Шүүх байгуулахдаа дөрвөн хувилбараас сонгоно

2016 оны 2 сарын 29

Үндсэн хуулийн цэцээс өнгөрсөн сард Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг түдгэлзүүлсэн. Тухайлбал,  2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх нь төрийн үйлчилгээг иргэдэд ойр хүргэх үндсэн зарчмыг зөрчсөн хэмээн үзсэн билээ. Улмаар энэ агуулгыг Шүүх байгуулах тухай хуулиас  түдгэлзүүлэн, аймаг, дүүрэг бүрд нэмж шүүх байгуулахаар болсон. Ингэхдээ эхний ээлжид ШЕЗ-өөс Шүүх байгуулах тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлсний дүнд УИХ-д өргөн барих юм.

Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх нэмж байгуулах дөрвөн хувилбарыг боловсруулснаа дуулгав. “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу зохион байгуулна. Гэхдээ зарим хүндрэлтэй асуудлыг харгалзан, хэд хэдэн хувилбараас сонгож шүүх байгуулах асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн үзсэн байна.

Хувилбар 1. Эхлээд давж заалдах шатны шүүхийг аймаг бүрд байгуулна. Гэхдээ энэ хувилбар нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Учир нь 2016 оны улсын төсөвт санхүүжилт нь суугаагүй юм байна.

Хувилбар 2. Давж заалдах шатны шүүхийг аймаг бүрд байгуулна. Гэхдээ аймаг бүрд шүүгчид тогтмол ажиллахгүй. Шүүгчид аймаг хооронд явж ажиллана.

Хувилбар 3. Шүүх байгуулах ажлыг анхны хувилбараар хийх. Гэхдээ энэ хувилбарыг иргэд, шүүгчдийн зүгээс “Шүүхийн шинэтгэлээс ухарсан” хэмээн төдийлөн дэмжихгүй байгаа аж.

Хувилбар 4. Шүүх тус бүр танхимтай байх. Энэ нь эргээд аймаг бүрд давж заалдах шатны шүүхтэй байх гэсэнтэй адил болох төлөвтэй байгаа талаар хэллээ.

Эдгээр хувилбарыг иргэд, албаны хүмүүсийн дунд тодорхой хэлэлцүүлэг явуулсны дүнд УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ. Хэлэлцэх гол асуудал нь Давж заалдах шатны шүүхийг аймаг бүрд байгуулахдаа ямар зарчмаар ажиллуулах вэ гэдэг дээр анхаарах аж. Учир нь нийслэл, орон нутгийн давж заалдах шатны шүүхийн ачаалал харилцан адилгүй юм байна. Жишээ нь өнгөрсөн онд нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн нэг шүүгчид 65 хэрэг, орон нутагт 31 хэрэг оногджээ. Мөн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нийслэлд 65 хэрэг, харин орон нутагт 31 хэрэг оногддог байна.

Үүнээс үзэхэд Давж заалдах шатны шүүхийг орон нутагт байгуулах нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй гэж тайлбарлалаа. Тиймээс шүүх байгуулахдаа цэцийн шийдвэрийг харгалзахын зэрэгцээ шүүхийн үйл ажиллагааг сайжруулах, эдийн засгийн боломжийн талаас нь давхар харах хэрэгтэй гэдгийг онцоллоо. 

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна