тохиолдолд цагдаа дуудах ёстой. Мөн хоёр жолооч хоорондоо маргаантай, зохицож чадахгүй байгаа тохиолдолд дуудна. Зам тээврийн осолд холбогдсон жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байвал цагдаа дуудах шаардлагатай. Түүнчлэн насанд хүрээгүй хүн тухайн машиныг жолоодсон эсвэл бичиг баримтгүй жолооч байсан зэрэг тохиолдолд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар зохицуулсан байдаг.

Бусад тохиолдолд даатгалын газраараа дамжуулан зохицоод явах боломжтой. Энэ асуудалтай холбогдуулан албан журмын даатгагчдын холбоо, даатгалын газруудтай хамтран ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Удахгүй энэ асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр иргэд заавал цагдаагаас тодорхойлолт авах шаардлагагүй болно. Хэрвээ цагдаа тухайн осол болсон газарт очсон тохиолдолд хууль журамдаа заасан учраас буруутай жолоочоос оноо хасахаас өөр аргагүй.

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна